Японы Ерөнхий сайд Фукуда Ясоу Америкт айлчлахаар 15-ны өдөр морджээ. Энэ бол түүний Ерөнхий сайд болсноосоо хойш Америкт хийх анхны айлчлал юм. Америкийн талтай Япон, Америкийн холбоотны харилцааг нотлохын зэрэгцээ, терроризмтай тэмцэх тусгай арга хэмжээний тухай хууль зэрэг асуудлаар Америкийн удирдагчидтай зөвшилцөх нь Фукуда Ясоугийн Америкт хийх энэ айлчлалын гол зорилго гэж Японы төлөөлөгч тэмдэглэв.
Америкийн Цагаан ордоныхон 12-ын өдөр Фукуда Ясоугийн айлчлалтай холбогдуулан мэдэгдэл хийж, Япон бол Америкийн хамгийн дотно холбоотнуудын нэг мөн. Ерөнхий сайд Фукудатай хоёр орны түншлэлийн харилцааны асуудлаар баялаг үр дүнтэй хэлэлцээ хийхийг Ерөнхийлөгч Жорж Буш хүсэн хүлээж байна хэмээн тэмдэглэжээ. Фукуда Ясоугийн хувьд Ерөнхий сайдын тушаалд орсны дараа, улсын дотоодод олон асуудалд тулгарснаар , Японы түрүү түрүүчийн Ерөнхий сайд шигээр тушаалд ормогцоо Америкт айлчлаагүй. Иймээс Америкт хийх түүний энэ айлчлал нь хожимдсан айлчлал болж байгаа юм. Ерөнхий сайд болсны дараах анхны энэ айлчлалынхаа тухай Фукуда Ясоу хэлэхдээ, Ерөнхий сайд болох үед хэлсэн Япон, Америкийн харилцааг "Японы дипломат харилцааны үндэс суурь" болгох гэсэн байр суурь маань Америкийн дэмжлэгийг олохыг хүсч байна гэжээ.
Терроризмтай тэмцэх тусгай арга хэмжээний тухай хуулийн асуудал бол Фукуда Ясоугийн Америкт хийх энэ айлчлалын гол хэлэлцэх асуудал мөн гэж шинжээчид үзэж байгаа аж. Японы парламентын 2001 оны 10-р сард баталсан "Терроризмтай тэмцэх тусгай арга хэмжээний хууль"-ийг хэрэгжүүлэх хугацаа нь энэ сарын 1-ний өдөр дууссан тул, Энэтхэгийн далайд Америк, Их Британи зэрэг орнуудын хөлөг онгоцонд шатхуун, ар талын үйлчилгээг хангах үүрэг гүйцэтгэж байгаа Японы Өөрийгөө Хамгаалах ангийн хөлөг онгоцоо Японы Засгийн газар эрхбиш татан авчрах хэрэгтэй болсон билээ. Үүнд Америкийн тал маш их дургүйцэж, энэхүү шийдвэрээ дахин судалж үзэхийг Японы талд шаарджээ. Энэ сарын 13-ны өдөр болсон Японы парламентын доод танхимын бүгд хурал дээр, эрх баригч намынхан уг танхимын суудлын гуравны хоёр хувийг эзэлсэн давуу талаа ашиглан, терроризмийн эсрэг тусгай арга хэмжээний тухай шинэ хуулийн төслийг баталсан байлаа. Гэвч уг төсөл нь сөрөг нам—Ардчилсан намынхан суудлын тал гаруй хувийг эзэлсэн дээд танхимын хурлаар үгүйсгэгдэж мэдэх боломж маш их байна. Энэ нь Доод танхимд уг төслийг баталуулчхаад идрүүнхэн алхаатай Америк орж айлчилна гэж бодож байсан Фукуда Ясоуг сэтгэлийн дарамттай айлчлуулжээ.
Үүнээс гадна, айлчлалын үеэр, Фукуда Ясоу бас Америкийн удирдагчидтай Хойд Солонгосын асуудлыг авч хэлэлцэх болно. Хойд Солонгос цөмийн төхөөрөмжийн чадавхийг алдагдуулсны дараа, "Терроризмийг дэмжигч орон"-уудын жагсаалтаас Хойд Солонгосын нэрийг нь энэ оны эцсээр хасаж, Хойд Солонгосын эсрэг бий "Дайсагнагч оронд хэрэгжүүлэх худалданы хууль"-ийн хэрэгжилтээ зогсоохыг Америк зөвшөөрч мэднэ гэж Америк үүнээс өмнө илэрхийлж байсан юм. Америкийн ийм байр суурь авч байгаад Япон сэтгэл түгшиж байна. Америкт айлчлах хугацаандаа Фукуда Ясоу уг асуудлаар Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш болон Америкийн Засгийн газрын холбогдох албаны хүмүүстэй санал бодлоо солилцох төлөвлөгөөтэй байна.
Японы Ерөнхий сайд Фукуда Ясоу Америкт айлчилж байгаа үеэр, Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш Америкт үхрийн махны зах зээлээ цаашид нээлттэй байлгахыг Японд шаардаж мэднэ гэж шинжээчид үзэж байгаа аж. Америкийн үхрийн махыг Япон нөхцөлгүйгээр импортоор оруулах биш юм гэж Японы Хөдөө аж Ахуй, Ойн Аж Ахуй, Загасны Аж ахуйн Яамны сайд Вакабаяши Масатоши 13-ны өдөр дахин илэрхийлжээ. Фукуда Ясоу ч Ерөнхий сайдын тушаалд орсныхоо дараа, засаг явуулах чиг шугамын асуудлаар үг хэлэхдээ, дотоодын хүнсний бүтээгдэхүүний ажлын удирдлага болон хүнсний барааны импортын системээ эрчимжүүлнэ гэж илэрхийлсэн юм. \О.Дарамбазар орчуулж,Урангоо хянав.\
|