60 жилийн тэртээ Өвөрмонголын Өөртөө засах район байгуулагдсан түүхтэй. Энэхүү түүхэн үйл явдлыг энэ оны туршид улс даяараа ёслон тэмдэглэж байгаа билээ. Хөх хотноо энэ ойн бэлэг болох хэд хэдэн том барилга, цогцолборууд сүндэрлэн босч ашиглалтад ороод байна. Эдгээрээс томоохныг нь дурдвал Улаан театр, Өвөрмонголын музей, Олон улсын хурал үзэсгэлэнгийн төв, Чингис хааны талбай, Хөх хотын шинэ цэнгэлдэх хүрээлэн, Монголын Юань гүрний үеийн соёлын онцлогыг тусгасан гудамж, Хөх хотын Фушин радио зэргийг нэрлэж болох юм.
Улаан театр. Хөх хотын Шиньхуа зүүн гудамжинд байрладаг. Барилгын эзлэх нийт талбай нь 31 мянган ам.метр талбай бүхий 4 давхар барилга. Орчин үеийн техник, технологоор иж бүрэн тоноглогдсон Их танхим, 3 жижиг танхим, кино үзвэрийн 3 танхимтай.
Өвөрмонголын музей. Хөх хотын Шиньхуө зүүн гудамж болон зүүн 2-р тойруугийн уулзварын баруун хойд тал, Өвөрмонголын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн байрны зүүн талд Улаан театртай зэргэлээ байрладаг. Нийт 51 мянган ам.м талбайг эзлэх музейн барилга орчин үеийн шийдэл бүхий өвөрмөц хийц загвартай, музейн барилгын хамгийн сүүлийн үеийн техник технологоор тоноглогдсон. Өвөрмонголын музей нь Хятад улсын бүрэн эрхт үндэстний нэг монгол үндэстний түүх, соёлыг харуулсан ховор нандин үзмэрүүдийг дэлхий нийтэд дэлгэн харуулах чухал төв болжээ.
Хөх хотын Чингис хааны талбай. Энэ талбай Жирэмийн гудамж болон Хөлөнбуйрын хойд гудамжны хооронд байрладаг. 100 сая юаний хөрөнгө оруулалтаар босгосон Чингис хааны талбайн төв хэсэгт Чингис хааны омголон морь унаж, гартаа ташуур барьсан 36 м өндөр хүрэл хөшөөг босгожээ. Монголын Юань гүрний үеийн соёлын онцлогыг тусгасан гудамж. Нийт 1,8 км үргэлжлэх энэхүү гудамжны барилгуудыг Юань гүрний үеийн соёлын хэв загвараас сэдэвлэн Мин, Чин улсын үеийн барилгын загвар болон орчин үеийн хэрэгцээ шаардалагатай зохистойгоор хослуулан босгожээ.
Өвөрмонголын олон улсын хурал үзэсгэлэнгийн төв. Хөх хотын Захиргааны шинэ байртай бөөр залган хотын зүрхэн хэсэгт байрладаг энэ шинэ барилга нь 55 мянган ам.м талбайтай. Монгол үндэстний соёл, ахуйн онцлогийг орчин цагийн барилгын хэв загвартай хослуулан барьсан Өвөрмонголын олон улсын хурал үзэсгэлэнгийн төв нь нийт 400 сая юаний хөрөнгө оруулалтаар босчээ.
Хөх хотын Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудал. Шинээр өргөтгөн байгуулсан нийсэх онгоцны буудал нь 196 мянган ам.м талбайтай, 32 нисэх онгоц нэгэн зэрэг буух хүчин чадалтай. Цагаан суварга нисэх онгоцны буудал нь дотоодын 35 хотод болон ОХУ, Япон, БНСУ, Тайланд, Шянган зэрэг орнуудад нислэг үйлддэг.
|