• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-29 17:05:49    
Баруун Үзэмчин

Хятадын Олон Улсын Радио

      Баруун Үзэмчин хошуу Өвөрмонголын төв хэсэгт орших Шилийнгол аймгийн зүүн талд уудам өндөрлөг нутгийг эзлэн оршдог. Зүүн талаараа Хуулингол хоттой, өмнө талаараа Улаанхадтай, баруун талаараа Шилийн хоттой, хойд талаараа Хятад Монголын хил дэхь Хадавч боомттой хиллэнэ. Мөн Шилийн хотын онгоцны буудлаас 166 км, Жинин Тунляо чиглэлийн төмөр замын Линьши вокзалаас 130 км-н зайтай. Шилийн хот, Улаанхад чиглэлийн мужийн зэрэглэлийн авто зам баруун үзэмчин хошууны төвөөр дайран өнгөрдөг болохоор Хөххот, Бээжин, Мүгдэн томоохон хотуудад нэвтрэх гол зам дагуу оршдог билээ.

     "Үзэмчин" гэдэг нь үзмийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийг хэлдэг. Түүхнээ тэмдэглэснээр, 13 дугаар зууны үеэр Үзэмчин аймаг нь Шиньжяны хойд хэсгийн Монгол Улстай хиллэдэг Алтайн нурууны үзэмэн уул хавиар аж төрж байгаад 17 дугаар зууны үеэр одоогийн энэ нутагт нүүн ирж суурьшжээ. 1641 онд аймгийн тэргүүн Дорж "үзэмчин" нэрийг сэргээн хошуугаа нэрлэсэн байна. 1949 онд энд Зүүн, Баруун гарын үзэмчин хоёр хошуу зүүн гарын Хуучид хошуутай нийлүүлээд "Зүүн холбоот хошуу"-г байгуулж, 1956 онд Баруун Үзэмчин хошуу гэж өөрчлөн нэрлэснээр өнөөг хүрчээ.

     Нутаг дэвсгэр 23 мянган ам.км. Нийтдээ 73 мянган хүн амтайгаас, 68.8 хувийг монгол үндэстэн эзэлдэг. Эрхэлдэг гол аж ахуй нь мал аж ахуй. Нүүрс, зэс, мөнгө, төмөр, хар тугалга, цайр, гантиг, хайлуур жонш зэрэг байгалийн баялагтай. Засаг захиргааны хувьд Баруун үзэмчин хошуу нь 12 сум, 3 суурин, 1 сангийн аж ахуйгаас бүрдэнэ. Баян-Уул суурин бол хошууныхаа улс төр, эдийн засаг, соёл, зам харилцаа, холбоо, мэдээллийн төв нь юм.

     Баруун үзэмчний хөдөө нутаг нь тал нутгийн нүүдэлчин үндэстний өлгий нутаг бөгөөд үндэсний соёл уламжлал, уртын дуу, үзэмчин ардын хувцас чимэглэл, уламжлалт бөх зэрэг уламжлалт соёл ахуйгаа өнөө хир хадгалан хамгаалсаар ирсэн билээ.