
Ред: Цаглашгүйн чанадаас цаглашгүйн чанадад цаг мөрөн урсана. Тасралтгүй мяралзах цаг мөрөн, оршихуй гурван цагийг багтаасан ертөнцийн үнэн худлыг шүүн урсана. Нэгэн хэмээр бүхнийг элээн урсах цаг гэдэг НЭГЭН ХЭМНЭЛД баймаар атал. Үгүй ажээ. Цаг мөрний хугацааны үечлэл өөр өөрийн содон өнгө, өөр өөрийн содон үнэр, бас өөрийн гэсэн эгшиглэн, тэр ч бүү хэл өөрийн гэсэн нэртэй бүлгээ. Монголчууд бид цаг мөрөн элээн урсаж буй энэ орчлон дээр байх 4 өнгийг, 4 мөн чанарыг ханатлаа амсаж эдэлж явах их хувьтай хүмүүс ажээ. Зарим газар өвөл болдоггүй гэсэн. Тэнд мөнхийн дулаахан сайхан мэт санагдавч малгайлан орох цасыг алган дээрээ хайлахыг мэдрэхгүйгээр, өвлийн эрчилсэн цасан шуурга хацар нүүрийг хайр найргүй шавхуурдахыг үзэхгүйгээр, тачигнасан хүйтэнд ганц ч болов бээрч даарч зогсохгүйгээр хүмүүний энэ орчлонг яаж гүйцэд ухаарах билээ. Бас зарим газрын өчнөөн олон хүн нохой гаслам гэдэг тийм халууныг, ямааны сахалнаас ус гоожсон тийм бороог, Замагт гүн зээлд бургас тонгойн сэрүүцэхийг, бургасны богино бүүдэрт загас тогтон сэрүүцэхийг үзээгүй гэнэ. Дорнын их Данзангийн Нямсүрэн найрагч "Өвлийн чинь жавар намайг хайраагүй илбэсэн юм эх орон минь. Өргөст бут чинь намайг хатгаагүй сэрэхүй өгсөн юм эх орон минь" гэсэн гайхамшигтай мөрүүдийг бидэнд үлдээсэн юм. Ийм гэрэлт мөрүүд монголын хээр талд төрсөн, дөрвөн цагийн өнгөөр гоёж өссөн хүнээс л гарах буй заа. Азгүйд ороолоод буудаггүй дөрвөн бэрх шиг амны хишиггүй нь эдэлдэггүй дөрвөн улирал даа.
Ред: Бид бас сонин улсаа. Гадаа намар налайгаад л, найрын дугараа хангинаад л, хүйтрэхгүй сэтгэл өег баймаар атал, үгүй шүү. "Энэ, өвөл яачихваа. Цас орж хүйтрэхгүй, идэш ч хийлгэхгүй нь, оройтлоо." гэж үглэх. Нөгөө үглээд, хүсээд байсан өвөл нь сунахаар "Мөн урт өвлөө. Цас ханзрах ягаа ч үгүй. Энэ тэнгэрийн царайг харахад мөд урь унах янз алгаа. Хавар болохгүй нь л дээ" хэмээн гоморхох. Гоморхон гоморхон хүлээгээд байсан хавар нь илүү сартай байвал "Энэ жилийн хавар ч дуусахгүй нь ээ. Мөн ч их зүтгүүлж байна шүү. Зун ч гэж байхаа больж дээ" хэмээн туних. Дэлхий дэлгэнэсэн зун хичнээн сар үргэлжсэн ч сайхан л баймаар юм. Гэтэл манайхан намраа жигтэй саначихсан байдаг. Бийлэгжүү улсын зан юм даг уу? Ерөөс дэлхий ээжийн бүх л цаг улирлыг "миний" гэж өмчлөх, бүх л ааш аягийг нь эдлэнэ гэдэг хувьтай хүмүүсийн явдал бус уу?
Нэвт: Намар гэдэг цаг.
Ред: Дөрвөн улирал улаалж, жилийг эмээллэх бидний эцээж юүлсэн хүглүүдийн нэг нь НАМАР ГЭДЭГ ЦАГ бүлгээ. Намар, Ай даа мөн сайхан цаг даа. Ай даа... гэж хэлэхэд сэтгэл нэг л уужраад явчихдаг юм. Сайхаан, сайхан
Дуу: Ай даа намар цаг алтан сайхан цаг... гэсэн дуу байвал тун сайнсан.
Ред: "Намрын өнгө нь билчээрт сортой. Нарны дор дулаахан байна хөө" гээд уурга чирэн давхиж яваа адуучин залуугийн дүр нүдэнд харагдаж байна. Нээрэн л намар хаа ч давтагдахгүй өөрийн гэсэн өнгөтэй. Тэр нь шар. Бид бүгдээрээ мэднэ. Алтан намар, шаргал намар, хонгор намар гэж манайхан нэрлэдэг. Дурдан шаргал намар, дуниартсан шаргал намар ч гэх нь бий. Алтан шаргал намрын салхи нь хүртэл хонгор шар, тал нь хүртэл өрмөн шар, навч ногоо нь хүртэл гэрэлт шар, нар нь хүртэл дун шар. Ерөөсөө намар цаг гэдэг НАЙГСАН шаргал улирал. Тэгээд ч их Нацагдорж:
Намрын шаргал наран над чам дээр тусна Найган найгах туяанд бид бас найгана гэж бичсэн нь бий.
Ред: Намуухан эгшиглэх шаргал аялгуу. Ээжийн минь бүүвэй шиг. Тэртээгээс гунганах ингэний буйлаан шиг, тийм нэг зөөлхөн шаргал эгшиглэн ганцхан намрынх бөлгөө. Бас хамгийн төгс үнэр намар цагийнх. Та одоо ч гэсэн мэдэрч байгаа даа. Нар хурын шимээр болц гүйцэн, халиуран найгах ургацын үнэр. Буудай, будаа, шиш, шош...өөр өөрийн гэсэн үнэр нь ямар тансаг халиун байдаг билээ. Тариачны хөлсөөр нь бордуулж, сэтгэлээр нь услуулж, итгэлийн илчээр нь тэтгүүлж ургасан юм шүү дээ. Сайхан байхаас яадаг юм... Тос хөвсөн айраг цагааны хамар цоргих үнэр, сайхаан. Та бод доо. Түүнтэй жиших тансаг үнэр энэ орчлон дээр байдагсан билүү... Би л хувь даа мэдэхгүй. Агь таананд халамцсан агсан салхи хүртэл халиун үнэртэйдэг. Тарга ханасан мал сүрэг, ан амьтдын зоо халиутаад л... Ерөөс намар гэдэг цаг зөөлхөн шаргал аялгуутай. Яг түүн шигээ халиун үнэртэй. Бас зүрсэн зүсрэн орох шаргал бороонд нь намрын төрх, намрын өнгө, намрын аялгуу, намрын үнэр, намрын сэтгэл нэвт шингэсэн байдгаа
Ред: Намар гадаа налайгаад л... Ихээ уужуу тайвуу цаг гэмээр. Гэтэл тийм биш ээ. Харин ч бусдыг бодвол их ажлын улирал гэлтэй. Тийм ээ. Намар ажил нар хоёр уралдаж байдаг юм. Хүмүүн бид намартай уралдан ажилладаг их хөдөлмөрийн цаг. Өвлөөс өрсөх л гэж хоёр нарны хооронд борви бохис хийх завгүй зүтгэж, хүйтрэхээс урьтаж, тариа ногоогоо хурааж, хадлан тэжээлээ базааж, өвөлжөө бууцаа янзалж бэлтгэнэ. Нартай уралдаж түрүүлсэн малчид тариаланчдын хөлс шүүдэр болон гялтганах нь намар цаг харьж яваагийн дохио буюу.
Ред: Намар буцахаар сэтгэл гэдэг жигтэй уйтай, бүр хоосорчих шиг оргидог юм. Бөөн бөөн үүлс тэнгэр ачаалж нүүгээд л. Хүүш хүүш салхи яндан хонгинуулж эсгэрээд л. Хүүхэд багачуул сургууль соёлдоо алсыг зориод л. Хэн хүнгүй өвлийн тухай яриад л. Усны шувууд нуураа орхиж зэллээд л. Уйтайхан л байдаг даа намар гэдэг цаг одох. Сайхан болоод л сэтгэлд хөнгөхөөн гуниг пур хийлгээд явдаг юм болов уу даа. Монголын хөдөө хээрийн, тал нутгийн намар ийм зурагтай байдаг. Харин их хотын намар, алтан шаргал өнгөөс бусад нь арай л өөр юм билээ. Тэр бүгдийг тоочоод яахав. Намайг энэ хотод хөл тавихад олон шөнө зүүдэнд инээмсэглэн ирсэн үзэсгэлэн гоо бүсгүй шиг Бээжингийн намар алгаа дэлгэн угтсан. Тэр гэрэлт агшин миний тэмдэглэлийн дэвтэрт "Ганцхан хувь шүлэг" болон буусан юм.
Нэвт: Ганцхан хувь шүлэг. Ред: Раахад залигуулсан саран тайтгарч цовоо болмоор Рашаан мэлмэрэх харцнаас чинь хайрын аялгуу урсана Эгшгийн аялгуунд нь арван наймтай зүрх минь булиглаж Эрчилсэн хүслэн Бээжингийн тэнгэр дор шүлэг нэрнэ. Нар нь миний хайрын нэрмэлд хорхойсон хоргодож, бүр уярч Намраа уртасган өнжин саатахыг энэ хүмүүс даанч мэдэхгүй Цэцэгс урьдынхаасаа өөрөөр бүжиглэхийг хараач чи минь Цэнхэр тэнгэр нь хүртэл миний дурлалд согтоод униартана. Энэ Дашдамба юу болоов? Ашгүй дурлачихсан байна шүү гэлцэнэ. Эгшгийн цэнхэр нутаг Монголын сайхан бүсгүйтэй учирахад Найрагч нартын жамд бурантлагдахгүйг чи минь ухаараарай Ногоон даашинзных нь зохисныгээ, номын садны ээлтэй өнгө Саран дор амтай бүхэн хүлхэх хайрын чуулбар чамд бичнэ Санаанд үгүй учрал гэж хорвоод байдаггүй юм , хонгор минь Одоо би өөрийгөө ч мэдэхгүй нь, чамд тэмүүлэх сэтгэлээ дийлэхгүй нь Орчлонд төрсөндөө, чамтайг харсандаа л баярлаж сууна. Намар гэдэгт
Ред: Бээжингийн намар эгшиглэнт шүлэг болон угтлаа.Орчлонгийн харсан бүхэн минь хэтийдсэн аварга том хотуудын нэгний намар надад, миний элэг зүрхэнд өнө хожмоо тодоос тод дурсамж үлдээнэ. Яагаад гэвэл, би ийм сайхан урт намрыг эдэлж үзээгүй юм. Намар урт байлаа гээд найрлаад суудаг ард түмэн биш юм. Ажлаад л байх юм. Үнэхээр хөдөлмөрч хүмүүс ажээ. Намайг амжилт бүтээлийн мэдээнүүд угтаж авсанд би их бэлэгшээдгийм. Энэ хамт олонтой, эсвэл хэн нэгтэнтэй нь хожим уулзаад Хятад оронд өнгөрүүлсэн дурсамжаа хөөрөлдөж суухад хэрэг болно гэж ганц нэг мэдээллийг тэмдэглэж авсан юм. Ерөөс хүн өдөр болгон тэмдэглэл хөтлөөд байхгүй ч сонин содон зүйлээ бичиж үр хойчдоо үлдээх нь зөв гэж боддог хүн л дээ. 2007 оны 9-р сарын 25-ны Мягмар гариг хонгор намрын хонгор өглөө анх ажилдаа ирж эхэлж уншсан мэдээ маань, "Хятад улс 2006 онд дэлхийн үйлдвэрлэсэн нийт хөлөг онгоцны 22 хувийг гаргаж, хөлөг онгоц үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүллээ" гээд 2006 онд Хятадын хөлөг онгоцны 3-н аж ахуйн нэгж дэлхийн шилдэг 10-т, мөн 15 компани эхний 50-д багтсанг дурьдсан байсан.Сайхан байгаа биз. Сайхныг сайхан л гэдэг шүү дээ. Бээжингийн намар ч гэж намар байлаа...
Ред: Харсан бүгдээс минь шүлэг,дуу, домог сэрсэн намрын тухай газар газрын үе үеийн мэргэд өч төчнөөн мөнхийн бүтээл туувиж үлдээн, бидэнд сэтгэлийн цэнгэл эдлүүдэг бөлгөө. Ийм нэгэн бодол ариусгасан намрын шар тос хөвсөн дуугаар нэвтрүүлгээ өндөрлөж байна.
Нэвт: "Наран тойрог" цувралын гурав дахь дугаараар "Намар гэдэг цаг" нийтлэл сонсголоо. Бэлтгэж хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба, нэвтрүүлэгч . . .
|