Хятадын зүүн нутгийн Шаньдүн муж сүүлийн жилүүдэд эдийн засгийн шилжилтийн алхаагаа түргэтгэж, эрчим хүчний өндөр зарцуулалттай ажил төрлийг дорвитой цэгцэлж, эрчим хүчний зарцуулалт хийгээд бохирдол ихтэй жижиг аж ахуйн нэгжүүдийг хаасан бөгөөд байгаль орчныг хамгаалах үйлдвэрлэлийг нааштай хөгжүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлсэн байна.
"5,4,3,2,1, дэлбэл....."
Энэ бол Шаньдүн мужийн Заожуан хотын цементийн жижиг үйлдвэрийг дэлбэлэн нурааж байгаа байдал болно. Үүний зэрэгцээ тус хот нь жижиг цахилган станцуудыг хааж, эрчим хүчний зарцуулалт мөн бохирдол ихтэй жижиг цогцолборуудыг дэлбэлж нураасан байна. Шаньдүн мужийн Байгаль орчныг хамгаалах газрын орлогч дарга Шюй Ган хэлэхдээ, Эрчим хүчний зарцуулалт болон бохирдол ихтэй жижиг аж ахуйн нэгжүүдийг цэгцэлсэн явдал нь Шаньдүн мужийн үйлдвэрлэлийн бүтцэд зохицуулалт хийсэн чухал арга хэмжээ мөн гэжээ.
Сүүлийн жилүүдэд Шаньдүн муж нь эдийн засгийн шилжилтээ түргэтгэх олон арга хэмжээ авч, бохирдуулга ихтэй жижиг аж ахуйн нэгжүүдийг цэгцлэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах бохирдолгүй төслийг дорвитой дэмжин хөгжүүлж ирсэн байна. Жишээлбэл, Илчний жижиг цахилгаан станцыг хаасны дараа салхины хүчээр цахилгаан үүсгэх зэрэг цэвэр эрчим хүч хөгжүүлж, байгаль орчноо хамгаалсан бөгөөд мөн орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлсэн байна. Тус муж нь мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулах хатуу баримжаа тогтоож, бохирдол ихтэй төслийг эрс шуурхайгаар зогсоож байна. Шаньдүн мужийн Гадаад эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны газрын орлогч дарга Мэн Жяньшинь танилцуулж хэлэхдээ,
Зээлдэн оруулах бүх том төсөлд заавал байгаль орчны үнэлгээ хийх хэрэгтэй. Энэ үнэлгээг давахгүй юм бол төсөл нь хэдий том байлаа ч гэсэн батлагдахгүй юм. Энэ арга эхмжээ нь Шаньдүн мужийн ирээдүйн хөгжилд ашигтай юм гэжээ.
Эрчим хүч хэмнэн байгаль орчныг хамгаалах төсөл нь мөн тухайн нутгийн ард түмний сайшаалыг хүлээж байна. Вэнь Чуаньжэнь суурины 74 настай иргэн Лю настан хэлэхдээ, Эдгээр төсөл нь байгаль орчинд халгүй бөгөөд орон нутгийн ард түмэнд ач тусаа хүртээж байна гэжээ. Тэрээр:
Энэ салхины хүчээр цахилгаан үүсгэх төсөл бидэнд их таалагдаж байна. Учир нь бид түүний ач тусыг хүртэж байна. Нүүрс шатаахгүй учраас бохирдол байхгүй. Энэ чинь үр хүүхэд хойч үед маань ашигтай шүү дээ. Нөгөө талаар дуу чимээгүй. Үүнээс бид ач тус хүртэж байна гэжээ.
Эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах ажлыг чухалд үзэх бол Шаньдүн мужийн бүх шатны удирдлага болон ард түмний хамтын үзэл бодол юм. Шаньдүн мужийн Гадаад эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны газрын орлогч дарга Мэн Жяньшинь хэлэхдээ, Шаньдүн муж байгаль орчныг хамгаалж, эдийн засгийн хөгжилдээ тус дөхөм үзүүлж, эдийн засгийн шилжилтийн алхаагаа үргэлжлүүлэн түргэтгэх болно гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ,
Бид нөөц баялгаа дуусгаж, ажил хэргийг нийгэмд өгч, бохирдлыг хойч үедээ үлдээж болохгүй. Төсөл бүрийг эрчим хүч хэмнэх, эрчим хүч зарцуулах талаар шалгаж, ашигтай зүйлийг илүү хийж, хойч үедээ ач тустай зүйл хийх хэрэгтэй юм гэжээ. \Цэцэн орчуулж, Номин хянав\
|