Германы Гадаад хэргийн сайд Ф.В. Стейнмейер 22-ны өдөр Берлинд Ираны цөмийн асуудлаар зургаан орны Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцсон Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечитэй уулзаж, найрсаг илэн далангүй байдалд хоёр талын харилцаантай холбогдуулан санал бодлоо гүнзий солилцов.
Уулзалтын үеэр сайд Ян Жэчи хэлэхдээ, Хятад, Герман хоёр орон бол дэлхийн чухал орон, хоёр орны ард түмэн гүн зузаан найрамдалтай юм. Хятадын засгийн газар Германтай байгаа харилцаагаа чухалчлан үзэж, стратегийн өндөрлөг болон алс холын үүднээс Хятад, Германы харилцааг зохицуулсаар ирсэн юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хоёр тал хамтын ашиг сонирхлоо баримталж, бие биеэ хүндэтгэн, эрх тэгш харилцан ашигтай, дотоод хэрэгт харилцан үл оролцох зарчмыг баримталж, тал талынхаа чухалчлан анхаарч байгаа асуудлыг ойлгон хүндэтгэхэд л хүрвэл Хятад, Германы харилцаа сайн сайхан урагш хөгжих болно гэжээ.
Германы канцлер А.Меркел өнгөрсөн оны 9-р сард Далай ламыг хүлээн авч уулзсанаас болж Хятад, Германы харилцаанд зарим асуудал гарсан юм. Сайд Ян Жэчи хэлэхдээ, өнгөрсөн нэг хугацаанд хоёр орны харилцаанд гарсан асуудлыг зохицуулахын төлөө Хятад, Герман хоёр тал олон удаа санал бодлоо солилцов. Нэг Хятад улсын бодлогоо цаашид хэлбэрэлтгүй хэрэгжүүлнэ гэж Германы тал илэрхийлсэн гэжээ.
Харилцан хүндэтгэх, эрх тэгш байх, харилцан бие биеийн гол чухал ашиг сонирхлыг харж үзэх зарчмаар Хятад улстай харилцаагаа хөгжүүлж, "нэг Хятад улсын бодлогоо цаашид баримтлан, Тайвань болон Түвд бол Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг мөн гэснийг хүлээн зөвшөөрч, Тайваний "НҮБ-д нэгдэн орох"-ыг эрс эсэргүүцэн, Түвдийг тусгаар тогтнуулахыг хайх ямарваа хүчин чармайлтыг урамшуулан дэмжихгүй гэж Германы тал тодорхой илэрхийлэв. Хятадын засгийн газар үүнийг сайшааж байна гэжээ.
Хийсэн амлалтаа мөрдөж, хоёр талын харилцааг дахин шаардлагагүй харш саадад учруулахгүй байхыг Германы талд хүсч байна гэж Ян Жэчи хэллээ.
Герман, Хятадын түншлэлийн сайн сайхан, нягт харилцаа нь удаан жилийн уламжлалтай юм. Хоёр орны харилцаа хүндрэл бэрхшээлд учирсан боловч олон удаагийн зөвшилцөөн болон хоёр орны гадаад хэргийн сайд нар харилцан захиа солилцсноор энэ байдлаас гарч чадсан байна гэж Стейнмейер илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ,
Хоёр орны харилцаа дахин хэвийн болсныг хоёр орны гадаад хэргийн сайд нарын энэ хэлэлцээ харуулж байна. Энэ нь голдуу хоёр орон хоорондын харилцан итгэлцсэн хамтын ажиллагаа хийгээд Хятадын засгийн газар Хятад, Германы харилцааг ямагт чухалд үзсээр ирсний үр дүн мөн гэжээ.
Германы засгийн газар "нэг Хятад улсын бодлого" баримтлан хэрэгжүүлнэ. Германы тал урагшаа харах зарчмын дагуу, харилцан хүндэтгэх, эрх тэгш байх, харилцан бие биеийн язгуур ашиг сонирхлыг ойлгох үндэс дээр Хятадын талтай хамтран хоёр орны харилцааг хөгжүүлэх болно гэж Стейнмейер онцолжээ.
Хятад, Герман хоёр орон олон улсын болон бүс нутгийн бишгүй олон үйл хэрэгт адил төсөөтэй байр суурьтай байдаг. Шинэ нөхцөл байдалд хамтын ашиг сонирхол шинэ өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна. Германы талтай хамтран чармайж, хоёр орны түншлэлийн харилцааг урагш хөгжүүлж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна гэж Ян Жэчи тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|