Хятадын эрчим хүчний том муж Шаньши муж сүүлийн жилүүдэд нүүрсний аж үйлдвэрийн тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, эрчим хүчний зарцуулалт болон бохирдол ихтэй жижиг нүүрсний уурхайнууд хийгээд мөн тийм аж ахуйн нэгжүүдийг хааж, эрчим хүчний үйлдвэрлэл нь урьд өмнө байгаагүй сайн сайхан хөгжлийн үзүүлэлттэй болсон байна.
Шаньши мужийн хайн тодолсон нүүрсний нөөц 260 тэрбум тонн байгаа нь Хятадын нийт нүүрсний нөөцийн гуравны нэг хувийг эзэлж байна. Урт хугацааны турш тус мужийн чулуун нүүрсний төрийн өмчийн том оврын аж ахуйн нэгжүүд нь олон мянган жижиг дунд уурхайнуудтай зэрэгцэн оршсоор ирсэн бөгөөд жижиг уурхайнуудын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь хоцрогдож, эх баялгийг булаалдан дур зоригоороо уудлан малтаж, уурхайн осол эндэл гаргаж байжээ. Энэ зууны эхээр Шаньши муж нь жижиг уурхайнуудыг хааж, дунд зэргийн уурхайнуудыг өөрчилж, том оврын уурхайг хөгжүүлэх сэтгэхүй дэвшүүлсэн бөгөөд 2001 онд Хятадын өнөөгийн чулуун нүүрсний хамгийн том аж ахуйн нэгж болох Шаньшигийн Жяомэй корпорацийг байгуулсан байна.
Энэ жил 59 настай Дү Фүшинь бол Шаньшигийн Жяомэй корпорацийн Зөвлөлийн дарга юм. 6 жилийн турш тэрээр оюун ухаанаа орон нутгийн жижиг дунд оврын нүүрсний уурхайг хавсарган нэгтгэх, худалдаж авах, цэгцлэн зохицуулах ажилд зориулсан юм байна. Тэрээр хэлэхдээ,
Гурав таван жилийн дотор тоног төхөөрөмж, техник, удирдлагын түвшнийг нь дээшлүүлсэн. Жишээлбэл гаазын хяналт хэмжилтийн систем, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын дэд бүтэц зэргийг корпораци байгуулсны дараа нэлээд өндөр зэрэглэлд хүргэсэн байна гэжээ.
Өнөө Шаньшигийн Жяомэй корпорацийн зөвхөн үйлдвэрлэлийн аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг өөрчлөхөд оруулсан хөрөнгө мөнгө нь 6 тэрбум 400 сая юаньд хүрсэн юм байна. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Шаньши муж мөн нүүрс олборлолтын тогтвортой хөгжлийн арга замыг нааштай хайн сүвэгчилж байна.
Өнөө том том уурхайн компаниудын төрөл бүрийн арга замаар жижиг дунд оврын нүүрсний уурхайнуудыг цэгцлэх арга бүх Шаньши мужийн хэмжээнд бүх талаар хэрэгжиж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал бага, тоног төхөөрөмж муу, бохирдол ихтэй уурхайнуудыг хааж, том оврын аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж, эмхлэн байгуулсны дараа тоног төхөөрөмжийг нь сайжруулан, техникийн өөрчлөлт хийж, ажилчдын аюулгүй байдлыг баталгаажуулан, үйлдвэрлэлийн үр ашгийг нь дээшлүүлжээ. Шаньши мужийн намын хорооны Нарийн бичгийн дарга Жан Баошүнь хэлэхдээ, Шаньши муж шинжлэх ухаанч хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, ард түмэндээ үнэн дорвитой ач тус хүртээж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Тогтвортой хөгжлийг хэрхэн биелүүлэхийг хайн сүвэгчилж, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчилж, орчил эдийн засгийг хөгжүүлэн, эх баялгийг хэмнэн хамгаалж, байгаль орчноо засан сайжруулж, экологийг сэргээн, шинэ хөгжлийн явцад байгаль орчныг чадавхийг хир хамгаалж, улс орондоо нэн их хувь нэмэр оруулахын зэрэгцээ нутгийн ард түмнийхээ нэн урт удаан аз жаргалын төлөө бодох хэрэгтэй гэжээ.
Шаньши мужийн уул уурхайг цэгцлэн хөгжүүлэх стратеги ил тод үр дүнд хүрлээ. 2006 онд тус мужийн эрчим хүчний зарцуулалт болон бохир бодис гаргах хэмжээ анх удаагаа буурлаа. 1999 онд хот суурины оршин суугчдын хүн дутмын орлого Хятадын 31 муж, өөртөө засах район болон хотуудын дотор хамгийн адагт байсан бол 2006 онд 17-рт орж, анх удаа 10 мянган юаниас давлаа гэж тэрээр танилцуулсан байна. \Цэцэн орчуулж, Номин хянав\
|