• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-08 15:13:50    
Элгэндээ бүүвэйлсэн Хайнань арал

Хятадын Олон Улсын Радио

     Өвлийн өнгөөр чимээгүйхэн хучигдсан Бээжин хотоос Хайнань арлыг чиглэн гурван цаг гаруй нисээд газардахад чийглэг сэрүүн цаг агаар өөдөөс илбэн угтлаа. Халуун бүсэд оршдог Хятадын хамгийн өмнөд нутгийн муж Хайнань арал нь жилийн турш ногоон өнгөө хадгалж, зүйлийн цэцэгс дэлгэрэн, галуу шувууд ганганалдсан үзэмжит сайхан газар болохоор дэлхий дахинаа Хятадын "Хавай" хэмээн алдаршсан билээ.

     Унааны цонхоор харагдах замын хажуугаар жигдрэн ургасан дал моддын том том мөчрүүд нь салхины аясаар намуун тайван найгана. "Өнөөдөр харин ч сэрүүхэн байна, яг танай нутгийн намар шиг болчихжээ" гэж онгоцны буудал дээр тоссон Сүнь овогтой эмэгтэй зам зуурт ярьж явлаа. Ар газраас ирсэн сэтгүүлчид бид халуунд дасах гэж амаргүй байх боловуу гэтэл Хайнань арлын цаг агаар биднийг аятай сайхан угтсан.

     Бид урьдчилан захиалсан зочид буудалдаа хүрч ачаагаа чирсээр хаалгаар нь ороход инээмсэглэл тодруулсан үйлчлэгч охин ягаан цэцгийн хэлхээг хүзүүнд минь зүүлгэн өглөө. Хамар цоргих цэцгийн соргог үнэр тэр агшнаа Хайнань арлын ногоон байгалийг сэтгэлд эрхгүй буулгав. Өрөөндөө ороход ширээн дээрх модон цар дээр өрсөн төрөл бүрийн жимс, навчны хэлбэрээр хайчилсан гялгар ногоон цаасан дээр бичээстэй байгаль орчныг хамгаалах уриа хоёр нүдэнд хамгийн эхэлж туссан.

     Хай Нань арлын хүмүүс элэгсэг зочломтгой аж. Биднийг хүлээн авсан Ухуулах хорооны Лян дарга анх нэрийг минь сонсоод монгол хүн үү гэж асуулаа. Сонин юм даа, уг нь эндхийн хүмүүсийг би монгол хүний талаар нэг их ойлголтгүй байдаг байх гэж бодож байсан юм. Тэгээд монгол уу гэж асуусан ганц үг нь сэтгэлд нэг л халуун урсгаад явчихлаа. Тэрээр монгол газрын тансаг байгаль, хоол ундны талаарх сайхан дурсамжаа давхцуулан яриад монгол хүний найрсаг зочломтгой зан нь надад их таалагдсан шүү гэж уулзсандаа их баярлаж байгаагаа илэрхийлэн хэлсэн. Халуун бүсийн цаг агаарын үзэмжит сайхан нутгийн онцлогийг харуулсан Хайнань аралд хятадын олон үндэстний соёл барууны соёлтой зэрэгцэн уусан шингэсэн нь аргагүй мэдрэгдэх юм.

     Хайнаньд хийх сурвалжлагын маань эхний гараа сонин содон зүйлсээр дүүрэн байлаа. Мэдээж аяны цаашдын өдөр хоногуудад нэн олон сайхан учрал тохиох буй за.