Хятадын бүтээгдэхүүний яс чанарын хяналт шалгалтын салбарын өнгөрсөн оны 8-р сараас эхлэн хэрэгжүүлсэн бүтээгдэхүүний яс чанар хийгээд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг цэгцлэн сайжруулах арга хэмжээ өнөө төсөөлсөн зорилтоо бүх талаар биелүүлэв. Хятадын бүтээгдэхүүний яс чанарын хяналт шалгалтын газрын дарга Ли Чанжян тун саяхан хэлэхдээ, Хятад улс энэ онд энэ арга хэмжээний ололт амжилтыг бэхжүүлж, бүтээгдэхүүний яс чанарын хяналт удирдлагын боловсронгуй систем тогтоон төгөлдөржүүлэх болно гэжээ.
Хятадын өнгөрсөн онд дөрвөн сар хэрэгжүүлсэн энэ арга хэмжээ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, худалдааны салбарын хүнсний бүтээгдэхүүн, гуанз рестроны хэрэглээ, импорт экспортын бүтээгдэхүүн зэрэг 8 талыг цэгцлэн сайжруулах гол цэг болгосон юм байна. Хятадын бүтээгдэхүүний яс чанарын хяналт шалгалтын газрын дарга Ли Чанжян саяхан болсон нэг холбогдох хурал дээр энэ цэгцлэн сайжруулах арга хэмжээний олсон амжилтыг мэдээлсэн байна. Тэрээр хэлэхдээ,
Дөрвөн сар явагдсан энэ цэгцлэн сайжруулах арга хэмжээ нь баярлууштай амжилтанд хүрлээ. Өнөө Хятадын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж боловсруулах 98 мянга гаруй аж ахуйн нэгж цөмөөрөө үйлдвэрлэлийн лиценз авч, бүх бүтээгдэхүүндээ QS хяналт шалгалтын тэмдэг наах боллоо. Хүнсний бүтээгдэхүүний 120 мянган жижиг үйлдвэр цөмөөрөө яс чанарын аюулгүй байдлын амлалт хийв. Хууль бусаар оруулж ирсэн 168 бүлэг мах, махан бүтээгдэхүүн, хаягдал материалыг буцаасан юм уу, шатааж устгав. Экспортын 120 мянга гаруй бүлэг хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн тэмдэг наалаа гэжээ.
Гэвч тэрээр мөн өнөө Хятадын бараа бүтээгдэхүүний яс чанар болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар асуудал оршиж байна гэж тэмдэглэв.
Тэрээр хэлэхдээ, 2008 онд Хятад улс олимпийн наадмыг зохион байгуулна. Энэ нь Хятадын яс чанарын хяналт шалгалтын ажилд авч хэлбэл нөхцөл боломж бөгөөд мөн өрсөлдөөн сорилт юм. Хятадын энэ оны яс чанарын хяналт шалгалтын ажлын гол тал бол бүтээгдэхүүний яс чанарын хяналт шалгалтын боловсронгуй систем тогтоон төгөлдөржүүлж, бүтээгдэхүүний яс чанарт муугаар нөлөөлөх бүх хүчин зүйл, бүх явцыг хяналт шалгалтын хүрээнд хамруулах явдал болно гэжээ.
2007 онд Хятад улс бараа бүтээгдэхүүний яс чанар, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын салбарт гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа нааштай хөгжүүлсэн байна. Жишээлбэл, гадаад орнуудаас Хятадад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн гишүүд болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг урьж, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах аж ахуйн газруудтай танилцуулсан, Хятад – АСЕАН-ны бүтээгдэхүүний яс чанарын хяналт шалгалтын сайд нарын бага хурал хуралдуулсан, олон улсын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын чуулга уулзалт зохион байгуулсан зэрэг багтаж байна. Эдгээр арга хэмжээ нь Хятадын бараа бүтээгдэхүүний яс чанар болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын ерөнхий байдлын талаарх олон улсын хамтын нийгэмлэгийн ойлголтыг нэмэгдүүлж, Хятадын бараа бүтээгдэхүүн болон Хятадын хариуцлагатай том гүрний нэр хүндийг хүчтэй хамгаалсан байна гэж дарга Ли Чанжян үзэж байна. Энэ онд энэ талын солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх болно гэж тэрээр хэллээ. Мөн цааш нь,
Бид холбогдох орнуудтой зөвшилцлөө эрчимжүүлж, засгийн газар хоорондын хамтын ажилагааны механизм тогтоон өргөтгөх болно гэжээ. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|