Був буурал толгойтой болсон генерал төрсөн нутагтаа хөл тавьжээ. Хацар дээр нь өөрийнх нь тодорхойлсоноор иргэний дайны дурсгал гэх тод сорви харагдана. Төрөлх тосгонд нь тэдний гэх хамаатан садан олон байсан ч бүгд иргэний дайны жилүүдэд амь үрэгджээ. Настайчуудын ихэнх нь үхсэн болохоор залуучуудаас генералыг таних хүн ховор. Багадаа голоос могой шүүрдэж, шувууны өндөг цуглуулж, уулын зэрлэг лийр түүж өссөн хүүхэд насны нь анд Цан л үлдэж. Цан генерал найзаа хөөр баяртайгаар угтан үйлчилж, эцэг эхийнхээ хөшөөг эргэхэд нь дагалдан бас хүүхэд байхдаа тоглодог байсан газруудаар хамтдаа явжээ.
Үдэш болоход Цан толгойг нь нийлүүлсэн хагас өнцөг хэлбэртэй хоёр ор засч, "бид бага байхдаа өвөртөө унтчихдаг байсан. Одоо хөгшин настай болсон болохоор тийм орыг чи таалахгүй байхаа гэж бодлоо. Тэгээд тусдаа ор засчихлаа" гэв. Хоёр хөгшин шөнө дөл болтол яриад аргагүй нойронд дийлдэв. Генерал орондоо нилээн хөрвөөснөө төд удалгүй нойр нь бүр сэргэчихэв. Тэгээд тэсэлгүй босч орж гарах чимээнээр нь Цан сэрж "Ор нь таарахгүй, нойрыг чинь хулжаачихав уу?" гэхэд нь генерал толгой сэгсэрчээ.
Тэр шөнө генерал хэд дахин сэрж өндөлзөв. "Юу болоо вэ? Бие чинь эвгүйрхээ юу?" хэмээн Цан-ыг хачирхан асуухад "Надад хүүхэд уйлах чимээ сонсдоод байна. Зөөлхөн гиншээд" гэжээ. Цан цонхны сараалжинд чихээ наан сайтар чих тавьсан ч юу ч дуулдсангүй. Тэгээд инээмсэглэн "чи чинь насныхаа хагасыг дайтаж өнгөрүүлсэн хүнсэн. Хий үзэгдлээс айдгийг чинь мэдээгүй юм байна" хэмээв.
Генерал муухан мушийгаад толгой сэгсэрчээ. Гурав дахь шөнөө тэр мөн л эргэж хөрвөөсөөр хэвтэж байж. Нэг босоод л, нэг хэвтээд л хүүхдийн уйлагнах чимээ гарах бүрт өндөлзөнө. Эцэст нь Цан орноосоо босч, үүдээ нээн гаднаа гарч эхлээд баруун тийш дараа нь зүүн тийш чих тавин чагнажээ. Тэгээд инээдээ барьж ядан толгой сэгсрээд "Сонин юмаа, яахаараа би юу ч сонсдоггүй байнаа" гэв. Генерал мөн л толгой сэгсэрчээ.
Дөрөв хоноод генерал дахиад хэд хонооч хэмээсэн багынхаа андын ятгалгыг үл сонсон буцахаар шийджээ. Цан найзыгаа унаанд суулгаж өгөх болов. Тосгоны зах руу гарч яваад уулын хярын будаан талбайн захад уйлж суугаа охинтой таарав. Генерал охиныг үзээд ихэд тэвдэн ганцхан үсэрч дэргэд нь хүрээд өргөн босгож нулимсыг нь арчихаар алчуураа гаргажээ. Тэгээд толгойг нь илэн аргадангаа "Чи яагаад уйлаа вэ?", "Өлсөө юу?" хэмээн асуув. Охин толгой сэгсэрнэ. "Юм идмээр байна уу?" "Талх идэх үү?" охин мөн л толгой сэгсрэв.
Цан тэр хоёрыг хараад инээдээ барьж дийлсэнгүй. "Манай тосгоныхон баян биш л дээ. Гэхдээ идэх юмаар бол дутахгүй ээ. Өлсгөлөн хүн олдохоосоо өнгөрсөн шүү. Боов талхыг чи дурын хоолны газраас эсвэл аль ч жижиг мухлагаас авах боломжтой. Тэр зэргийн хүнснээс бол хүүхдүүд бараг залхсан байх шүү" гэв. Генерал охиноос сургуульд явдаг эсэхийг нь лавлахад охин 3 дугаар ангид сурдаг гэлээ. Генерал тэгэнгүүт халаасаа уудлан том алтан үзэг гарган ирж охинд өгчээ. Охин үзгийг авч байхдаа инээж байлаа. Тэгээд бушуухан генералаас холдон гүйж одов. Генерал далд орж буй охины араас нүд салгалгүй ширтэнгээ чанга гэгч нь инээж "гүйхээ боль, аяар яв, ойчно шүү" хэмээн сануулах аж. "Хөгшин залуу хоёрыг ээ" хэмээн Цан шогширч "Чи хөгшрөөд хүүхэд шиг болжээ. Бас тэдэнтэй учраа ч амар олох янзтай" гэжээ.
"Тэр үнээн, үнэн" хэмээн генерал зөвшөөрөөд би хүүхдэд үнэхээр хайртай гэхдээ уйлахаас нь үхтэлээ айдаг юм хэмээв. Тэгээд тамхиа гарган найзыгаа дайлж өөрөө нэгийг асаагаад гүн амьсгаа авч тамхиныхаа утааг үлээнгээ нэгэн түүх хүүрнэсэн юм. 1948 оны иргэний дайны жил юмсан. Би бүлэг хүүхдүүдийг зөөж явлаа. Гэтэл дайснууд бидний явах замыг бүсэлсэн байв. Зэгс даган намаг туулж явахаас өөр арга үлдсэнгүй. Таван шөнө таван өдөр бид зэгсний түрүү зажилж өл дарж явсан. Өвөл цаг тул тариан түрүү хөлдүү, дээр нь зажлахад хатуу гэж жигтэйхэн. Хүүхдүүд түүнийг залгиж чадахгүй зовцгооно. Тэгээд байнга уйлж явсан ч дайсанд баригдахгүйн тулд чимээ гаргалгүй уйлцгааж явсан юм. Өлсгөлөн хүүхдүүдийн өрөвдмөөр арга ядсан уйлаан зүрхийг минь хутгаар зүсч байх шиг л өвтгөж байсансан. Дайснаар хүрээлүүлчихсэн байж бидэнд ганц ган хийлгэх буу ч байсангүй. Ядаж хүүхдүүд маань дөнгөж 11, 12 настай болохоор дайсантай хүч үзэх тухай бодох ч юм биш. Тэндээ чимээгүйхэн бүгэхээс өөр арга байсангүй. Зөөлхөн гиншсээр гурван ч хүүхэд хамар дор минь өлсөж үхсэн. Таван өдөр, таван шөнө шүү дээ. Өлсгөлөн хүүхдийн гинших дуу тархинд минь даанч гүн суужээ. Хичнээн арван жил өнгөрсөн ч сэтгэл өвтгөсөн тэр дурсамж санаанаас гардаггүй юм. Ийм учраас би хүүхдийн уйлах чимээнд хэт мэдрэмтгий. Хүүхдийн уйлахыг би тэвчиж ч чаддаггүй. Миний хамгийн айдаг зүйл тэр. Өнгөрсөн хэдэн шөнө би хүүхдийн уйлагнах чимээ сонсоод унтаж чадаагүй юм " хэмээн хүүрнэв.
Цан ямар нэгэн юм олж хэлэх гээд болсонгүй, нилээн удаан сууснаа "өнөөдөр өлссөнөөс болж уйлдаг хүүхэд их биш болсон байхаа. Тиймээс анд минь, хүүхдийн уйлахыг тэгж их эмзэгээр хүлээн авдагаа болих хэрэгтэй" гэв. Генерал нилээн удаан чимээгүй сууснаа зөвшөөрсний тэмдэг болгон "Мм" гээд толгой дохив.
|