Эрхэм анд нөхөд өө, 29 дүгээр зуны олимп 2008 оны 8-р сарын 8-ны өдөр Бээжин хотноо нээлтээ хийх билээ. Үүнтэй холбогдуулан гадаадын сая сая сонсогчдод 2008 оны олимпын талаар бодит мэдээлэл хүргэж, олимпын үзэл санааг нийт хүн төрөлхтний хүртээл болгохын төлөө, ХОУР 2007 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн радио сонсогч болон сүлжээ ашиглагчдынхаа дунд 38 төрлийн гадаад хэл, Хятад хэлний төв аялага болон орон нутгийн 4 аялгаар "Бээжин-2008 Олимп дээр уулзацгаая" мэдлэгийн асуулт хариултын уралдааныг зарлаж байна. Хагас жилийн турш үргэлжлэх уралдааны хугацаанд бид энэхүү мэдлэгийн уралдаанд холбогдох дөрвөн цуврал мэдээлэл тухайлбал; "Бээжингийн олимпын бэлтгэл ажлын явц" , "Бээжингийн олимпын наадмын уриа болон билэг тэмдэг" , "Бээжингийн олимпын тэмцээний ордон талбай" , "Бээжингийн олимпт туслалцаа үзүүлэгч хотууд" зэрэг мэдээллийг радио долгионоороо цуврал болгон хүргэх болно. ХОУР нь 2007 оны 11-р сарын 14-ний өдрөөс эхлэн радио долгион болон сүлжээний буюу онлайн нэвтрүүлгүүдээрээ мэдлэгийн уралдаанд холбогдох цуврал мэдээллүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ холбогдох бусад мэдээллүүдээр цаг алдалгүй ханган ажиллах болно. 2008 оны Бээжингийн олимп дээр уулзах алтан боломжийг алдахгүйн тулд Та манай уралдаанд оролцохыг бид урьж байна.
Асуулт хариултын уралдааны журам нь манай радиогоос зарлан зохион байгуулж ирсэн асуулт хариултын уралдаануудтай ижил, цуврал мэдээлэл бүрийн ард уралдаанд холбогдох хоёр асуулт тавьж радио сонсогч сүлжээ хэрэглэгчээр хариулуулах юм. Бид хариултаа ирүүлсэн сонсогчдын дотроос 1,2,3-р байр болон тусгай байр тус тус эзлүүлж, тусгай байр эзэлсэн сонсогчийг уралдаан дууссаны дараа 2008 оны 6-р сард Бээжин хотноо 10 хоног урин айлчлуулж, олимпын наадам болох биеийн тамир спортын ордон талбайтай танилцуулах, Хятадын нэрт тамирчидтай уулзуулах зэрэг арга хэлбэрээр сонсогчдоо Бээжингийн олимпын эцсийн шатны бэлтгэл ажилтай бодитой танилцуулах болно.
Ирэх баасан гаригаас эхлэн бид "Захидлын тойм" булангаараа энэ уралдааны дөрвөн цуврал мэдээллийг нэвтрүүлж эхэлнэ. Өнөөдөр асуултын 8 сэдвийг танд хүргье.
Асуултын нэгдүгээр сэдэв: Бээжингийн олимпын наадмыг зохион явуулах комиссын бэлтгэл ажлын зорилго юу вэ? Асуултын хоёрдугаар сэдэв: Бээжингийн олимпын наадам нь хэзээ эхэлж хэдийд өндөрлөх вэ? Асуултын гуравдугаар сэдэв: Бээжингийн олимпын наадмын уриа нь юу вэ? Асуултын дөрөвдүгээр сэдэв: Бээжингийн олимпын наадмын бэлэг тэмдэг болсон 5 Фү Ва хүүхэлдэйнүүдийн нэрийг нэрлэнэ үү? Асуултын тавдугаар сэдэв: Бээжингийн олимпын наадам хэдэн ордон талбайд болох вэ? Асуултын зургадугаар сэдэв: Бээжингийн олимпын наадмын нээлт хаалтын ёслол ямар нэртэй, аль цэнгэлдэх хүрээлэнд болох вэ? Асуултын долоодугаар сэдэв: Бээжингийн олимпын наадмыг дэмжин оролцох 6 хотыг нэрлэнэ үү? Асуултын наймдугаар сэдэв: Шянган Бээжингийн олимпын наадмын ямар тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэж байна вэ?
Энэ найман асуултын хариултыг та манай сүлжээний нэвтрүүлэг болон радио нэвтрүүлгүүдээс сонсох боломжтойг анхаарна уу.
Эрхэм сонсогч Таныг уралдаанд амжилттай оролцохыг ХОУР-гийн Монгол хэлний редакцийн хамт олон чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна. Бээжин хотноо уулзацгаая. \Номин бэлтгэв\
|