Мапу буюу MCTV арилжааны сувгаар амралтын өдрийн оргил цагуудаар "Надтай хэн илүү адилхан бэ" нэртэй шинэ шоу хөтөлбөр гарч эхэлсэн юм. Үзэгчид нь галд тос нэмэхтэй адил гэрлийн хурдаар үржиж шоу эхлэхтэй зэрэг хотынхон бараг бүгдээрээ зурагтынхаа өмнө суудаг боллоо. MCTV-н нэр хүнд ч суга өсч реклам нийлүүлэгчид нэвтрүүлгийг тойрон багшралдаад ирэв.
Шоуг анх олны танил, хотын нөлөө бүхий хүмүүсийн нэг Гу Пин санаачилсан юм. Тэр 20 настай байхдаа үндэсний хэмжээний дуулаачдын тэмцээний тэргүүн байранд шалгаран олонд танигдаж удалгүй од болсон түүхтэй нэгэн. Харин сүүлд нь дуучны ажлаасаа телевизд урван телевизийн нэртэй хөтлөгч болсон билээ. Фэнүүд нь түүний нэвтрүүлгийг эхлэв үү, үгүй юу л зурагтынхаа өмнө шавчихна. Үүнийг нь өдөр бүхэн Гу Пин-д хаяглан ирүүлдэг шуудай дүүрэн захидал, ил захидлууд түвэггүй гэрчилнэ. Захидал бүрийг Гу Пин өөрөө уншина гэвэл лав хэзээ ч дуусашгүй ажил болно доо.
"Надтай хэн илүү адилхан бэ" шоунд хүн бүр оролцох боломжтой. Өөрийгөө аль нэг нэртэй одтой адилхан гэж үзсэн хэн боловч MCTV дээр очоод бүртгүүлчихэд л болох нь тэр. Нэвтрүүлгийн багийнхан тэднийг дахин шигшээд зургийг нь үзэгчдэд танилцуулж танхимын үзэгчдийн нээлттэй оноогоор оролцогчдоос ододтой хамгийн адилханыг нь шалгаруулах дараалалтай. Үзэгчдээс хамгийн өндөр оноо авсан оролцогч шалгарч нэвтрүүлгийн ивээн тэтгэгчдийн шагналыг хүртдэг. Нэвтрүүлэгт оролцохоор өдөрт дор хаяад 10 хүн бүртгүүлнэ. "Надтай хэн илүү адилхан бэ" нэвтрүүлгийг үзэх, үйл явцынх нь талаар хэлэлцэх нь хотынхны дунд моод болжээ. Хүмүүсийг хамгийн ихээр хөгжөөж, гайхлыг нь төрүүлж байсан зүйл гэвэл нэвтрүүлгийн зарим оролцогчид дуурайж буй одтойгоо бүр дэндүү, бараг өөрөөс нь илүү гэмээр адилхан байсан явдал.
Нэвтрүүлгийн 5 дахь дугаарт Энди Лау-тай адилхан 3 хүн оролцсон бол дараагийн дугаараар нь Чаки Чан-тай адилхан дөрвөн хүн оролцов. Тэднээс орон нутгийн цагдаагийн газар ажилладаг нэгэн офицер үзэгчдээс 100 хувийн санал авч "Чаки Чантай өөрөөс нь ч илүү адилхан" оролцогчоор шалгарсан юм. Харин нэвтрүүлгийн 7 дохь цувралаар "жижигхэн хараацайнууд" буюу Зао Вэй-н 6 ижил дүртэн оролцож, тайзнаа ар араасаа цувран гарч ирэхэд үзэгчид "Браво" хэмээн алга ташин угтацгаав.
Өнөөдөр нэвтрүүлгийн 8 дахь цуврал эхэлж байна. Хөтлөгч нь Гу Пин. Тэрээр хөнгөн хөгжмийн аянд зөөлөн алхсаар тайзнаа гарч ирээд "Сайн байцгаана уу, найзуудаа. "Надтай хэн илүү адилхан бэ" нэвтрүүлгийн шинэ дугаарт тавтай морилно уу" гэснээ цааш нь "Надтай хэн илүү адилхан бэ" хэмээн сунжруулан хэлж арагш харахад хөшигний араас өөртэй нь яг адилхан бас нэгэн Гу Пин зөөлөн алхалсаар ойртож ирлээ. Өмссөн хувцас, өндөр нам, сахал гээд бүх юм нь ив ижилхэн. Дуран түүн дээр ойртон тусахад үзэгчид гайхсандаа дуу алдацгааж байлаа. Баруун гар талд нь зогсоо жинхэнэ Гу Пин "Сайн хараарай хүмүүсээ, энэ хүн Гу Пин-тэй адилхан байна уу" гэхэд үзэгчид "тиймээ" хэмээн нэгэн дуугаар хариулцгаав. "За тэгвэл энэ хүнээс хэдэн зүйл асууя" хэмээн Гу Пин инээмсэглээд нэвтрүүлгийн журам ёсоор асуултаа эхэллээ.
-Нэр хэн билээ?
-Гу Пин
-Бүр нэр чинь хүртэл адилхан гэжүү хэмээн Гү Пин дуу алдаад –Ажил хаана вэ хэмээн нэмж асуухад:
- MCTV-д хөтлөгч гэж хоёр дахь Гү Пин ажиг ч үгүй хариуллаа. Танхимд суусан үзэгчид хоёр Гу Пин-ий хэнийх нь хоолой илүү Гу Пинийх сонсдож байгааг ялгахад ч амаргүй байв. Гайхаж хөөрсөн үзэгчид танхим дүүрэн шуугилдах аж. Энэ удаагийн дугаар өнгөрсөн дугааруудаас ч илүү амжилттай болжээ. Гү Пин болж оролцсон залуу 120 оноотойгоор бүх оролцогчдыг манлайлж, "Гу Пинтэй өөрөөс нь ч илүү адилхан" цол хүртэв.
Үзэгчдийн хөөр баяр, алга ташилтыг харуулсан хэсэг нэвтрүүлгийн 80%-г эзэлж, нэвтрүүлгийн туршид гаднаас 1999 утасны дуудлага хүлээн авч, MCTV-н нэр хүнд жинхэнэ оргилдоо хүрчээ.
Орой нь Гу Пин-ийг гэртээ ирэхэд нутгаас хамаатнууд нь утасдаж эцгийнх нь бие муудаж эмнэлэгт хүргэгдсэнийг дуулгав. Гу Пин өглөө хамгийн эхний унаанд суун нутгаа зорьжээ. Өвчтэй аавынхаа орны дэргэд сууж байхдаа Гу Пин арагшаа нэвтрүүлэгтээ зовж байлаа. Туслах нь нэвтрүүлгийн зохиолыг бэлэн болгомогц лхагва гаригийн орой бичлэг хийгдэх учиртай юм. Гэтэл аавынх нь бие төдий л дээрдэж өгөхгүй байсан болохоор Гу Пин дахин хэдэн өдөр саатахаар болж ажил руугаа утасдан нэвтрүүлгийн бичлэгийг пүрэв гаригт болгон өөрчлүүлэх хэрэг гарчээ.
Гайхалтай нь туслах Шиао Фан түүний хүсэлтийг гүйцэд сонссон ч үгүй утсаа тасалчихав. Дахин хичнээн залгасан ч утас нь байнга ачаалалтай байж таарчээ. Ашгүй оройдоо аавынх нь бие овоо дээрдэж Гу Пин лхага гаригийн оройн бичлэгийн өмнөхөн амжиж иржээ. MCTV-н үүдээр оронгуут цаг тулсан болохоор шууд бичлэгийн танхимыг чиглэн алхав. "Сайн байцгаана уу, найз нар аа. Би Гу Пин" хэмээн камерын өмнө Гу Пин инээмсэглэн зогсож байна. Өөртэй нь хэтэрхий адилхан тоглож байгаа тэр эрийг хараад Гу Пин бүр алмайрч орхив. Хэсэг гайхаж зогссоноо учрыг олохоор ухасхийхэд нь бүргэд нүдэт Шиао Фан түүнийг зогсоож "Хөөе чи яах гэсийн! Бид бэлтгэл хийж байгааг харахгүй байна уу!" гэв. "Би Гу Пин байна" хэмээн зовонгуй бувтнахад нь Шиао Фан "Чи Гу Пин-тэй адилхан гэж үү? Тийм байна. Чи Гу Пин-тэй адилхан юм. Гэвч чи бүртгэлээс хоцорсон байна. Эртхэн бүртгүүлэх байж дээ" гэснээ "Энэ нэвтрүүлэгт 2 оролцогч шалгарсан байгаа. Чи дараагийн нэвтрүүлэгт шалгуулж болно шдээ" хэмээн нэмж хэллээ.
"Уг нь би л дээ, би.. " хэмээн Гу Пин тун зовонгуй бувтнана. Энэ үед Гу Пин болсон нөгөө эр цаадах хоёр луугаа дохин "найз нараа, энэ хоёр Гу Пин-тэй адилхан харагдаж байна уу" хэмээн асууж байлаа. Үнэхээр ч адилхан хоёр эр алхан ирж яваа харагдана. Гу Пин бүр яахаа ч мэдэхгүй болжээ. "Бурхан минь, надтай надаас ч илүү адилхан ямар олон хүн энд цуглаа вэ. Би бүр дуугарч ч чадахгүй нь" хэмээн алмайран бодож зогслоо.
|