Хятадын Шинжлэх ухааны академи тун саяхан Хятадын эрчим хүчний хөгжлийн тухай судалгааны тайлан нийтэлж, холын бодолтой байж, 30-50 жилийн хугацаанд эрчим хүчний хөгжил болон бүтцийн өөрчлөлтийн стратегийн зорилтыг тодорхойлж, эрчим хүчний хөгжлийн тогтвортой систем байгуулахыг Хятадын Засгийн газарт санал болгов.
"Өрсөлдөөнд нүүрлэх — эрчим хүчний тогтвортой систем байгуулах нь" гарчигтай энэ судалгааны тайланг Хятадын Шинжлэх ухааны академи гаргасан юм. Хятадын эрчим хүч, байгаль орчин, цаг агаар, шинжлэх ухаан техникийн бодлогын салбарын олон мэргэжилтэн энэ ажилд оролцсон юм байна. 22-ны өдөр болсон холбогдох чуулга уулзалт дээр, Хятадын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Лү Юншян хэлэхдээ, Хятад улс өнгөрсөн зууны 70-аад оны эцсээр өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, эдийн засаг нь жил тутамд 9 хувиар өсөн нэмэгдэж байгаа хэдий ч эх баялаг, эрчим хүч, байгаль орчны олон талын хүндрэл учирсаар байна гэжээ. Хятад улс 2050 онд дунд зэргийн хөгжсөн орны төвшинд хүрэх зорилтоо биелүүлэхэд эдийн засгийн тогтвортой түргэн өсөлтийг батлахын зэрэгцээ эрчим хүч хэмнэж, хүлэмжийн хийг багасгах хэрэгтэй гэж тэрээр хэлсэн байна. Ттэрээр цааш нь: Юуны өмнө манай орны эрчим хүчний хөгжлийн стратегийн зорилтыг тодорхойлох хэрэгтэй. Нефть химийн эрчим хүчний зарцуулалтын нийт хэмжээг 2005 оныхоос 50 хувиас илүү нэмэгдүүлэхгүй байх, GDP-гийн нэгжийн эрчим хүчний зарцуулалтыг тухайн үеийн хөгжсөн орны дунд зэргийн төвшинд хүргэх, манай орны эрчим хүчний бүтцийг нөхөн сэргээгдэх эрчим хүч болон цөмийн эрчим хүчийн эзлэх хэмжээг ихээхэн нэмэгдүүлэх чиглэлээр зохицуулалт хийх. Тухайлбал усны эрчим хүчний бус нөхөн сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нөхөн сэргэгдэхгүй эрчим хүчний 25 хувьд хүргэж, усан болон цөмийн цахилгааныг цахилгаан гаргах нийт хэмжээний 20 гаруй хувьд хүргэж чадвал сайн байна" гэжээ.
Сүүлийн жилүүдэд, Хятадын Шинжлэх ухааны академи нь Хятадын эрчим хүчний асуудлаар стратегийн судалгаа хийсээр ирсэн бөгөөд эрчим хүчний бүтцийн өөрчлөлтийн талаар Хятадын эрчим хүчний тогтвортой хөгжлийн систем байгуулах тухай гүнзгий судалсан байна. 21-р зууны эхний хагаст, Хятадын эрчим хүчний тогтвортой хөгжлийн системийг боловсронгуй болгох гэвэл таван талын ажлыг сайтар хийх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал нүүрсийг цэвэршүүлэн ашиглах техникийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, нефть болон байгалийн хийн ханглагыг батлах, усан болон цөмийн цахилгааныг гүйцэд хөгжүүлэх, усны эрчим хүчний бус нөхөн сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр хөгжүүлэх, хойшдын шинэ хэлбэрийн эрчим хүчний судалгааг хүчтэй дэмжих зэрэг багтаж байна. Хятадын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Лү Юншян энэ тухай хэлэхдээ, энэ зууны эхний хагаст бид дээрх 5 талын хөгжлийг нэгтгэн төлөвлөж, 2050 оноос өмнө Хятадын эрчим хүчний ханглага болон ашиглалтыг нэн хэмнэлтэй, нэн аюулгүй, нэн найдвартай, нэн цэвэр болгон, хойшдын эрчим хүчний тогтвортой хөгжлийн систем байгуулахад бат бэх үндэс тавих хэрэгтэй гэжээ.
Эрчим хүчний асуудал нь бүх хүн төрөлхтөнд нүүрлэж байгаа хамтын сорилт болно, эрчим хүчний асуудал болон цаг уурын өөрчлөлтийн асуудлыг зохицуулахад дэлхийн эх баялаг тэрчлэн бүх хүн төрөлхтний оюун ухааныг нэгтгэж, эдгээр асуудлыг зохицуулахыг бүх хүн төрөлхтний хамтын ажил үйлс болгох хэрэгтэй гэж Хятадын Шинжлэх ухааны академийн нийтэлсэн эрчим хүчний асуудлын тухай энэ судалгааны тайланд тэмдэглэсэн байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|