Та бүхэндээ Хятадын баруун өмнөд хэсгийн уулан нутгийн хүүхдүүд хотын дунд сургуульд сурах болсон үлгэрээс ярьж сонирхуулъя.
14 настай Фү Чинь охины гэр Хятадын баруун өмнөд хэсгийн Чэндү хотын Лүн Чуань-и дүүргийн Лүн Чуаньшань ууланд байдаг. Түүнийг бага сургуульд орох үед аав ээж нь хот орж ажил хийхээр яваад, Фү Чинь болон түүний эмэгтэй дүү нь 70 настай өвөө эмээтэйгээ гэрээ сахиж хоцорсон байжээ. Бага сургуулийн 6 жилийг Фү Чинь уулан нутгийн бага сургуульд өнгөөрсөн юм байна. Тэрээр хэлэхдээ,
Манай сургуулийг Туаньжэ бага сургууль гэдэг, их алас зайдуу сургууль, 100 гаруйхан сурагч, 10-аад багштай, сургуульдаа очиход 40 гаруй минут явдаг. Хичээлийн байр маань бороо орсоор л гоождог байсан гэжээ.
Сургуулийн нөхцөл боломж их тааруухан байсан ч энэ охин хичээл номдоо шамдаж бага сургуулиа амжиллтай дүүргэв. Гэвч түүний гэрийн ойр хавьд дунд сургууль байхгүй, хамгийн ойр сургуульд очиход цаг 30 минут явдаг байлаа. Энэ нь Фү Чинь охин болон түүний аав ээжийг их зовоожээ. Гэртээ сууж сурхад сургууль дэндүү хол, сургуулийн дотуур байранд суухад төлбөр нь гүйцэгдэхгүй, аав ээжээ дагаж Чэндү хотод сургуульд суухад төлбөр нь нэн өндөр байлаа. Фү Чинь охин гэртээ дараас болох дургүй, гэхдээ сургууль завсардах нэн дургүй байлаа. Энэ үед ангийн багш нь түүнд сайхан чимээ дуулгажээ.
Ангийн багш бидэнд хичээл номоо сайн сур, өнөө засгийн газраас их олон хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж байна, жишээлбэл "алтан гарьд " төсөл байгаа, танар сайн сурах юм бол хотын сургуульд төлбөргүй сурах боломжтой гэж хэлж өгсөн гэжээ.
Гарьд гэдэг бол Хятадын ардын домог үлгэрт гардаг өлзий дэмбэрэлтэй шувуу юм, Хятад хүмүүс амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулж эрдэм номтой болсон хүмүүсийг алтан гарьд гэж зүйрлэх нь бий. Энэ охины хэлж байгаа алтан гарьд төсөл гэдэг бол орон нутгийн засгийн газрын хэрэгжүүлсэн уулан нутгийн хүүхдүүдэд шилдэг боловсрол хүртээж, хувь заяагийн нь өөрчилж, уулан нутгийн алтан гарьд болгох төсөл юм.
Лүн Чуань-и дүүргийн нутаг дэвсгэрийн 42 хувийг уулан нутаг эзэлж байдаг. Уулан нутагт сургууль мөн олон байгаа боловч жижиг бөгөөд нөхцөл байдал нь муу, багшийн мэдлэг боловсрол дутмаг учраас уулан нутгийн хүүхэд сургуульд ороход их хүндрэлтэй байдаг. Лүн Чуань-и дүүрэг нь судалгаа шинжилгээ хийж, сурагчид болон тэд нарын аав ээжүүдийн санал бодлыг сонссоны дараа 2005 оны 2-р сараас "Алтан гарьд" төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм байна.
Фү Чинь охин яаг энэ боломжийг амжин хотын сургуульд орсон байна. Өнөө энэ дүүргийн уулан нутгийн бүх дунд сургуулийг татан буулгаж, уулан нутгийн Фү Чинийг оролцуулсан 3100 гаруй хүүхэд цөмөөрөө хотын дунд сургуульд сурч байна. Тэд нар сургалтын төлбөр, сурах бичгийн зардал, байрын төлбөрөөс чөлөөлөгдсөн бөгөөд сардаа 100 юаний хоолны нөхвөр, 20 юаний замын зардал, 10 юаний буцалсан ус уух мөнгө авч байна. Сургууль нь тэд нарт мөн сургуулийн хоёр дүрэмт хувцас хийж өгчээ.
Фү Чиний сурч байгаа Чэндү хотын эдийн засаг нээн хөгжүүлэх бүсийн туршилтын дунд сургууль бол дотуур байртай сургууль юм. Уулан нутгийн хүүхдүүд энд төвлөрөн сурч байна. Сургууль нь саруул уудам хичээлийн танхим, цэвэр цэмцгар дотуур байр, биеийн тамирын талбайтай бөгөөд сайн багш нартай юм байна. Сургуулийн захирал Жан Юйлин танилцуулж хэлэхдээ,
Манай багш нарын ихэнхийг дүүргин дотроос шалгаж авсан, бас нэг хэсэг нь Чэндү хотын дотроос шалгаж авсан, өөр нэг хэсэг нь их сургууль төгссөн шилдэг оюутнууд болно гэжээ.
Энэ сургуульд сурч байгаа их олон хүүхдийн аав ээж нь хот орж ажил хийж байгаа болохоор аав ээжийн хайр халамж дутаж, үг дуугүй, хүнтэй харилцах дургүй, сэтгэл санааны талаар их эмзэг байдаг юм байна. Сургуулийн дотуур байранд үе тэнгийн хүүхдүүдтэй хамт амьдарч, багш нь халамжлан хайрладаг учраас тэд нарын сэтгэл санаа маш өөдрөг байдаг байна. Ингээд тэд нарын сурах идэвхижил улам бадарч, ирээдүйдээ нэн итгэлтэй болжээ. Фү Чинь охин хэлэхдээ,
Би их сургуульд орж аав ээжийнхээ ачийг хариулна. Том болсоны дараа цалин хөлс авч аав ээжийгээ жаргуулна. Шанхай, Бээжин шиг их хотууд очихыг хүсч байна гэжээ.
Фү Чиний ангийн охин Зөү Дань харин багш болох хүсэлтэй байлаа. Тэрээр хэлэхдээ,
Би хэл бичигт дуртай, багш болох хүсэлтэй. Багш нартайгаа адилаар нийгэм нийтэд тустай хүн болъё гэж бодож байна гэлээ.
Лүн Чуань-и дүүргийн "Алтан гарьд" төсөл амжилтанд хүрсний дараа Чэндү хотын засгийн газар энэ туршлагыг нэн өргөн хүрээнд нэвтрүүлж, хот хөдөөгийн боловсролыг тэнцвэртэй хөгжүүлэх гэж байна. Чэндү хотын Боловсролын газрын албаны хүн Жүө Жипин хэлэхдээ,
Тэнцвэртэй хөгжил бол манай ажлын зорилт мөн, харин бидний зорилго биш. Бидны эцсийн зорилго бол тэнцвэртэй юм уу, харьцангуй тэнцвэртэй болгож, хүүхдүүдийн өөрийн онцолгийн дагуу бүх талаар хөгжүүлж, хойшдын хөгжилд нь үндэс суурь тавьж өгөх явдал болно гэжээ.
Хятадад Лүн Чуаньшань шиг ийм ядуу уулан нутаг мөн их олон бий. Аав ээж нь хот орж ажил хийснээс гэрээ сахиж үлдсэн хүүхэд өнөө 20 гаруй саяд хүрээд байна. Хот хөдөөгийн зөрөөг багасгаж, боловсролыг шударга байлган, хөдөөгийн хүүхдийг хотын хүүхэдтэй нэгэн адилаар боловсрол эзэмшүүлэхэд Хятадын засгийн газар болон нийгэм нийт мөн үргэлжлэн хүчин зүтгэх болно.
|