Хахир өвлийн хүйтэнд цасан шуурга лавсан газар дэлхийг хучлаа. Эрэлхэг бүргэд цав цагаан цаст талын дээгүүр эргэцэн, идэш олдох болов уу гэж хоёр нүдээ ширгэтэл газэр дэлхийг цоортол ширтэн ниснэ. Догшин бүргэд газар сайгүй эргэцэн ниссэн боловч түүний хараанд хөвөө хязгааргүй цаснаас өөр торох юм байсангүй.
Агаар тэнгэр цаашлах тусмаа хүйтэрч нэхий дээл мэт зузаан өд сөд нь нимгэдэж байх шиг, өдөржин ниссэн боловч олзгүйтэж, дээр нь түшиггүйтсэндээ ганцаардан горь тасарч урт гэгч нэг янцгаагаад, өндөр хадны орой дээр ирж буулаа.
Энэ бүргэд урьд өдөр нь нисэн гарахад түүнийг үдэн үүрээ сахиж хоцорсон эмэгчин бүргэд даарч хөлдмөөр янзтай хоёр нялх зулзгаа халуун өрцөндөө наан дулаацуулсаар үлдсэн юм. Тэд хаврын дулаан цаг иртэл хүлцэж дийлэхгүй бололтой. Хол ниссэн нөхөр нь хоёр үрдээ идэх юм олоод ирэх ч болов уу? Ингэвэл өл залгаж хавар хүртэл тэсч ч магад гэж эх бүргэд бодно. Хоёр зулзага нь дааран дагжиж, нэг нь арай сонсогдом дуу гарна, харин нөгөө нь дуу чимээ ч үгүй болжээ.
Эх бүргэдийн дэргэд нэгэн туулайн сэг хэвтнэ, арван өдрийн өмнө их цас уулсыг хучихаас өмнө эрэгчин нь барьж авчирсан юм, бүргэдийн нэг гэр бүлийг арваад өдөр өл залгасан ангийн идэшнээс одоо хэлхээ яс л үлджээ. Өнөөдөр өвлийн богинохон өдөр хир нь удаанаас удаан өнгөрч байлаа, эрэгчин нь одоод өнөө хир харьж ирсэнгүй. Эх бүргэдийн дулаахан жигүүр дор байх хоёр зулзаганы нэг нь аажмаар хөрч байх шиг санагдав. Харж байсаар хоёр энхэр үрээ ар араас нь алдчих билүү гэж эх бүргэд зовон гаслана. Гэнэт тэр ингэхийн оронд......гэж бодонгуут, хурц гэгч хумсаараа өөрийн цээжээ тас ярахад өд нолуур нь салхинд үлээгдэн бутран хийсэв. Тэр доор дуугаар үхлийн даваан дээр үлдсэн нөгөө үрдээ, надыг идээч гэв. Цас улам лавсан орсоор байлаа....
Холыг бараалан удтал суусан эр бүргэд далавч дээр нь хучсан цасыг шилгээн унагаад, урт гэгч дахин нэг янцгааж аваад жигүүрээ дэлгэн харайн дүүлж үүлсийн дотор шурган одлоо. Газар дэлхийг ширтэн харахуй мөн л цав цагаан харагдлаа. Гэнэт нэгэн боровтор юм түүний харцанд бүрэлзэн тодров. Тэр орчим доошилж нарийвчлан ажиглав. Мөн л нэг бор туулай байв.
Эр бүргэд түүнийг чиглэн сумдан буулаа. Тэр агшинд бор туулай хөөрхий хоргодон нуугдаж, дутааж зайлсангүй, харин сууж байсан цасанд булагдсан газартаа салалгүй хярсан байлаа.
Бүргэд шувуу харцаа шилжүүлсэнгүй салхи татуулан бууж бор туулайг базлан алж, дээшээ харийн гарах агшинд нүдэнд нь харагдсан тэр дүр зүрхийг нв зурах шиг шаналган өвтгөжээ. Бор туулайн өрцөн дор мөс шиг хөлдсөн дөрвөн жижиг борхон бүжин байжээ.........
Хайр гэгч агуу их юм. Тэр мөртөө хэрцгий юм.
|