• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-14 17:17:12    
Бээжингийн Олимп 2008

 


Хятадын Олон Улсын Радио

       Олимпийн цогцолборын бүтээн байгуулалт

     "Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн "Харийн хүний нүдээр" булангаар Бээжингийн 2008 оны Олимпийн бэлтгэл ажлын явцын талаар танилцуулья. Бээжин хотын дарга, Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Ван Чишань өнгөрсөн бямба гаригт Олимпийн бэлтгэл ажлын явцын талаар хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр "2007 онд Бээжин хотын захиргааны гол ажил нь олимпийн бэлтгэл ажлыг хангах явдал, бид цаг мөч бүртэй уралдан ажиллаж байна" хэмээн мэдэгдсэн юм.

     Үнэхээр ч Бээжин хотын телевизийн сувгууд, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслүүд олимпийн бэлтгэл ажлын явцын талаар байнга мэдээлж байгаагийн зэрэгцээ эгэл жирийн оршин суугчдын амьдралд ч олимпийн бэлтгэл ажлын уур амьсгал хангалттай нөлөөлж байна. Олимп угтсан бүтээн байгуулалтын их ажил бараг хүн бүрийн амьдралд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Олимпын наадмууд болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийн бүтээн байгуулалтын ажлууд төгсгөлийн шатандаа орж, олимпийн өмнө ашиглалтанд орохоор төлөвлөсөн метроны шинэ шугмууд эхнээсээ нийтэд үйлчилж эхэлсэн. Хэдхэн хоногийн өмнө Бээжин хотын төв гудамж Ванфужингийн ойролцоох Дүндан буудлын шинээр ашиглалтанд орсон 5 дугаар шугамын метрогоор зорчиж үзлээ. Давхар хаалгатай, орчин үеийн загварын тэр метронд суусан 13 настай миний хүү их л баярлаж "ээжээ Америк, Японы метро нь иймэрхүү биз дээ" гэж асууж байналээ. Олимпийн наадмыг зохион байгуулах хороо хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдэд тусгай захиалгат булан ажиллуулж олимптой холбоотой мэдээллээр тасралтгүй ханган Бээжингийн Олимпийг үндэстний томоохон үйлс болгон өрнүүлж байна. Бээжингийн Олимпийн наадмыг зохион явуулах цэнгэлдэх хүрээлэн болон холбогдох бусад арга хэмжээний барилга байгууламжийн бүтээн байгуулалтанд нийт 3,4 тэрбум ам.доллар зарцуулжээ. Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос тэмцээн болох 37 цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэл хийх зориулалттай 59 талбай, бусад цэнгэлдэх хүрээлэнгүүд, Олимпийн тосгон, мэдээллийн төв гэхчлэн цогцолборуудын барилгын ажил, сэргээн засварлалтын ажлын явц бэлэн болох төгсгөлийн шатандаа орсныг мэдэгдсэн.

     Олимпийн хэрэгцээнд барьж байгуулж байгаа цогцолборуудыг Олимпийн наадам дууссаны дараа цаашид үргэлжлүүлэн ашиглах асуудалд маш их анхаарч байна. Тухайлбал, 19000 хүний багтаамжтай нэг томоохон цогцолбор нь хятадын циркийн үзүүлбэрийн төв болж, Олимпийн тосгон дахь усан сан хожим нийтийн усан спортын хүрээлэн болох юм. Олимпийн цогцолбор нийт 3 дүүрэгтэй. 1-р дүүрэг нь "Олимпийн цэцэрлэгт хүрээлэн". Энэхүү гол дүүрэг нь 13 талбай бүхий хэсгээс бүрдэнэ. 2-р дүүрэг нь 9 талбай бүхий хэсгээс бүрдэх "Хэвлэлийн дүүрэг". Хэвлэлийн дүүрэг олимпийн наадмын дараа баруун дүүргийн соёл, спортын хүрээлэн болно. 3-р дүүрэг "Аялал жуулчлалын дүүрэг". Бээжингийн морин тойруулга зэрэг 2 ордон энэ дүүрэгт багтаж байгаа. Олимпийн наадмын дараа аялал жуулчлалын салбарт үйлчлэх хотын захын нэгэн том цогцолбор болгохоор төлөвлөжээ.

     Олимпийн тасалбарын тухайд

     Олимпийн зохион байгуулах хорооноос саяхан олимпийн наадмыг үзэх тасалбарын борлуулалтаас 140 сая америк долларын ашиг олох тооцоо гарч байгааг мэдэгджээ. Энэ нь тасалбарын үнийг харьцангуй хямд тогтоож өргөн олон нийтийг олимпийн наадмыг үзэж сонирхох боломжоор хангасантай холбоотой гэж наадмыг зохион байгуулах хорооны гишүүн мэдэгдсэн. Олимпийн тасалбарыг борлуулах ажлыг 3 үе шаттай зохион байгуулж байна. Эхинй үе шат 4 дүгээр сард эхэлж 9 дүгээр сард дууссан бол 2 дугаар үе шат 10 дугаар сард эхэлж 12 дугаар сарыг хүртэл үргэлжлэх юм. Эхний шатанд нийт тасалбарын 50 гаруй хувь нь борлогдсон тооцоо гарчээ. Олимпийн тасалбарын борлуулалтын сүүлчийн үе шат олимпийн наадам эхлэхийн өмнөх өдрүүдэд эхэлж наадмын үйл ажиллагааг дуустал үргэлжлэх аж. Тасалбарын үнийг тогтоохдоо жирийн иргэдийн худалдан авах чадвар болон хүртээмжтэй байх гэсэн 2 талыг харгалзан үзсэн нь 2000 оны Сиднейн олимпийн тасалбарын борлуулалтын ашгаас ч давах магадлалтай гэж зохион байгуулах хорооныхон үзэж байна. Бид тасалбараа борлуулахдаа "түрүүлж ирсэнд нь үйлчилнэ" гэсэн зарчмаар ажиллаж, борлуулалтын ажлаа зохион байгуулж байгаа болохоор нэг хүн бөөнөөр авах, дамлан худалдах зэрэг зөрчлүүд гарах учиргүй гэж тооцож байна гэж гэж мэдэгдэж байна лээ. Зарим онцгой тэмцээнүүдийн тасалбарын үнэ харьцангуй өндөр үнэтэй байгаа ч борлуулалт тун сайн байгаа гэнэ Тухайлбал Олимпийн нээлтийн ёслолыг үзэх тасалбарын үнэ суудлаасаа хамааран дээд тал нь 5000 юань байхаар тогтоогджээ. Харин Хаалтын ёслолынх 3000 юаны үнэтэй байна. Бусад тэмцээнүүдийн тасалбарын үнэ төрлөөсөө хамааран 30 юаниас 1000 хүртэл юаны хооронд хэлбэлзэж байгаа юм.

     Олимпийн сайн дурынхан

     Олимпийн наадмыг зохион байгуулах үйлсэд сайн дурынхны оролцоо үнэхээр чухал. Олимпийн наадмыг зохион байгуулах хороо энэ асуудалд онцгой анхаарч ажиллах сонирхолтой иргэдийг бүртгэн авч шалгаруулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна. Одоогоор 400,000 гаруй хүн сайн дурын ажилтнаар орохоор бүртгүүлсэн байгаагаас 270,000 гаруй нь Бээжин хотын оршин суугчид байгаа гэнэ. Тэднээс 100.000 хүнийг шалгаруулж 70.000-г нь Бээжингийн Олимпийн наадмын, 30.000-г нь Пара Олимпийн наадмын сайн дурын ажилтнаар ажиллуулах юм. Мөн гадаадын иргэдээс сайн дурын ажилтнаар орох сонирхолтой хүмүүсийг ч бүртгэж байгаа бөгөөд шалгаруулахдаа хятад хэлний мэдлэгийг нь харгалзан үзэх болно гэж зохион байгуулах комиссоос мэдэгджээ.