"Тансаг лам баруун газраас ном залсан үлгэр"-ийг үзсэн сонссон хүн болгон Сүнь ү күн буюу мэчин багшийг сайн мэднэ. Тэр үлгэрт тэмдэглэснээр бол мэчин багш "сайхан цэцэг үргэлж дэлгэрч, аршийн жимс хааяагүй ургадаг" аршийн ууланд төрсөн байжээ. Тэр уулны нэрийг Хуа гүө шань гэдэг. Хятадын зүүн нутгийн тэнгис дагуу байрладаг Жян сү мужийн Лянь юнь ган хотод ч "Хуа гүө шань" нэртэй уул байдаг юм. "Тансаг лам баруун газраас ном залсан үлгэр"-ийн доторх хуа гүө шань буюу цэцэг жимстэй уулыг мөн энэ Лянь юнь ган хотын "Хуа гүө шань" нэртэй уулаар үлгэрлэж бичсэн юм гэнэ.
Лянь юнь ган хотын "Хуа гүө шань" нэртэй уул нь үнэхээр "Тансаг лам баруун газраас ном залсан үлгэр"-ийн доторх хуа гүө шань буюу цэцэг жимстэй уултай адилаар цаг агаар нь дөрвөн улиралдаа бүр хавраараа байдаг болохоор байгалийн үзэмж байдал үзэсгэлэнтэй сайхан байж, хорвоод ховорхон байдаг арш хувилгаадын гэмээр гайхамшигтай сайхан газар юм.
Энэ хуа гүө шань ууланд гол болох үзэмжийн цэг бааз гэхэд л зуугаад байдаг. Үүний зонхилох нь "Тансаг лам баруун газраас ном залсан үлгэр"-ийн дотор гардаг нутаг усны тухай уран дүрслэлтэй маш төсөөтэй байдаг юм. Жишээлбэл мэчин багшийн төрж гарсан хад, сармагчны дүрстэй хадууд олон байдаг бөгөөд хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг нь Шүй лянь дүн нэртэй хадны агуй юм. Уламжлал яриагаар бол хадны агуйны амсарт шүрэн орхиул татсан юм шиг агуйны амсрын оройгоос тунгалаг урсгал асгаран буугаа энэхүү үзэмжтэй сайхан агуй бол мэчин багш болон түүний сармагчин шавь нарын өлгий нутаг аж. Шүй лянь дүн хэмээх энэхүү хадны агуй дотроос гадагш харахад агуйн амсрын гадна талаар ширүүн урсгал хагасаж татрашгүй халин буух боловч харин агуй дотроо бол уужим тэнигэр нам сэлүү, туйлын тохилог сайхан юм. Энэ агуй дотор чулуун ширээ, чулуун сандал эмх цэгцтэй тавиастай нь үнэхээр мэчин багш шавь нараа дагуулан саяхан эндээс явсан юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.
|