• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-17 15:17:43    
18 нас

Хятадын Олон Улсын Радио

        Намрын галуудын ганганаанд би юу эсийг мөрөөдлөө дөө....

    Аянгын гялс гэсэн гялбаанд тэнгэр газар нийлэн, чихний хэнгэрэг хагарам хүнд дуу уулс сардигыг давсаар холдон одлоо. Миний нутгийн зун сүүлээ хураан намар ирж байгаа нь энэ. Шувууд сүүдрээ чирсээр нуураасаа арай ядан салан одоход, өглөө хяруу унан хонох болжээ. Тиймээ, энэ намар би 18 нас хүрч байна. Буцан одсон тэр шувуудад сэтгэл минь хэтэрхий ижилдсэнээс ч тэр юм уу, намрын эхний энэ өдрүүдэд би олон юм мөрөөдсөн юм. Ээж, эх нутгаасаа хол яваа миний сэтгэл хөвөлзөж, удны навчис шарлахдаа салхины аясыг даган хийсэн буух шиг, зүрхний гүн дэх мөрөөдөл санаа дагаад хийсэн байлаа. Төрсөн нутаг усаа санаж хайрладаг хэн хүнд, төрүүлсэн ижий болоод эх нутаг хоёр эгээ адилхан байдаг юм. Шувуудын цуваа шиг залгаатай 18 нас минь, намрын саруудад ганцаардаад байх шигээ.

    Салхитай бор өдрүүдэд, нутаг зүгээ бараалж, шөнийн зүүдэндээ үгүйлэн санах юм ээж аав хоёрыгоо. Нутгаасаа хол яваа надад 18 насны энэ намрын мөрөөдөл сэтгэлд минь үүрд хадгалагдан үлдэх шиг санагдана. Сар нар ээлжлэн юм бүхэн надаас холдоод байх шиг, шаргал нарны илч буурч, эх дэлхийгээс гэрлээ харамнаж байх ч шиг, үгүй ээ тийм биш, намар намрын өдрүүд ийм л жиндүүхэн байдаг даа. Орчлонгийн уудам зайд газар дэлхий хоргодон тогтсон шиг цаг мөч удаан өнгөрөх шиг санагдлаа. Гэтэл тэр цаг мөч бол амь насны хэмжүүр билээ, түүнд өчүүхэн ч хайр найр үгүй хэмээр, хэн бүхэн энэ дэлхий дээр яаруу сандруу, зам замаараа л хөлхөлдөцгөөнө. Хожим хэзээ нэгэн цагт энэ бүхнийг эргэн харахад түүх мөр хоёр болоод л үлдэх нь дээ. Хүн гэгч хаанаас ирсэн билээ? Бас хаашаа одох билээ ? 18 нас гэгч амьдралын нэгэн өртөө хэмээр санагдна. Энэ буудал дээр олон хүн ирж, өөр өөрийн замаа сонгоцгооно. Ямар нэг унаа сонгон аль нэг зүгийг зорих гэж түмэн янзын хүн хүлээн зогсож байлаа. Тийм ээ, энэ бол амьдралын нэгэн өртөө юм. Би энэ намар энэ яг энэ буудал дээр иржээ. Ард хоцорсон бага насаа эргэн нэг харлаа, гэнэн бага нас минь алсран үлджээ. Би урьд очиж үзээгүй зүгийг чиглэн мордмоор байна.

    Хүний амьдралаас хүслэнгийн ногоон харгуйгаа чиглэн аавын охид, ээжийн хөвгүүд жолоо сунган мордоцгооно. Хэн хүнд азаар учрах 18 насаа угтаж алсыг зорин хүсэн тэмүүлсээр хурдалцгаана. 18 насаа хүний нутгийн тэнгэр доор угтан авлаа.

    Хүний нутгийн уулс, харцанд ерөөс дасахгүй л байна, түүнийг давуулан нутаг зүгээ санаа алдан ширтэх юм. Хархан бага наснаас минь надтай хамт байсан нутгийн салхи, дурсан санасан цагт хүрээд ирдэггүй нь гачлантай. Хайртай нутгийнхаа сайхан бүхнийг алсад одсон хойноо мэдлээ. Хад чулуу, элсэн манхан, удармал булаг, мод шороо нь хүртэл сайхан байлаа, сэтгэлийг сэргээсэн өнгө өнгийн цэцэгсийн дундуур тоглож өссөн бага насаа би саналаа, тийм ээ, хэдхэн өдрийн өмнө би хүүхэд байжээ.

    Өөрийн төлөө ирж, өрөөлийн төлөө буцдаг гэж шувууд хаварт ирж, намар буцдаг тухай ээж багад ярьдагсан. Үүрийн гэгээ ороход хамгийн гэрэлтэй харагддаг тэр одыг үүрийн цолмон гэж аав зааж өгдөг байсан юм, тэгээд өглөө болгон тэр одыг хараад авах болсонсон, энэ бол миний бага нас байлаа, тийм ээ би тэр сайхан цолмон одыг үргэлж хардаг байсан.

    Тэнгэр хөх харагдах юм, гэтэл үнэндээ тийм хөх биш аж, үүнийг би хожим эрдэм сурч явахдаа мэдсэн билээ. Гэтэл хөх өнгөнд хүн бүхэн хайртай, хөх тэнгэрт хэн бүхэн бишрэлтэй. Хүн бүхэнд төрлөхийн таалагддаг өнгө учраас тэр. Дурлаж хайрласан анхны хайр хувь ерөөлөөр дутлаа ч намрын энэ улиралд хөх тэнгэрийн уудмаар хөвөлзөн нүүх цагаан үүлс миний сэтгэлийг аргадан байх шиг. 18 насны энэ намрын мөрөөдөл, бага насыг минь миний сэтгэлд үүрдийн мөрөөдөл болон хадгалагдах юм. Сайхан аялгууны аясаар жаргаж зовж явах энэхэн насанд, түүнийгээ би хэзээд хайрлан дурсах болно.

    Хөлд орсноос өнөөдрийг хүртлэх энэ 18 жилд, хунгийн цуваа шиг нэг үеийн найз нөхөд минь, олныхоо түшгээр өсч торнижээ. Бид бүхний хойно хоцорсон дуртгал мөрөөдөлтөй энэ зам дээр, хожим ч үргэлжлэх бид нарын мөр хамтдаа үлдэх учиртай. Хүн гэдэг сэтгэлээрээ амьдарч явдаг болохоор, аз жараглыг бас сэтгэлийн хүчээр олж чадна гэлтэй. Хүний ертөнц хайраар дутаж болдоггүй тул, цээжний уудам зайдаа агаар тэнгэр бүгдийг нь багтааж явмаар байна. Нарлаг хорвоогийн тоосонд уусч шингэж явах, хэн хүний 18 насны намар даанч учиртай шиг санагдна. Нэхэж гүйцэхгүй өчигдрөө эргүүлж авчирна гээд яахав дээ, мөрөөдөлдөө түүнийгээ үлдээе, нэмэгдэх насаа хайрлаж, сэтгэлээ уужлаж дуулъя.