Нийгэм, эдийн засгийн хурдтай хөгжил хятад залуусын амьдралын талаарх бодол, төсөөллийг ч өөрчилж байна. Өдөр тутмын Чунго циннянь бао сонинд залуусын дунд явуулсан судалгааны дүнг нийтэлжээ. Энэ судалгаанд 18-60 насны 2000 орчим хүн хамрагдаж гэр бүлийн амьдрал, гэрлэлт, найрамдал, нөхөрлөлийн талаарх санал сэтгэгдлээ хуваалцсан байна. Судалгааны дүн орчин үеийн эрэгтэйчүүдийн хувьд гэр бүл, гэрлэлтэд онцгой ач холбогдол өгдөг гэсэн бол эмэгтэйчүүд гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, гэр бүлийн аз жаргал хамгийн чухал гэж хариулжээ. Гэр бүлийн талаарх уламжлалт сэтгэлгээ залуусын дунд амь бөхтэй оршсоор байгаа ч цаг үеэ даган эрс өөрчлөгдөж байгааг судалгааны дүн харуулж байгаа юм.
Таны амьдралын хамгийн чухал зүйл юу вэ гэсэн асуултад эрчүүд гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд /13,3%/, ааш сайтай эхнэр /10,7/, 3-рт, мэргэжил /10,6%/, 4-рт, гэр бүлийн аз жаргал /10,4/ хэмээн нэрлэжээ.
Судалгааны дүнгээс харвал хятадын эрчүүдийн хувьд ажил мэргэжил нь чухал байр суурьтай хэдий ч гэр бүл, гэрлэлт амьдралын хамгийн чухал зүйл гэж ойлгодог нь харагдаж байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд бөгөөд гэр бүлийн аз жаргалыг хүний амьдралын хамгийн бахархалт зүйл гэж нэрлэжээ. Мөн ажил мэргэжлийг эмэгтэйчүүд /7,4%/ өндөр хувьтай үнэлж үзсэн нь эмэгтэйчүүдийн "итгэлт эхнэр" "сайн гэрийн эзэгтэй байх" уламжлалт ойлголт өөрчлөгдөж "шилдэг мэргэжилтэн бүсгүй" гэсэн байр суурь түрэн орж ирж байгааг харуулж байна.
Ямар эмэгтэйг гэргийгээ болгон сонгох вэ гэсэн асуултад нийт эрчүүдийн /31,9%/ нь гэр бүлийнхээ өмнө хариуцлага үүрэх чадвартай эмэгтэй, /27,3%/ нь тухайн эмэгтэйн зан чанар, ааш, /25%/ тэр эмэгтэйн үзэл бодол гэж хариулсан бол асуулгад оролцогчдын тун багахан хувь нь /3,5%/ нь гадаад үзэмжийг нь чухалчлана гэж хариулжээ.
Эмэгтэйчүүдийн хувьд нөхөр болох хүнийхээ гэр бүлийн өмнө хүлээх хариуцлагыг хамгийн түрүүнд чухалчлан үзнэ /49,6%/ гээд дараа нь зан чанар /16,5%/, үнэнч шударга зан, үзэл бодол /15,6%/ гэсэн бол дөнгөж 4,7% нь хөрөнгө чинээг нь чухалчлан үзнэ гэсэн байна. Мөн 7,9% нь эрчүүдийн мэдлэг, зорилгодоо хүрэх чадвар, цаг үеийн шаардлагыг хангах байдлыг нь чухалд үзэхээ илэрхийлжээ.
Хятадын нийгэмд найз нөхөд байх үзэгдэл эрчимтэй дэлгэрч байгааг энэ санал асуулга мөн харуулжээ. Эрчүүдийн 73,7% нь эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн найз нартай байхыг эрхэмд үзнэ гэсэн бол эмэгтэйчүүдийн 77,1% нь энэ хариултыг дэмжсэн байна.
|