Өмнөд Солонгосын улам олон аж ахуйн нэгж Хятадын Шань дүн мужийн далайн эрэг дагуух хотуудад хөрөнгө оруулахын хирээр энэ нутаг өмнөд Солонгосчууд төвлөрсөн газар болжээ. Өнөө зөвхөн Чин дао хотод ажиллаж амьдарч байгаа өмнөд Солонгосчууд бараг 100 мянгад хүрч орон нутгийн эдийн засгийн хөгжлийн чухал хүчин болов. Одоо та бүхэнд Чинд ажил үйлс эрхлэн баяртай амьдарч байгаа өмнөд Солонгосчуудын байдлаас танилцуулъя.
Чин дао хотын Янь эрдао гудамжинд байгаа Сао лүн Олон Улсын Сургалтын Төвийн 100 гаруй сурагчийн олонх нь Чин даод амьдарч байгаа өмнөд Солонгосчуудын үр хүүхэд юм. Тэд хичээлийн гаднах цагаар энд англи хэл сурч байна. Манай сурвалжлагч сүүлийн үед уг төвтэй танилцахад хүүхдүүдийн зарим нь англиар, зарим нь хятадаар, бас зарим нь солонгосоор Чин даод баяр баясгалантай амьдарч байгаа байдлаа ярьцгаав.
Арван настай Ле Сон Хон бага байхдаа аав ээжийнхээ хамт Чин даод иржээ. Бишүүрхүү зантай энэ солонгос хүү англи, хятадаар урсам сайхан ярина. Ээжийн гэдсэнд байхад би Чин даод байсан , өмнөд Солонгост гараад 100 хоносны дараа дахин Чин даод ирсэн гэж ээж надад хэлж өгсөн. Өнөө өмнөд Солонгост манай гэр байхгүй, харихад хүрвэл нагац эмээгийнд л очдог. Хятад улс дахь гэртээ би хайртай, учир нь энэ бол миний ганц гэр шүү гэжээ.
Ле Сон Хон шиг өмнөд Солонгосын хүүхэд Чин даод олон бий. Тэдний зарим нь бага байхдаа Чин даод ирж, зарим нь энд төрж, найзлаж нөхөрлөх нь хятад хүүхэд, наадаж тоглох нь хятадын тоглоом, үзэж сонирхох нь хятадын хүүхэлдэйн кино тул тэдний хувьд Хятад улс нь гадаад орон биш, харин төрсөн нутаг нь юм.
Хятад улсад оршин амьдарч байгаа өмнөд Солонгос хүүхдэд англи хэл сурган түвшнийг нь дээшлүүлэх бол энэ сургалтын төвийг ажиллуулсан захирал Яан Юн Киугийн зорилго мөн. Яан Юн Киу нийслэл Сеүлд амьдарч, охидын сургууль эрхэлж байсан юм. 4 жлийн өмнө эхнэр хүүхдийн хамт Чин даод ирж энэ төвийг ажиллуулсан юм . Уг төвийг ажиллуулсан тухайгаа тэрээр хэлэхдээ, эх орондоо байхад өөрийн гэсэн ажил үйлстэй байсан, найз нөхөд Хятадад хөрөнгө оруулж ажил үйлс эрхлэх тухай үргэлж ярьдаг болохоор өөрөө ч ирж шинжилгээ судалдаа хийж ойлгосон юм. Эндэхийн уур амьсгал тааламжтай, манай өмнөд солонгосчуудын амьдрахад их тохирожтой байдаг ба хөрөнгө оруулах орчин ахуй маш сайн тул Чин даод ирэхээр шийдсэн юм гэжээ.
Яан Юн Киугийн эхнэр Кун Юун Жинь бол ажилласаг солонгос бүсгүй. Тэр нөхрийн хамт сургуулийн ажлыг хийхээс гадна хүүхдээ харгалзан гэрийн ажлаа ажмжуулна. Тэр анх Чин даод ирэхдээ өргөн хэрэглээний эд барааг бүр нутгаасаа авчруулдаг байжээ. Хожим нь Чин даогийн бараа бүтээгдэхүүн чанар сайн бөгөөд хямд байгааг ойлгоод бүх зүйлийг эндээс авах болсон байна. Яан Юн Киу нөхөр гэргий Чин даод маш сэтгэл тэнүүн баяр баясгалантай амьдарч байна. Бүртгэлийн материалаас үзвэл, өнөө Шань дүн мужид өмнөд Солонгосоос хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж 10 мянга гаруйд хүрч, түүний 6 мянга гаруй нь Чин даод байгаа юм байна. Өмнөд Солонгосын Шань дүнд оруулсан хөрөнгө оруулалт 20 тэрбум ам.доллараас давж, өмнөд Солонгосоос Хятад улсад оруулсан нийт хөрөнгийн 57 хувийг эзэлж, Шань дүн муж нь өмнөд Солонгосын худалдааны хамгийн том түнш болжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|