Сүүлийн жилүүдэд Хятадын умард нутгийн Хэбэй муж "Цао Фэйдяний аж үйлдвэрийн районоор хошуучлуулж, шинжлэх ухаанчаар хөгжих үлгэр жишээ район байгуулах" үзэл баримтлал хэрэгжүүлж, орчил эдийн засгийг дорвитой хөгжүүлэн, гарам портын боомтын барааны гүйлгээ, болд, нефть, хими, тоног төхөөрөмж үйлдэх зэрэг 4 том үйлдвэрлэлийг гол болгосон аж үйлдвэрийн бүлэглэлийг бүрдүүлсэн байна.
Бээжинд байдаг Нийслэлийн хар төмөрлөгийн хувьцаат компани бол Хятадын хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн хамгийн том бааз юм. Нийслэлийн хар төмөрлөгийн компанийг Бээжингээс 220 км зайтай Хэбэй мужийн Тан-шань хотын Цао Фэйдяний аж үйлдвэрийн районд нүүлгэхийг Хятадын Засгийн газар 2005 онд зөвшөөрчээ.
Тан-шань хотын өмнөд хэсгийн тэнгисийн эрэг дагуу газарт оршдог Цао Фэйдянь нь Бөхай тэнгисийн булангийн төв хэсэг болох бөгөөд тэнгисийн эргийн 80 км шугамтай, байгаль, газар зүйн аятай сайхан орчинтой болохоор, гүн усны том гарам байгуулах болон түр зогсоолын ажил төрөл хөгжүүлэхэд маш сайн нөхцөл боломж хангаж чаддаг юм. Хэбэй мужийн Хөгжил, өөрчлөн байгуулалтын хорооны албаны хүн Цүй Хуашань хэлэхдээ ,
Цао Фэйдянь бол Бөхай тэнгисийн хөвөөн дэх эх байгалиас заяагдсан, далан хашилгаар хамгаалах шаардлагагүй, гүн усны том гарам байгуулж болох цорын ганц газар болох бөгөөд 400 мянган тонны том усан онгоц ачаагаа буулгалгүйгээр уг гарамд шууд орж болдог. Хүнд аж үйлдвэрийн түүхий материалыг тээвэрлэхэд их хэмжээгээр ачаалж, өртгийг хэмнэх хэрэгтэй байдаг. Цао Фэйдяний гарамд орж ирэх том усан онгоц нь хар төмөрлөгийн үйлдвэрийн нэг тонн болд үйлдвэрлэхэд нь 50 юаний өртөг хэмнэж өгөх болно гэжээ.
Өнөө, Нийслэлийн хар төмөрлөгийн компанийг нүүлгэх бүх ажлын чухал хэсэг болсон Нийслэлийн хар төмөрлөгийн компанийн Жин-тан хар төмөрлөгийн үйлдвэрийн анхан шатны барилгын ажил эрчтэй явагдаж байна. Холбогдох талын хариуцлагатай хүмүүсийн танилцуулснаас үзвэл, анхан шатны барилгын ажил нь 2008 оны 10-р сард дуусах юм байна. Нийслэлийн хар төмөрлөгийн компани тэнгисийн эргийн Цао Фэйдяньд нүүлгэснээр бохирдол үүсгэх эсэх асуудалтай холбогдуулан, Жин-тан хар төмөрлөгийн үйлдвэрийн хариуцлагатай хүн Шюй Жяньхуа хэлэхдээ, шинэ байгуулах үйлдвэр нь үйлдвэрлэлийн хамгийн шинэ технологи хэрэглэх болно гэлээ. Тэрээр хэлэхдээ,
Бид дулаан, даралт, байгалийн хийн үлдэгдэл бүхнийг давтан ашиглах бөгөөд усны дахин ашиглалтын хэмжээг 97,5 хувьд хүргэх болно. Хаягдал хийг ашиглан цахилгаан гаргах, зуухнаас гарах төмрийн үлдэгдлээр барилгын материал хийх, далайн усыг цэнгэгжүүлэн үйлдвэрлсэн шорвог усыг давсны үйлдвэрт нийлүүлэх зэргээр үндсэндээ бохир бодисгүй үйлдвэрлэл явуулах болно. Бид шинжлэх ухаанч хөгжил, бие даан шинийг бүтээх, орчил эдийн засгийн үлгэр жишээ үйлдвэр болох зорилт тавин ажиллаж байна гэжээ.
Шинээр байгуулагдах Нийслэлийн хар төмөрлөгийн компанийн уг үйлдвэр нь гарам портоос хэдхэн км зайтай байдаг учраас дамжуулах бүсээр уурхайн хүдрийг шууд дамжуулж болно гэж энэ хариуцлагатай хүн хэллээ. Энэ нь олон талын ашигтай, бид сайтар бэлтгэл хийсэн гэж Цао Фэйдяний уурхайн хүдрийн портын хариуцлагтай хүн Ван Жүнминь хэллээ. Тэрээр хэлэхдээ,
Жин-тан хар төмөрлөгийн үйлдвэр бидэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тухайлбал, гарам портын үйлчилгээний гэрээ байгуулаад, ирэх жилийн 6-р сараас уурхайн хүдрийг зөөвөрлөх болно. Бид өнөө уурхайн хүдэр дамжуулах хоёр дамжилгын бүс тавьж байна гэжээ.
Уурхайн хүдрийн портоос гадна, нефтийн, чулуун нүүрс зөөвөрлөх портыг яаралтай байгуулж байна. Бүх барилгын ажил дууссаны дараа, Цао Фэйдяний гарам порт нь жилд 500 сая тонноос дээш бараа нэвтрүүлэх хүчин чадалтай, олон улсын хэмжээний том гарам порт болон хөгжих болно. \Рэнчинсоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|