Харбин хотод ургадаг дин шян цэцэгт ийм нэгэн онцлог байдаг. Тэр хэзээд хүмүүсийг санаандгүй байх нэгэн агшинд гэнэт зэргээр дэлгэрдэг юм. Эгээ л хавар гэдэг улирал ганцхан шөнийн дотор энэ хотод хүрээд ирсэн шиг. Үнэндээ умраат нутагт олон зүйлийн цэцэгс ингэж л дэлгэрдэг жамтай. Цэцгийн нүд дэлбээгээ дэлгэхгүй иш соёондоо удаан хүлээнэ. Тэгж байсаар гэнэт нэгэн өдөр, эсвэл нэгэн агшинд зэргээр дэлгэрч хавар ирснийг хүмүүст хэлж өгдөг юм.
Цэцгэс яагаад болзоотой юм шиг нэг л агшныг сонгож зэрэг дэлгэрдэг юм бэ? Ургамал зүйн ухааны нэгэн эрдэмтэн энэ нууцыг тайлжээ.
Өндөр өргөрөгт оршдог умраат нутагт өвөл урт, хавар охорхон байдаг тул, заримдаа хавар цаг эрт ирлээ ч гэсэн эрс тэс цаг агаарын эрхээр өдөр нь нар тусч дулаахан уур амьсгалтай байлаа ч шөнөдөө харин хүйтрэн агаар дахин жавартаж мөстдөг болохоор өдөр шөнийн цаг уурын хэлбэлзэл хол зөрүүтэй байдаг. Ийм цаг агаарын дунд цэцгэс хэрэв дэлбээгээ дэлгэвэл тэрхүү хүйтэн салхинд үлээгдэн нэг л шөнийн дотор хөлдөх аюултай. Тийм болоод л цэцгэс дэлбээгээ дэлгэх дулаахан өдөр, дулаахан агшныг яаралгүй тэвчээртэй гэгч нь удаан хүлээдэг билээ. Дэлбээгээ нээх цагийг анирдан нэг долоо хоног, эсвэл нэг сар гээд хүлээсээр хүлээсээр 4-р сарын дунд юмуу сүүлчийн нэгэн өглөө хүмүүсийг нойрноосоо сэрэхэд гудамжаар цэцгийн үнэр ханхийн, хот дүүрэн цэцэг дэлгэрэн угтдаг. Умраат орны цэцгэс тэвчээр хүлээцтэй байдагтаа хаврын хатуу хүйтэн цаг агаарыг хүлцэн өнгөрүүлж, амьлалын хүчин бялхсан хаврын улирлыг хүмүүст авчран, хамаг амьтан сэргэн төлжих цагийн үүдийг нээдэг.
Бид үнэндээ тэдгээр цэцгэс шиг байх ёстой шиг. Заримдаа бид зөвхөн ганцхан зүйлийг хийж бүтээхийн төлөө орших нь бий, энэ бол хүлээлт мөн, цэцэгсийн нүд шиг хүлээлттэй эгээ адилхан хүлээлт юм. Энэ хүлээлт нь юу нэгийг хийж бүтээхээсээ залхуурч байгаа учир биш, харин хүчээ хуримтлуулж байгаа болно. Эсвэл хоёрын дунд эргэлзэн, алийг нь хийхээ мэдэхгүй бодлогошрон зогсч байгаа биш, харин тэр цаг ирээгүй тул хүлээж байгаа юм. Цаг нь тулбал цасан дээр ч гэсэн түймэр асна гэсэн өвгөдийн сургаал байдаг. Цаг нь ирэхээр цэцгэс дэлбээгээ дэлгэх шиг хуримтуулсан хүч чадлаа бүхнийг гаргасан тэр үед, хүний амьдрал цэцгэс дэлбээгээ бүрэн дэлгэсэн шиг сайн сайхнаар бялхаж, амьдралын өнгө утга бүрдэх болно.
|