Түвдийн Өөртөө Засах Районы төв Лхаст дэлхийд нэртэй Будлаа ордон сүндэрлэж байдаг. Түвд үндэстний ард түмний энэ ариун дархан ордонг хамгаалан, түүний сүрлэг их үзэсгэлэн төгс дүр төрхийг дэлхий нийтэд харуулахын төлөө, Будлаа ордны удирдах захиргааны ажилтан болон лам хуврагууд хэдэн арван жилийн турш Будлаа ордонг хамгалахад асар их хүчин чармайлт гаргасаар ирлээ .
Будлаа ордонг нийтийн он тоололын 7-р зуунд байгуулж, "Улаан ордон" гэж нэрлэжээ. Хожим нь Түвдийн вант төр доройтон буурахын хирээр уг ордон ч аажмаар балран сүйрсэн юм. Нийтийн он тоололын 17-р зууны үед тавдугаар Далай лам "Улаан ордон" –ы буурин дээр дахин сүрлэг их ордон байгуулж, "Будлаа ордон" гэж нэрлэж, үүнээс хойш Түвдийн улс төр, шашны төв болжээ. Түвд үндэстний эртний барилгын охь шилдэг урлагийн хувьд, мөн түүх бичиг дурсгалын хэдэн зуун мянган ширхэг үнэт зүйл хадгалж байгаагийн улмаар Будлаа ордон 1994 онд НҮБ-ын гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан соёлын асуудал эрхэлсэн байгууллагын "Дэлхийн соёлын өв"-ийн жагсаалтад орсон байна.
1994 оноос хойших 10 гаруй жилд Будлаа оронд засвар хийж түүх бичиг дургалын үнэт зүйлсийг нүүлгэн шилжүүлж, эмхэтгэн тэгшлэх, бүртгэн данслах, дахин оронд нь байрлуулах нөсөр их ажил явагдсан юм.
Будлаа ордны удирдах захиргааны орлогч дарга Дин Чанзэн танилцуулж хэлэхдээ, бид Будлаа ордны бичиг дурсгалын зүйлийг хамгаалах ажлын удирдлагаа чангатгаж, Ордны гол барилгын гадна талын цонхонд бүх талаар засвар хийх, хэсэг ханын зургийн өнгө будгийг нөхөн сэргээх, арван долдугаар Далай ламын шарилын суврага дахь бурхны бүх хөрөг, бичиг дургалын зүйлд өнгө будаг нөхөж оруулах, зүүн баруун гэрэлт ордны бүх цонхыг солих зэрэг ажлыг хийж, 640 ширхэг жижиг бурхны хөргийг уул дүрээр нь шинэтгэх, 650 ширхэг судрыг эмхэтгэн бүртгэн дугаарлах ажлыг гүйцэтгэсэн гэжээ.
Будлаа ордны удирдах захиргааны ажилтан болон лам хуврагуудын хамтын хүчин чармайлтаар зөвхөн 2006 онд 4800 гаруй ширхэг бурхны хөрөг, бичиг дурсгалын зүйл, 1000 гаруй ширхэг ном судрыг нүүлгэн шилжүүлсэн байна. Эдгээр ном судар, бурхны хөрөг, бичиг дурсгалын зүйл нь ховор цухаг үнэт зүйл тул хүний хүчээр үүрч буулгах шаардлагатай нөсөр их ажил юм.
Хэдэн жил энэ ажилд оролцсон ажилтан Чю за хэлэхдээ, бид Будлаа ордны зүүн дуганы ном судрыг эмхэтгэн тэгшлэх ажилд оролцсон. Гурав дөрвөн давхар байшингийн хир өндөр номын тавиураас хэдэн арван мянган ширхэг ном судрыг нүүлгэн шилжүүлэх нь нөр их ажил. Хэдэн зуун жил хурамтлуулсан уул овоо шиг энэ ном судуурыг шилжүүлэхэд бид амандаа гурван давхар хаалт хийгээд ажиллахад тоос мөн аманд ороод байдаг. Нэг бүтэн судрыг хүч чадалтай залуу хүн чадан ядан үүрч, хэдэн арван мянган ширхэг ном судрыг бид зургаан давхар байшингаас нэг нэг шатаар нуруугаа шалбартал үүрч шилжүүлсэн гэжээ.
Ном судраас гадна, бурхны хөргийг шилжүүлэн нүүлгэх ажлын бэрхшээл ч маш их юм. Зарим бурхан нь мундаг өндөр , зарим нь маш том, зарим нь шавар бурхан он жил удсанаас хялбархан эвдрэх гэмтэх аюултай. Будлаа ордны нэг л дуганд тавьж байгаа том жижиг бурхан 1-2 мянган ширхэг байж, тэр бүхнийг номерлон дугаарлаж, нэрий нь тодорхойлон бичиж , чанарыг нь тогтоох зэрэг нь маш нарийн чимэхлүүр ажил юм. Дуганд засвар хийж дууссаны дараа эдгээр бурхныг уулын янзаар нь байрлуулж тавих хэрэгтэй . Зарим дугангийн бүх зүйлийг дахин байрлуулахад 20 гаруй хоног болсон байна. Хэдийгээр ажил маш хүнд нарийн түвэгтэй боловч оролцсон ажилтан, лам хуврагууд маш нарийн хичээнгүй хийж гүйцэтгэжээ. Будлаа ордны удирдах захиргааны орлогч дарга Ван дүй бол арын алба хамгаалалтын ажлыг гол хариуцаж байгаа юм.
Тэрээр хэлэхдээ, бид Их Зуу хийдийн удирдах захиргаатай хамтран хэдэн зуун ширхэг ном судрыг нөхөн сэргээх, олшруулах ажлыг биелүүлсэн. Бас улсын болон Өөртөө засах районы зохион байгуулсан Түвдийн "битийн судар"-ыг бүртгэн шалгах ажилд туслан, хадгалж байсан 108 ширхэг "битийн судар"-т гарчиг тавих, их багын хэмжээг хэмжин тогтоох , холбогдох тоо баримтыг дээд шатны удирдлагад мэдээлэх зэрэг ажлыг биелүүлсэн гэжээ.
Будлаа ордны удирдлага хамгаалалтын ажлыг нэн сайн болгохын төлөө удирдах захиргаа бичиг дурсгалын ажилтныг зохион байгуулан ордны өрөө тасалгаа, цонх хаалга, багана тулгуурыг бүртгэн дансалж, хэдэн арван мянган ширхэг ном судрыг төрөл бүрээр нь хуваан эмхэтгэж хадгаласан байна. Будлаа ордны ном судар, бичиг дурсгалын зүйлийг эмхэтгэн тэгшилж бүртгэн тоолох энэ ажил арав гаруй жил үргэлжилжээ. Хэрэг дээрээ эдгээр ажил нь Будлаа ордонд засвар хийх барилгын ажлаас хол их, хол хатуу бэрх гэж хэлж болно. Эмхэтгэн тоолж, бүртгэх ажил дууссаны дараа, эдгээр тоо баримт материал нь дотоод гадаадын эрдэм шинжилгээний ажилтан, хорвоогийн хүмүүст туйлын үнэ цэнэтэй материал болно. /Урангоо орчуулж бэлтгэв/
|