Оросын нэрт найруулагч Сергей Бодровын "Монгол" нэртэй кино өнгөрсөн 9 дүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон билээ. Ихэнх зургийг нь Өвөрмонголын нутагт авсан энэ киног хамгийн өндөр өртгөөр бүтсэн кинонуудын нэг гэдэг. Нийт 15 сая евро зарцуулсан "Монгол" кино нь ОХУ, Казакстан, Герман, АНУ зэрэг орнуудын хамтын бүтээл бөгөөд олон улсын хамтарсан томоохон кино төсөлд тооцогдож байна. Киноны багт Даши Намдаков, Сергей Сечьянов, Сергей Трофимов, Рохмер Стофферс, Зак Стэнберг нарын зэрэг олонд танигдсан уран бүтээлчид багтсан. Зураг авалт, компьютер график ашиглалт, ерөнхий дүрслэл зэрэг нь Холливудын томоохон бүтээлүүдтэй эн зэрэгцэхүйц юм билээ.
Ихэнх зургийг нь Өвөрмонголын нутагт авчээ. Киноны ерөнхий захирлаар оросын нэрт найруулагчдын нэг ахмад Сергей Бодров ажиллаж, зохиолыг нь бас бичилцжээ. Зохиол болоод үйл явдал нь бидний Чингис хааныгаа төсөөлж ойлгож ирсэн цорын ганц эх сурвалж болох Монголын нууц товчооны бичиглэлээс огт өөр. Зохиолч болоод багийнхны шийдлээр бичигдэж нэгэнт нийтийн хүртээл болсон "Монгол" киноны үйл явдлын талаар үзэгч бүхэн өөр өөрийн өнцгөөс нэгийг эргэцүүлэх нь лавтай. Уг киноны албан ёсны сайтад бол түүнийг Сергей Бондарчукын "Дайн ба энх" бүтээлтэй зүйрлэсэн харагдана лээ.
Чингисийн дүрийг японы нэлээд нэртэй жүжигчин Таданобу Асано бүтээсэн бол Бөртэ-н дүрийг монголын оюутан бүсгүй Хулан бүтээжээ. Жамухын дүрд хятадын жүжигчин, Цуя Харк-ийн "Долоон сэлэм" кинонд тоглосон дүрээрээ олонд танигдсан Сун Хон Лей тоглосон. Энэ кинонд дүр бүтээсэн цорын ганц оросын жүжигчин бол Амаду Мамадоков. "9-р рот", "Цэргүүд" зэрэг киногоор олны танил болсон энэ жүжигчин Таргутайн дүрийг бүтээсэн юм. Чингис хааны дүрийг хамгийн бодитойгоор, монгол хүний сэтгэлд хүртэл бүтээсэн гэгддэг Өвөрмонголын жүжигчин Баасан энэ удаад Есүхэй баатрын дүрд хувирчээ.
"Монгол" кино монгол хэл дээр бүтээгдэж англи, орос зэрэг олон хэл дээр орчуулагдсан байна.
|