Өдөр тутмын амьдралд хүмүүсийн хувцас хунар дээр янз бүрийн хир буртаг наалдаад цэвэр цэмцгэр байх болон сэтгэл санаанд ч нөлөөлдөг. Иймээс хувцас хунар дээр тун амархан наалддаг янз бүрийн хир буртгийг арилгадаг дөхөм аргуудыг эзэмших шаардлагатай байна.
Жимсний шүүсийг арилгах аргууд:
Нэгдүгээр арга. Материал: Хоолны давс, савантай ус. Дэс дараалал: А. Жимсний шүүс хүрсэн хэсгийг нь усаар норгоно. Б. Энэ хэсэгтээ үргэлжид нь давс түрхээд 10 минут хүлээнэ. В. Савантай усаараа угаана. Анхааруулах зүйл: Энэ аргыг хэрэглэхдээ нэн даруй гүйцэтгэх хэрэгтэй, удах юм бол маш сайн үр дүнд хүрч чадахгүй байж ч болзошгүй юм.
Хоёрдугаар арга. Материал: Цагаан цуу. Дэс дараалал: Хувцас хунар дээр чинь жимсний шүүс хүрсэн ор байвал энэ хэсэг газрын дор талд нь ус сордог даавуу тавьж байгаад жижиг бөөрөнхий хөвөнг цагаан цуунд дүрж байгаад жимсний шүүс хүрсэн газрыг арчвал түүнийг тун амархан арилгаж болох юм.
Цус дуссан толбыг арилгах арга
Материал: Улаан лууван, саван. Дэс дараалал: А. Хувцас хунарынхаа цус дуссан толбын дор талд нь үстэй алчуур тавьж байгаад дээр талаас нь улаан луувангаараа хүчтэй арчихад төдий л удахгүйгээр цус дуссан газар дээр луувангийн шүүс нэлийнэ, энэ бол луувангийн шүүс нь хатсан цусны толбыг дэвтээж байгаа хэрэг юм. Б. Хатсан цусны толбыг дэвтээсэн тохиолдолд савангаа түрхээд тунгалаг усаар угаачихвал цус дуссан толбууд бүрмөсөн арилах болно.
Улаан усан эм дуссан толбыг арилгах арга
Материал: Цагаан цуу. Дэс дараалал: А. Хувцас хунарынхаа улаан усан эм дуссан толбо дээр цагаан цуу түрхэж байгаад дахин дахин арчина. Б. Дараа нь тунгалаг усаар угаачихвал улаан усан эм дуссан толбууд бүрмөсөн арилах болно.
Цайны зэвийг арилгах аргууд
Нэгдүгээр арга: Хувцас хунар дээрээ гэнэт цай дусаахад хүрвэл хувцсаа даруй түргэн тайлаад бүлээн усаар хэдэн удаа угаавал цэвэрхэн хэвдээ орох болно. Сануулах зүйл: Эрхбиш бүлээн усаар угаах хэрэгтэй.
Хоёрдугаар арга: Материал: Нимбэг. Дуссан цай нэгэнт хатсан тохиолдолд, урьдаар цай дуссан газрыг савантай усаар хэд удаа угаана, дараа нь нимбэгээ таллаж хэрчээд хир буртагтай газар нь нимбэгийн шүүсийг хэдэнтээ дусааж, дахиад савантай усаараа угаана, хамгийн сүүлд нь тунгалаг усаар угаавал цэвэрхэн болно.
Сануулах нь: Глицерин болон өндөгний шарыг хольж хутгаад цай дуссан газар нь түрхээд жаахан удасхийж байгаад цэвэрхэн усаар угаахад хир буртгийг гүйцэд арилгаж бас болох юм.
Тосон балын ормыг арилгах арга
Материал: Саван \шүдний оогоор орлуулж ч болно\ Спирт\спирттэй үнэрт ус буюу цагаан архиар орлуулж болно\ Дэс дараалал: А. Урьдаар хувцсаа норгоод, дараа нь саван юм уу шүдний оогоор цэвэрлэнэ. Б. Тосон балын ором дээр спирт шүршиж, дараа нь нухална, энэ аргаар тосон балын хар ором, хөх ормыг тун амархан арилгаж болох юм.
Сануулах зүйл: Тосон балын хар ором болон хөх ормыг арилгахаас тосон балын улаан ормыг арилгах нь тун хэцүү байдаг. Иймээс улаан балтай бийр хэрэглэхдээ та бүхэн нэн болгоомжтой хандахыг санал болгоё.\Л.Буянтогтох орчуулав\
|