• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-09 14:48:01    
"Наран тойрог" хоёр дахь дугаар

Хятадын Олон Улсын Радио

     Ред: Хүн төрөлхтний буурал түүхэнд мөнхрөн үлдэх цаг тооны тэмдэглэл,нэгэн он солигдов. Он солигдон тэр агшинг бид дуу хуур, дурлал инээмсэглэл, аз жаргал, амжилт ололт, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх сайн сайхны ерөөлөөр сүлд модоо чимэглэж угтдгийм. Улиран одож байгаа хуучин оноо үдэж, угтан ирж байгаа шинэ жилээ угтаж зассан, айл бүхний, албан байгууллага, аж ахуйн нэгж бүрийн, улс орон бүгдийн, сүлд мод сүрлэг ихэмсэг, цоглог бадрангуй байнаа. Өнгөрсөн жил амжилт бүтээл ихтэй байсных бизээ. Хүн төрөлхтөн 2007 гэж томоор бичсэн түүхийн нэгэн их хөлгөн судрын сүүлчийн хуудсыг бичиж сууна. Удахгүй, энд, хажууд, яг дэргэд байгаа 2008 гэсэн 365-н хуудас бүхий их ботийн эхний хуудас сөхөгдөнө. Нэг үгээр хэлэхэд бид цаг тооны нэгэн унааг эцээж, цааш довтолгохдоо өөр нэгэн хүлгийг эмээллэх гэж байна. Ийм гэрэлт сайхан мөчид өнгөрснөө дүгнэж, шинэ жилээ угтан баярладаг бүлгээ... Бид ийм л алтан мөчид байна.

      Нэвт: Унаа юүлэх зуур.

     Ред: Унаагаа юүлээд алсад мордохын өмнө бодох юм байнаа. Алдаа оноогоо эрэгцүүлэн тунгаах цаг маань яг энэ л мөч. Ерөөс морьтойгоо хамт түүхээ бүтээсэн эцэг өвгөд минь, шинэ зорилго өвөрлөн газрын холд хөдлөхийн өмнө, шинэ чанасан цайны дээжээс ууж элдвийг энгийн сайхан хүүрнэн түр саатдаг. Бас, хэн ч тэр мордуутаа уяан дээрээс ухас хийж давхидаггүй. Олмоо чангалж, уяанаас гарч мордоод, хотноос холдтол гэлдрүүлдэг биш үү. Тэгээд л дөрөөн дээрээ өндийж, дэрийтэл хатиран холын замд шуударна даа...Бид ийм л алтан мөчид байна.

     Нэвт: Дэлхийн сонорыг хүн ардынхаа ахуй амьрал, эх орныхоо хөгжил цэцэглэлт, өнө эртний түүх соёлоороо мялааж байдаг ХОУР, гадаад хэлний мэргэжилтнүүдээ тусгайлан хүлээн авч шинэ жилээ тэмдэглэлээ. Эртний мэргэдийн бүтээл Эзэн богд Чингисийн "Эр хоёр загал"-ын туужид "5 өнгө улсаа цуглуулж" гэдэг шиг ХУОР гэдэг нэгэн том дээвэр дор нэгдсэн, ёстой нэг 5 өнгийн хүмүүс хуучин оноо үдэж шинэ жилээ угтах ёслолд ирсэн байлаа. Арга ч үгүй дээ. Эднийх дэлхийн 40-өөд хэлээр олон үндэсний өлгий нутгаа сурталчилж байдаг айл. Ёслолын арга хэмжээг ОУР-гийн дарга Ван Ген Нянь нээж хамт олныхоо үдэж байгаа онд хийсэн ажил, амжилтаасааа товч мэдээлж байх юм. Таньд дуулгахад, нэгэн үзүүрт сэтгэлд хөтлөгдсөн, энэ айл өөрийнхөө түүхэнд тэмдэглэгдэн үлдэх олон ажил амжуулсны дотор Күнзийн радио их сургууль нээснийг дурьдаж байна. Тийм ээ. Намайг энд ирснээс хойхно тодруулбал 12-р сарын 6-нд болсон Олон улсын анхны радио их сургуулийн нээлтэд олон орны хүмүүс ирсийм. Манайхаас ч гэсэн Улаанбаатар хотын Хятад хэлний сургалттай дунд сургуулийн захирал Баяраа ирж уг ёслолд оролцсым. Өчигдөр л юм шиг санагдах авч бас ч гэж сар шахам болчихжээ. Арга ч байж уу? Би л гэхэд ХУОР-гийн МХ-ний нэвтрүүлгийн хамт олны дунд ороод нэг л мэдэхнээ 3 сар гаранг ардаа орхижээ. Би ч гэсэн энд ирснээс хойшхи хугацаанд амжуулснаа боджээ сууна. Мэдээнд алба хашиж байгаа болохоор Хятад орны амжилт бүтээлийн тухай зөндөө олон мэдээллийг "үзжээ".

     Ред: "Хөдөө талд мөнхийн наран мандлаа" дууг та бид сонсож байна. Энэ сайхан аялгуу "Саран бөмбөрцөг" дээр ч эгшиглэсэн байх аа. Тийм ээ, ард түмний үлгэр домогт гардаг, хүн төрөлхтний мянга мянган жилийн хүсэл мөрөөдөл болсон саранд "Саран бөмбөрцөг. Сайн байна уу?" гэсэн Хятадын ард түмний мэндчилгээг "Чан-Э 1" энэ гэгээн аялгуутай хамт хүргэсэн. Хятад улсын түүхэнд энэ биднээр үдүүлж байгаа 2007 оны 10-р сарын 24-ний өдөр мөнхөд алтан үсгээр тэмдэглэгдэнэ. Энэ өдөр жирийн нэг Лхагва гариг байсан юм. Одоо бол жирийн өдөр биш. Мянга мянган жилийн хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлж "Чан-Э 1" гэдэг дагуулаа сансарт амжилттай хөөргөсөн өдөр. Одоо уг дагуулаас ирүүлж байгаа мэдээ мэдээлүүд дэлхийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Энэ бол хятадын төдийгүй соёлт хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд 2007 онд гэсэн гарчган дор мөнхрөх том ололт. Дэлхийгээс 380 мянган км алсад яваа "Чан Э-1" Эх дэлхийдээ "Нэгэн шинэ жил хүрээд ирлээ. Зүүн хойд нутгаас баруун өмнөд нутаг, тал нутгаас цаст өндөрлөгийг хүртэл хамтдаа сайн сайхан амьдралаа магтан дуулъя" гэсэн үгтэй мэндчилгээг дөнгөж саяхан ирүүлжээ. Мэндчилгээндээ бидний сонсож байгаа энэ "Хөдөө талд мөнхийн наран мандлаа"-г бас "Хөхнуур, Түвдийн өндөрлөг" дуунуудыг эгшгийн цэнхэр хадаг болгон илгээжээ.

      Ред: 2007 онд Хятад улс дээшээ сансар луу хиймэд дагуул хөөргөж, мянган мянган жилийн хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлсэн шигээ бас доошоо далайн ёроолоос мянгаад жилийн өмнөх хөлөг онгоцыг гаргаж авчээ. 2007 оны 12-р сарын 23-ны өдөр дэлхий нийтийн мэдээллийн хэрэгсэл энэ талаар шуугиж байлаа. Монголын мэдээлллийн ангентлагийн тэр өдрийн мэдээнээс иш татахад "Хятадын археологчид Өмнөд-Хятадын тэнгисийн ёроолоос 800 жилийн өмнө живсэн худалдааны хөлөг онгоцыг гаргаж авчээ. Гуандун мужийн эргийн ойролцоох усанд буй 30 метрийн урт модон хөлөг онгоцыг 1987 онд олж тогтоосон юм. Уг хөлөг онгоц 30 метрийн гүнд хоёр метр зузаан элс шавранд хучигдсан байжээ..." гэж бичсэн байсан. Хөлөг онгоцонд юу ачиж явсан, хаанахых болох нь энэ удаагийн нэвтрүүлэгт чухал биш хамгийн гол нь энэ онд, намайг ХОУР-д ажиллаж байх хугацаанд 1000-аад жилийн өмнөх худалдааны хөлөг онгоцыг гаргаж, тэр нь Зүүн өмнөд Ази, Африк, Европтой холбосон "Далайн торгон зам"-ын гэрч болон үлдэх үнэт олдвор гэдэг нь л онцгой юм. Би ингэж бодож сууна. Хөгжим эгшиглэж, газар газрын мэргэжилтнүүд баяр баясгалан, дуу шуу, инээд хөөр болцгооно.

      Нэвт: Румын, Япон, Монголын мэргэжилтнүүд бид тус тусынхаа орчуулагчтай, нэг ширээнээ тухалсан юм. Манай Алтаннавч хэлж байнаа. Гурван мэргэжилтнийхээ өмнөх зоогийг харсан чинь гурван өөр юм гэж. Нээрэн тийм юм хөөе. Румын эр болохоор янз бүрийн жимс, жигнэмэг, боов, багахан махан хоол сонгосон байх юм. Хажууд минь зэрэгцэн суугаа Япон мэргэжилтэн болохоор дийлэнхдээ далайн гаралтай хоол, зуушийг илүүд үзэж, би л болсон хойно махандуу бүтээгдэхүүнд илүү ач холбогдол өгсөн байв шүү. Энд есөн жорын жигнэмэг, зууш, хоол, ундаа өрөөстэй. Бидний 2008 оныг угтаж байгаа энэ "Ази" нэртэй буудал сайхан том эд ажээ. Гаднаасаа л шил толь болсон данхайсан барилга байсан юм. Нэрэндээ тохирсон Азийн бүх л орон, үндэстний зоог, унд өрөөтэй. Ургац арвин, мал сүрэг өссөн жил л идээ будаа элбэг дэлбэг, найр хурим өнөр өтгөн болдог доо. Би өөрийн эрхгүй л эх орноо бодчихжээ. Ерөөс эх орны тухай бодол хаа ч явсан, босон суувч нэхэн дагасаар байдаг хойно. Манайхан ч гэсэн өдийд шинэ жилээ сайхан угтаж байгаа даа. Энэ онд мал сүрэг маань урьд өмнө ер байгаагүйгээр өсч Монгол улс 40 сая малтай боллоо гэж дуулдсан, аятай юу даа. Ертөнцийн баяр болгоныг тэмдэглэдэг манайханд түүндээ зарцуулах мөнгө төгрөг нь төдий чинээ их байдаг даа. хөөрхий. Өнөөдөндөө мөчиг тачигхан яваа ард түмэн чинь сургаар шахам баяр болгоныг тэмдэглээд хөл хөөрцөг болох нь дэмий л юмсан, уул нь. Тэгэхэд Хятад улс, тэр бүр баяр гээд сүйд болдоггүй юм байна. Харин шинэ жилээ сайхан угтдаг ажээ. Танхим дүүрэн инээд хөөр, сайхан юмаа. Хятадад сүүлийн дөрвөн жил дараалан хураан авах ургацын хэмжээ өссөн. Энэ жилийн үр тарианы нийт хэмжээ нь 500 сая тонноос давах тооцоотой байна гэсэн амжилтын сайхан мэдээг миний Монголын мэдээллийн сүлжээ саяхан суулгасан байсан. Бас тэнд Хятадын цагаан будаа, улаан буудай, эрдэнэ шиш, шошийн ургамлын ургац бүгдээрээ өссөн, экспортын хэмжээ ч нэмэгдсэн тухай дурьдсан байсан. Шинэ жилийн үдэш сайн сайхныг тунгааж суух сайхан байдаг даа.

      Нэвт: Орос хэлний мэргэжилтнүүд дуулж байгааг та бүхэн сонсож байна. Эдний ширээнийхэн их азтай байгаа юм. Ёслолын үеэр болсон сугалаанаас хамаг шагналыг нь бараг хамчихсан улс. Баяр хөөртэй ч гэж жигтэй, тэд. Хүн төрөлхтнөөр хундага өргүүлэн угтуулж байгаа 2008 онд эднийхэн их хийморьтой байх хэргээ. Өнгөрсөн намар, намайг ОУ-ын радиод анх ирэхэд орох хаалганаас авахуулаад Оросын тухай, Орос, Хятадын харилцааны талаар үзүүлсэн том том самбар байрлуулсан байсан. Орос, Хятад хоёр орон өөр өөрийнхөө улсад бие биенийхээ жилийг тэмдэглээд өндөрлөж байсан юм билээ, тэгэхэд. Энэ нь дэлхийн хоёр их гүрэн, бидний мөнхийн хөрш орнуудын маань найрамдалт харилцаа нь бүх л салбарт цэцэглэн хөгжихөд их нөлөө үзүүлсэн гэж дэлхий нийт үнэлж байсан.

      Ред: Сумод монголчууд мундаг барилдаж, сумогийн дэвжээг эзэгнээд удлаа. Хэдэн жилдээ энэ янзаараа байх байх аа. Би их аварга Дагвадоржийг шүтдэг гэж надтай танилцангуутаа ярьж, сэвтэй сэвгүй элдвийг хөөрч суусан Япон мэргэжилтэн маань дув дуугуй бодол болчихож. Мань эр лав унаа юүлэхийн зуур 2007 оныг эргэн харж, Япон, Хятадын харилцаа 2007 онд урьд өмнө байгаагүй хэмжээнд сэргэж, төрийн дээд хэмжээний айлчлал харилцан хийж, дөнгөж саяхан гэхэд л ерөнхий сайд нь ирээд буцсаныг бас иргэд хоорондын харилцаа ч юу юунаас их өссөнийг бодож суугаа даа. Ерөөс хангиран одож байгаа 2007онд Хятад улсын гадаад харилцаа урьд өмнө байгаагүй их амжилтад хүрсэн юм.

      Ред: - Байна уу? Хэн бэ?
    - Өө, Миний хонгор охин уу?...
    - Шинэ жилийн мэнд хүргэж байгаад баярлалалаа, охиндоо. Аав нь ч гэсэн та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Аав нь энд ажлынхантайгаа шинэ жил тэмдэглэж байна. Орой очоод Улаанбаатар луу залганаа. Тэгээд тавтай яръя. Түр баяртай, миний хонгор охин.

     Ред: Сая охин маань Улаанбаатараас ярьж байна. Одоо ч гар утас, цахим сүлжээ шиг хэрэгтэй юм надад алгаа. Ганц надад ч биш бүх л хүмүүсийн байнгын хэрэглээ болжээ. Саяхан даа. Хятадын мэдээллийн хамгийн том агентлаг Синьхуа хороо "Хятад улс өндөр хурдтай интернетийн сүлжээ ашиглагчдын тоогоор дэлхийд тэргүүлж байна" гэж мэдээлж байсан. Тэнд, "Хятадын интернетийн сүлжээ ашиглагчдын 60 гаран хувь нь буюу 122 сая нь өндөр хурдтай сүлжээ ашигладаг боллоо. Хятад улс энэ үзүүлтээр дэлхийд тэргүүлж байна. Энэ онд ийм төрлийн сүлжээ шинээр ашиглагчдын 3-ны 1 хувь нь хөдөө тосгоны иргэд" гэж дурьдсныг санаж байна. Цаг хугацаа урагшлахын хирээр хөгжлийн хурд асар их нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад бидний хэрэглэж байгаа унаа тэрэгний хурд ч гүйцэгдэхгүй нь. Монголын эртний уран зохиолын 3-н оргилын нэг "Жангар"-т Орчлонгийн сайхан Миняаны найгал шарга морийг "Санаанаас алд хурдан, салхинаас дэлэм хурдан" гэж дүрсэлсэн бий. Хурдан унаатай болохын өнө эртний энэ хүсэл мөрөөдөл биелчихсэн ажээ. Хэдхэн хоногийн өмнө. Тодруулбал: 12-р сарын 23-ний өдрийн ХОУР-гийн мэдээнд Хятадын эрдэмтэн мэргэжилтнүүдийн бүтээсэн 300 км цагийн хурдтай галт тэргийг Шань дүн мужийн Чин даод ашиглалтад оруулсан тухай өгүүлсэн. Энэ оронд хөгжил, хурд хоёр ид уралдаж байна даа гэмээр.Тийм ээ. Энд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн хэдэн жил тасралтгүй нэмэгдэж, 2007 онд 11,5 хувиар өсч дэлхий нийтийн анхаарлыг татсаар. Нэг ам доллартой харьцах юаний ханш өдөр өдрөөр чангасаар оны эцэст бараг 7 хувь өссөнг, бас гадаад худалдааны ашиг 250 тэрбум ам долларт хүрсэн бодож л суулаа. Үүнийг хүн болгон мэддэг юм хойно доо.

      Ред: Манай ширээнийхэн шинэ онд эрүүл энх байж, аз жаргалтай амьдарч, шинэ бүтээл, туурвилын төлөө хундага өргөлөө. Энэ эрхэм сайхны ерөөл шингэсэн хундагыг сонсогч таньд ч гэсэн дэвшүүлж байна.

      Ред: Өнө хожмоо баярлах гуниглах гээд сэтгэлийн олон туйл дээр дурсамж болон үлдэх цаг тооны нэгэн бичиг, 2007 он баяртай. Хожим уулзахгүй чамтай.

      Ред: ХОУР-гийн хамт олон "Ази" буудлаас шинэ оноо эмээллэж, цоо шинэ хүсэл, цоо шинэд тэмүүлэх эрмэлзлэл өвөрлөөд мордлоо. 2008 он бид бүхнийг, сонсогч таныг ч гэсэн тэр, амжилт бүтээлийн шинэ оргил өөд хөтлөх болтугай. Та бүхэнд сайн сайхныг хүсье.

     Нэвт: "Наран тойрог" нэвтрүүлгийн хоёр дахь дугаараар "Унаа юүлэх зуур" радио нийтлэл сонсголоо. /Бэлтгэж хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба, нэвтрүүлэгч/