Хоол бол хятадын соёл сэтгэлгээний онцгой хэсэг. Хоолоо идсэн үү гэж танаас хүн асуувал юу юу идсэнээ яаран тайлбарлах хэрэггүй ээ, хятад заншлаар танаас мэнд мэдэж байна л гэж ойлгоорой. Энэ мэндчилгээ хятадын хоол ундны соёлын байр суурийг бас тодорхойлж байх шиг.
Дорно дахины хоол ундны сонгодог хэв маягт тооцогддог хятад үндэстний идээ, ундаа амт чанар, өнгө үнэрээрээ дэлхийд алдартай. Бас Хятад орон өргөн уудам болохоор хоол нь ч дотроо олон янз.
Хятад хоолны үндсэн хэрэглэгдэхүүн нь будаа гурил. Өмнө зүгт будаа, тутрагыг, умард нутгийнхан гурил илүүтэй хэрэглэнэ. Жишээ нь хятадын умард мужийнхан мантуу, бууз, банш, боов, боорцог их иддэг. Дээр нь төрөл бүрийн ногоо болон гахай, загас, тахиа, галуу, үхэр, нугас, хонины махыг дагалт болгон хэрэглэнэ.
Ер нь хятад хоолыг амт маягаар нь дөрвөн том хэсэгт хуваадаг. 1-рт, Хатан голын доод сав дагуух Шаньдун хоол, 2-рт, Хөх мөрний дээд урсгал дагуух Сычуань хоол, 3-рт, Хөх мөрний дунд урсгалаас далайн эрэг хүртэлх Зянсу болон Жэзян хоол, 4-рт, өмнөд далай орчмын Гуандун хоол гэж ангилна. Энэ 4 төрлийн хоол цаашлаад Шаньдун, Хунань, Сычуань, Фузянь, Гуандун, Зянсу, Жэзян, Аньхуй нутгийн хоол гээд 8 бүлэгт хуваагдана. Цаашаа ч бас хуваагдах юм билээ. Ер нь бүх улсын хэмжээгээр 5000 гаруй нэр төрлийн хоол байдаг гэнэ.
Тайшань хэмээх алдарт гүн нуураас гаралтай Хунлинь \улаан хайрст\ загасыг амьдаар нь алтлаг шаргал өнгөтэй болтол нь шарж бэлтгэсэн хоол бол Шаньдун нутгийн алдарт хоол болно. Шаньдун хоолыг харьцангуй исгэлэн чанартай гэдэг. Мөн тус муж Хатан голын мөрөг загас, Дэжоугийн тахианы мах, Циндао зэрэг далайн эргийн хотын хайрсан дун зэрэг далайн зөөлөн биет амьтан болон тунгалаг шөлөөрөө алдартай.
Сычуань муж чииглэг уур амьсгалтай болохоор хүмүүс нь эртнээс хоолондоо чинжүү мэтийн халуун ногоо хэрэглэж ирсэн уламжлалтай. Доуфу гэх буурцгийн ээдэмтэй хоолнууд их, "Мапо доуфу" гэж хоол их алдартай, бас түгээмэл хэрэглэдэг юм билээ.
Зянсу болон Жэзян мужид элдэв амт оруулагч хэрэглэхээсээ илүү хоолны үндсэн хэрэглэглэхүүний амтыг чухалчилж үздэг. Энд өвчөөд буцалгасан гахайн толгой, жигнэсэн цагж загас, Сиху нуурын цуугаар амталсан загас онцгой алдартайд тооцогддог байна.
Гуандун хоолонд шувуу, могой, сармагчин болон далайн амьтдын мах, хорхой, шавьж, хуурсан ногоо өргөн хэрэглэдэг. Бас чихэрлэг хоол гэдгээрээ онцлог. Могойн махан хоол 2000 гаруй жилийн түүхтэй, ялангуяа "луун толгой" гэдэг хоол их алдартай юм билээ. Гурван төрлийн хорт могой болон илбэнхийн мах, 20 гаруй янзын амт оруулагч хэрэглэн, олон арван шат дамжлага дамжуулан бэлтгэдэг энэ хоолыг хамгийн дээд зэргийн хоол гэж үздэг. Шим тэжээл, ач тус нь ч хязгааргүй их юм байх.
Энэ 4 нутгаас гадна Бээжин хот өөрийн гэсэн хоолны онцлогтой. Мин улсын үеэс 600 гаруй жилийн түүхтэй Бээжин шарсан нугас хамгийн алдартай нь. Одоогийн Бээжингийн шарсан нугасны газрыг 1864 онд Ян Цюаньрэн гэж хүн үүсгэн хүүхдүүдийнх нь үед бүх улс даяар алдаршсан түүхтэй юм байна.
Хуучин цагт хаад, ноёд, ихэс дээдсийн иддэг хоол унд нь үлэмж тансаг, бэлдэхэд өндөр арга техник, мэргэшил шаарддаг байжээ. Бас баавгайн алга, хараацайн үүр, бугын мах, далайн трепанги \өргөст биетнийг идэгч\ гэх мэт ховор материалууд орцонд нь орно. Хятадууд хоол бэлдэхдээ амт, өнгө, үнэр, дүрс 4-г аль алинийг нь чухалчилж энэ дөрвийг сайн хангасан цагт дээд зэргийн хоол болно гэж үздэг. Үүний тулд хэрэглэгдэхүүнээ сайн сонгох, хутаг хэрэглэх урлаг эзэмших, галаа тохируулах, амт оруулагчийг зөв сонгох, хуурах чанах аргыг сайн эзэмших чухалтай гэж үздэг.
Хатуу ундааны хувьд хятад хүмүүс 56 хэм хүртэлх нилээн хатуу хар архи хэрэглэж иржээ. Өнөө үед унд усны нэр төрөл олширч хүмүүсийн хэрэглээнд тодорхой өөрчлөлтүүд гарсан ч хар архи чухал байр суурьтай хэвээр байна. Маотай, Улян Езю, Фэньзю, Жу ецин, Лужоу дацью, Шаосин дарс, Хятадын усан үзмийн дарс, Циндао хотын шар айраг гээд олонд нэртэй архи, дарс, шар айрагны брэндүүд олон бий. Бас жапи хэмээх гоожуурын шар айргаа ч өргөн хэрэглэдэг.
Хятадын цайны соёл уламжлал хэдэн мянган жилийн түүхтэй. Цайнд зориулсан тусгай ёслол байдаг. Хятадын цайны ёслолын тухай "Харийн хүний нүдээр" булангийнхаа нэгэн дугаараар тусгай нэьтрүүлэг бэлгэн сонсогчиддоо хүргэж байсан. Цай бол хятадуудын хамгийн гол унд. Хамгийн анх хятадууд цай боловсруулж хэрэглэж ирсэн бөгөөд хожим Япон, Зүүн Өмнөд Ази болон дэлхийн бусад газар нутагт түгжээ. Хятадууд цайг унданд хэрэглэхээс гадна гэдэс ходоодны эмчилгээнд, зочноо дайлахад, бэлгэнд өгөхөд хэрэглэнэ. Хятад цайны нэр төрөл 100 хол давсан ч ерөнхийд нь 5 том хэсэгт ангилж болно. Шар цай, хөх цай, хар цай, Улун цай, Зинья цай юм. Цай боловсруулдаг гол нутаг нь Жэзян, Зянсу, Аньхуй, Хэнань, Фузянь, Гуйжоу, Юнань мужууд. Умард нутгийнхан мэлрэг буюу жасмин цай уух дуртай бол Зянсу, Жэзян, Шанхай хүмүүс хөх цай, гол төлөв лунжин цай ууна. Харин Гуанжоугийнхан хар цайг илүүд үздэг гэнэ.
|