• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-20 10:26:47    
Хожимдол

Хятадын Олон Улсын Радио

    Галт тэрэг хөдлөн хурдаа авахтай зэрэгцэн буудлын тавцан дээр нэгэн бүсгүй дагуулсан эр сандруухан гарч ирлээ. Буудлын ажилтан галт тэрэг хөдөлснийг мэдэгдэн хүмүүсийг холдуулж байв.

    Нөгөө эр "Дахиад хожигдчихлоо" хэмээн бухимдангуй өгүүлээд "яагаад үргэлж хоцордог юм бэ?" гэж нэмж үглэнэ. Дөрөв тавхан өрөө бүхий нэг байшинтай жижигхэн өртөө л дөө. Байшингийнх нь хананы шавар шохой хуулраад хийсвэр урлагийн бүтээлийг санагдуулахуйц болчихож.

    Гучин жил өнгөрч энэ хугацаанд буудлын эргэн тойрон олон юм өөрчлөгджээ. Шинэ бүтэц, өвөрмөц барилга, сайхан өнгөлж будсан хана дээр нь нөгөө муу хуучин байшин. Арав гаруй хүн галт тэрэг хүлээн нааш цааш холхицгооно. Үдшийн сэрүү орж жихүүн салхи үлээнэ. Эмэгтэй хүрэмнийхээ захыг товчлонгоо "үгүй ээ одоо буцацгаая, надад энд эвгүй байна" гэлээ. "Санаа зоволтгүй ээ, чамайг хүмүүс тэр жилийнх шиг анзаарч харахгүй. Гучин жилийн өмнөх тэр бүсгүй биш болсон шүү дээ чи." "Тиймээ тэр цаг өнгөрсөн. Би хөгширсөөн".

    Гучин жилийн өмнө энэ хоёрын хэн хэн нь залуу байлаа. Тэд орон нутгийн ажилчин ангийнхны цуглаан дээр танилцаж бие биедээ сэтгэлтэй болсон юм. Харамсалтай нь охины эх охин болоод хүүтэй нэг л айлтай хэлэлцэн ураглахаар төлөвлөсөн байж. Залуугийн хувьд бол эхнэр аваагүй хоёр эрэгтэй дүүтэй. Тэднийх нэг ч охингүйн дээр бэр авахын цагт инжинд хүргүүлэх бэлэгний бэлээр бас тааруу. Ингээд энэ эр эм хоёрт гэрлэчих арга зам тун бага байсан ч залуу яаран бууж өгсөнгүй. Тэгээд бүсгүйгээ гэрээсээ хамтдаа оргохыг санал болгож охин баахан эмээж эргэлзсэний эцэст зөвшөөрчээ.

    Товлосон өдрийнхөө шөнөөр энэ буудлаас галт тэргэнд суухаар төлөвлөв. Гучин жилийн өмнөх хос залуугийн нүдэнд энэ буудал хачин сүрлэг том байгууламж харагдаж билээ. Хэдхэн мөчийн дараа галт тэргэнд суун одож хэн ч амьдралд нь саад болохгүй холыг зорин одохоор буудал дээр уулзсан хосын сэтгэл хачин ихээр хөдөлсөн нь илт. Тэд залуугийн авгын нутаг Хейлонжан хүрэхээр төлөвлөжээ. Тэр хүрэх хоёр тасалбарыг сэм худалдан авч бэлдсэн байв. Тэгээд галт тэрэг хөдлөх цагийн өмнөхөн хоёр талаасаа уулзжээ. Бүх зүйл санаснаар бүтэж байгаад баярласан хоёр болзоот унааныхаа зорчигчдын зам дээр тэврэлдэн зогсч байлаа.

    Харамсалтай нь галт тэрэг тэднээр дэндүү хатуу тоглосон гээч. Хосуудын товлосон унаа хөдлөөд бүтэн цаг өнгөрчихсөн байж. Яах ухаанаа ч ололгүй тэврэлдэн зогссон эр, эм хоёрыг удалгүй хүүхний талын ар гэрийнхэн бараг арав гаруй хүн нэхэн ирж газар дээр нь барьж авчээ. Тэд залууг нилээн сайн балбаж аваад хүүхнийхээ хоёр гарыг холбон нуруунд нь хүлээд хүзүүнээс нь оосорлон авч одсон юм. Харин хөөрхий залууг ухаангүй хэвтэж байхад нь гэрийнхэн нь ирж аваачсан бөгөөд бүтэн сар хэвтэрт байсан гэдэг. Түүнийг арай гэж эдгэн босч ирэхэд хүүхнийг гэрийнхэн нь аль хэдийн төлөөсний маягаар айлд бэр оруулсан байлаа. Залуу нилээн хэдэн жил багахан оногдсон газар дээрээ ажиллан ганц бие амьдарч ирэв. Сайн хөдөлмөрлөсний үрээр овоо ч мөнгөжиж эхнэр авахад элбэг хүрэлцэхээр юмтай болж. Нас нь ч гуч хүрч ганц бие эрийн хувьд юм бодох цаг хэдийн ирсэн байлаа. Гэхдээ бие хаа сайтай, олонд тусархаг болохоор нь залууд охиноо өгөх гэсэн айлууд мундахгүй олон. Гэвч залуу олныг гайхшруулсан ажил тарьж зэргэлдээ тосгоны айлд "хүргэн орж" орхив. Бэр буулгаж авчрахын оронд айлд хүргэн орно гэдэг эр хүний хувьд удам судраа гутаасан тэвчишгүй явдал. Арга ядсан нэгэн л ийм алхам хийхээс эхнэрийнх нь гэр бүлийн овгийг үр хүүхэд нь залгамжилж, хадмынхаа гэрт суух ийм хувь тавиланг барагтай эр хүсэхгүй нь мэдээж. Удам судрынхаа нэрийг шившиглэсэн ийм алхамыг уг нь тэр хиймгүй л хүн. Гэсэн ч тэр гэр бүлээсээ холбоо хэлхээгээ таслан айлд хүргэн орохоор дуртайяа одсон гэдэг.

    Гайхаж зэвүүцсэн нутгийнхан нь сүүлд мэдэхнээ залуу хайр сэтгэлээ өгсөн Чунпин хүүхнийхээ суугаа тосгонд амьдрахаар одсоныг ухаж ойлгожээ. Тэгээд нөгөө хоёрын явдал сэргэх вий гэж санаа зовцгоож байсан ч нилээн хэдэн жил өнгөрөхөд тийм учир гарсангүй. Аль аль нь өөр өөрийн үр хүүхдүүдтэй болцгоож тус тусын замаар амьдарсаар байлаа.

     Нэг л мэдэхэд гучин жил өнгөрч нөгөө хоёрын хэн хэн нь хөгширцгөөв. Гэтэл эрийнх нь эхнэр уушигны өвчнөөр өөд болж, удалгүй эмэгтэйн нөхөр автын ослоор нас баржээ. Энэ явдлаас хойно гудманд санаандгүй таарсан хоёрын хэн хэнийх нь нүдэнд олон арван жил мэдэгдэлгүй дарж ирсэн сэтгэлийн нь очис дахин асчээ. Нэгэн тосгонд нэгэн овогтой амьдарч ирсэн хоёр уламжлал ёсоор авга, нагацууд болсон ч бусдад буруугаар сэжиглэгдэхгүйн эрхээр гучин жил гаруй хоорондоо үг солилгүй амьдарч ирсэн юм. Хамтдаан байх сүүлчийн боломжийг алдахгүй байхсан гэхдээ эр нь эмтэйгээ болзоо тавин уулзаж хамт амьдрах санал тавьжээ. Нөгөөх нь баахан эргэлзсэний эцэст зөвшөөрч.

    Гэсэн ч тэдний санаа дахиад л дэмжигдсэнгүй, энэ удаад хүүхдүүд нь саад боллоо. Хүүхдүүд нь ухаан муутайдаа бус харин хэргийн учир нь эм нь эрээсээ угсаа дээгүүр гэр бүлд хамрагдах болсонтой холбоотой болж таарав. Хэрэв тэд үнэхээр гэрлэж гэмээ нь бөөн хов живийн бай болох нь.

    Хүүхдүүдэйгээ зургаан сар гаруй маргаж үзэлцээд барсангүй эцэст нь аргаа өөрчилж бас л оргохоор шийджээ. Яг л гучин жилийн өмнөх явдал шиг.

    Буудал дээрх хүлээх зорчигчиддоо мэдэгдэн дохиогоо хангинуулсаар галт тэрэг ирж явна. Эмэгтэйнхээ гараас хөтөлсөн эр "галт тэрэг ирж явна" хэмээн сэтгэл нь хөдлөн өгүүлэхэд "ёстой доо" хэмээн эмэгтэй нь эрийнхээ үгийг өлгөн аваад "өнгөрсөн удаад нэг цаг хожимдсон маань амьдралын минь хагасыг шийдсэнсэн" хэмээжээ.

    Гэтэд галт тэрэг зогсоолдоо хүрэхийн даваан дээр эмэгтэйн хүү, охин, хүргэн бэрүүд тэднийг нэхэн ирж эмэгтэйг хүчээр авч одсон бөгөөд хүү нь өвгөнийг анхааруулсан тун ширүүн харц шидээд эргэжээ.
Галт тэрэгнээс зарим зорчигчид нь бууцгаан зарим нь нэмэгдэн сууцгааж, зөөлхөн хөдөллөө. Нөгөө эр галт тэргийг далд ортол зам дээр удаан зогсчээ. Тэгээд эцэст нь "за энэ удаад бүх амьдралаараа хожимдлоо" хэмээн шүүрс алдав.

    Түүнээс хойш тэр өдөр бүр галт тэрэгний буудал дээр ирдэг болжээ. Тэгэхдээ галт тэргэнд суух гэж биш харин галт тэрэг цагтаа ирж буй эсэхийг л мэдэхээр. Галт тэрэгний бараа харагдах төдийд зам дээр гарч ирээд бугуйн цагаа харж хүлээн зогсоно. Буудлын ажилчид эхэндээ түүнийг замаас зайлуулах гэж хөөдөг байснаа сүүлдээ хайхарч үзэхээ ч байв.

    Тэнд байнга зогсч харагддаг нөгөө эр нэг мэдэхэд тэр жижигхэн өртөөний дүр зургын нэгэн хэсэг болжээ.