1973 онд Хөх нуурын Датун сянаас олдсон 5000 жилийн өмнөх үеийн вааран дээрх бүжиглэж буй хүний зураг нь хятадын бүжиг өнө эртний түүхтэйг илтгэж байна. Сун болон Юань гүрний үед хятадын театр ихэд хөгжин дэлгэрч, бүжиг нь үндэсний хөгжимт жүжгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болжээ. 20-30-аад оны үеэс өрнөдийн орчин үеийн дуу бүжиг Хятадад нэвтэрч эхэлсэн. БНХАУ байгуулагдсаны дараа хятадын Засгийн газар бүжгийн урлаг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавих болжээ. 50-иад оноос дуу бүжгийн чуулгууд үүсч Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг хотуудад мэргэжлийн сургуулиуд байгуулагдав. У Сяобан, Дөй Айлянь зэрэг нэрт бүжигчдийн удирдлагаар хятадын шинэ үеийн бүжигчид төрөн гарч, Шу Цяо, Жао Цин, Жан Зюнь, Зы Хуазюнь, Бай Шусян, Айтула нарын шилдэг бүжигчид өөрийн орондоо төдийгүй гадаадад нэр алдраа дуурсгах болжээ.
Хятадын олон үндэстнүүд бүгд өөр өөрийн дуу бүжгийн уламжлалтай. Статистикийн судалгаанаас үзэхэд нийт улсын хэмжээгээр 1000 орчим төрлийн бүжиг байгаагаас хамгийн түгээмэл нь хань үндэстний олон хүнийг хамран хийдэг "Лууны бүжиг", "Арслангийн бүжиг", "Дэнлүүт бүжиг", монгол үндэстний "Аягат бүжиг", "Алчуурт бүжиг", түвд үндэстний "Шанзат бүжиг", дай үндэстний "Тогосны бүжиг", мяо үндэстний "Хулсан бишгүүрт бүжиг", жуан үндэстний "Дамнуурган бүжиг" зэрэг бүжиг юм.
Бүжгэн жүжиг
Бүжгэн жүжиг бол хятадын урлагийн шинэхэн төрөл юм. Хувьсгалын дараахан хятадын бүжиг, үндэсний хөгжимт жүжгийн уламжлал дээр үндэслэн "Дун гуо багш", "Шидэт өвсний хэрэг" зэрэг хэд хэдэн бүжгэн жүжиг найруулан тавьсан. 1954 онд анхны бүжгэн жүжгийн хамтлаг байгуулагдан улмаар орчин үеийн дуурь, бүжгэн жүжгийн театр болсон нь бие даасан үндэсний бүжгэн жүжгийн театрын үндэс суурь болжээ. 80-аад онд бүжгэн жүжиг ихэд хөгжин 100 гаруй жүжиг тавигдсаны дотор "Торгон зам", "Өэн юе", "Ашима", "Сүнжидмаа" гэх мэт нэрд гарсан жүжгүүд бий.
Балетын урлаг
50-60-аад онд Хятадад Орос улс, Европоор дамжин балетын урлаг дэлгэрч хөгжсөн түүхтэй. Сүүлийн үед барууны урсгал давамгайлсан балетын урлагийн төрөл давамгай хөгжиж байна. 1979 оноос хойш хятадын балетмейстерүүд дэлхийн сонгодог балетын нөлөөн дор үндэсний балетыг найруулан тавьж эхэлсэн. Лу Синь, Ба Зинь, Гуо Моруо, Цао Юй харын бүтээлээр "Аз жаргалын ерөөл", "Гэр бүл", "Аянгат бороо" зэрэг хятад өнгө аястай балетууд гарчээ. 1954 онд байгуулагдсан Бээжингийн бүжгийн дунд сургуулийг түшиглэн 1979 онд Бээжингийн бүжгийн академи байгуулсан нь хятадын мэрэгжлийн бүжигчдийн залуу халааг бэлтгэж, судалгаа явуулдаг гол төв болсон юм.
|