2007 онд Солонгосын хойгийн цөмийн асуудал нь мөн л олон улсын нийгэмлэгийн анхаарч байгаа халуун цэгийн нэг болсон юм. Холбогдох талуудын хамтын чармайлтаар, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээр нь нааштай шинэ ахицад хүрсэн байна.
"2007 оны 12-р сарын 31-ээс өмнө Ионбений 5 мегаватт чадалтай туршилтын урвалын зуух, цацраг химийн туршилтын өрөө болон цөмийн түлшийн эд анги хийх үйлдвэрийн чадавхийг алдагдуулна . "2-р сарын 13-ны хамтын баримт бичиг"-ийн дагуу, 2007 оны 12-р сарын 31-ний өдөр цөмийн бүх төлөвлөгөөгөө бүрэн оновчтой тайлагнахыг БНСУ-ын тал зөвшөөрөв. Америк БНАСАУ-ыг терроризмийг дэмжих оронд хамруулахгүй ба БНАСАУ-д "Дайсан улсын худалдааны хууль" хэрэгжүүлэхээ зогсоох тухай амлалт хийв".
Энэ бол 2007 оны 10-р сарын 3-ны өдөр, 6-р ээлжийн зургаан талт хэлэлцээний хоёр дахь шатны хурал өндөрлөх үе, хурлын дарга, Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ү Давэйн уншиж сонсгосон "Хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэх хоёр дахь шатны ажиллагаа" гэх хамтын баримт бичиг болно. Энэхүү "Зам шугам" маягийн нааштай үр дүн нь зургаан талт хэлэлцээний ахиц бодитой амжилтад хүрснийг харуулж байна. БНСУ-ын Гадаад харилцаа худалдааны яамны гадаад харилцааны аюулгүй байдлыг хамгаалах судалгааны газрын профессор Жүн Вон-Геун сүүлийн өдөр манай радиогийн сэтгүүлчид тусгай ярилцлага өгөх үедээ, уг ахицын талаар нааштай үнэлгээ өгсөн байна.
"Солонгосын хойгийн цөмийн асуудал бол зохицуулагдахад маш бэрхшээлтэй асуудал. Гэвч зургаан талт хэлэлцээр нь энэ онд нааштай ахицад хүрсэн юм. Зургаан талт хэлэлцээний холбогдох талууд 2-р сар болон 10-р сард тус тус "2-р сарын 13-ны хамтын баримт бичиг" болон "10-р сарын 3-ны хамтын баримт бичиг" тохиролцож, бодитой арга хэмжээ авсан тул, цөмийн зэвсэггүй болгох үйл хэргийг бодитой ахицад хүргэсэн байна" Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээр нь чухал үе шат бүхий амжилтад хүрсэн нь, бүтэн жилийн турш талуудын хийсэн олон давхаргын, олон төрлийн хэлэлцээтэй холбоотой юм. Зургаан талт хэлэлцээний зохион байгуулагч орон болсны хувьд, Хятад улс нь хэлэлцээг ахиулах талаар бүтээлч үүрэг гүйцэтгэсэн юм. Профессор Жүн Бон-Геун хэлэхдээ, зургаан талт хэлэлцээ бэрхшээлд учрах болгонд, Хятад улс хэлэлцээг удирдан нааштай үргэлжлүүлдэг. Хойшид ч Хятад улс нь зургаан талт хэлэлцээний талаар чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
БНАСАУ-ын амласан одоогийн байгаа цөмийн төхөөрөмжийн чадавхийг алдагдуулах болон цөмийн төлөвлөгөөгөө бүх талаар тайлагнах өдөр дөхөхийн хирээр, "10-р сарын 3-ны хамтын баримт бичиг"-ийн агуулга нь товлосон хугацаандаа бүх талаар хэрэгжиж чадах эсэх нь хүмүүсийн анхаарлын төвд байна. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Японы судалгааны газрын орлогч дарга Ким Ши Де, техникийн болон улс төрийн шалтгаанаас болж, жилийн эцсээс өмнө уг зорилт биелэхэд их хэцүү байна гэж үзсэн байна .
"Өнөө гарсан асуудал бол техникийн талын асуудал юм. Жишээ нь, талууд өмнө нь чадавхийг алдагдуулахыг арай хялбараар төсөөлсөн байна. Үнэндээ чадавхийг алдагдуулах нь цаг болон мөнгө хэрэгсэх явц мөн. Хоёрдугаарт, Америк Солонгос хоорондын урт хугацаанд бий болж бүрэлдсэн харилцан итгэлцэхгүй байх харилцаа нь даруй түргэн сайжрах боломжгүй юм. Үүнд тодорхой алхам хийх ёстой" гэжээ.
Тэрээр үүний зэрэгцээ хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудалд хянамгай, ажил хэрэгч хандах ёстой. Алс холыг бодож хэлбэл, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй район болгох нь түүхийн чиг хандлага хэдий ч зохицуулах явц нь саад тотгоргуй, өлзийтэй сайхан болж чадахгүй юм гэжээ.\Алтаннавч орчуулж, Буян хянав\
|