• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-30 16:35:56    
"Наран тойрог" нэвтрүүлгийн 5дахь дугаар

Хятадын Олон Улсын Радио

Шар хулганад бичсэн захидал

     Ред: 17-р жарны "Хотлыг баригч" хэмээх шороон хулгана жил та аян замдаа сайн явж байна уу? Манай нутгаар сонин юу байхав дээ. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу шар хулгана жил таныг морилон ирэхээс өрсөх гэсэн юм шиг өвөл тачигнаж байна. Гэлээ ч сар шинэ дөхлөө, шинэ жил ойртлоо гээд нэг үгээр хэлэхэд таныг угтах гэж дээр доргүй хөл болж байнаа. Ерөөс шинэ жил бүхнийг дорныхон бид ёстой төртэй угтдаг л даа. Та мэднэ газар. Тэр тусмаа хэвлэл мэдээллийнхэн таньд зориулсан тусгай нэвтрүүлгүүд бэлтгээд л гүйлдэж байна. Хятадын ОУР-гийн манай МХ-ний нэвтрүүлгийн залуу сурвалжлагч Уртнасан хаврын тэргүүн сарын шинийн нэгний нэвтрүүлгийн томилолт өвөртлөөд Шиньжан руугаа, төрж өссөн нутгаадаа яваад ирлээ. Таныг хамгийн сүүлд 1996 онд манай гаригт саатахад энэ залуу сурвалжлагч дунд сургуулийн сурагч цагаан сараар радио сонсож, айл хунараар золгож явсан бол одоо төрж өссөн нутгийхныхаа уламжлалт ес заншил, таньд билэг болгон барих ажлын ололт амжилт, түмэн олныхоо сэтгэгдлийг дэлхийн сонорт хүргэх, ганзага дүүрэн олзтой иржээ. Бас саяхан Хятадын Төв радиогийн МХ-ний нэвтрүүлгийн хамт олон Бээжинд суугаа Өвөр монголчуудынхаа төлөөллийг урьж дуу хуур өргөж, дурсамж сэтгэгдэл болж сайхан нэвтрүүлэг бэлтгэлээ. Таньд барьж буй хүндэтгэлийн нэвтрүүлэгт нь нийгэм, эдийн засаг, соёлын салбарт Өвөр монголчуудын нэрийн хуудас, бахархал болсон бүх л хүмүүс уригдан оролцож, "Мэндийн цэнхэр хадаг" өргөж байна лээ. Монгол даяар алдаршсан алдарт дуучин Лхасүрэн ерөөлийн цэнхэр хадаг барьсан юм.

      Ред: Цаг тооны бичиг, 12 жилд багтсан азтай амьтдын эхнийнх нь та болохоор тэгээд ч "Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана нэгэн жил" таныг магтан дуулсаар ирсэн болохоор дорныхон таньд их хүндэтгэлтэй билэгшээлтэй ханддаг юм аа. Таныг ямар ухаан, заль гаргаж, хамгийн бага нь байж нарыг хамгийн анх яаж харсан домог, олон зууны турш цовоо, адтай сэргэлэн байхын үлгэр болон яригдсаар байдгийг та мэднэ дээ. Энэтхэгчүүд хулганыг эрдэм номын бурхан Ганешигийн заан толгойт дүрс хэмээн үздэг бол Японд аз жаргалын бурхны дагуул хэмээдэг. Харин Хятад түмэн хулгана үүрлэсэн газар амьдрал цэцэглэнэ гэдэг. Учир нь хулгана живж буй хөлгийг орхин оддогтой адил гэрийн орчим хулгана эс үзэгдвээс тийм ч сайны ёр биш гэлцэнэ. Ялангуяа гэрт үүрлэсэн хулгана байнга ямар нэг зүйлийг мэрж, түчигнүүлэхэд мөнгөө тоолж байна хэмээн бэлэгшээдэг юм билээ. Зүүн өмнөд Азийн зарим оронд хулгана хүнд анх будаа авчирсан гэдэг домгийг одоо ч ярилцаж суудгаа. Бас хулгана жил та өмнөх тодотголоосоо хамаарч аль нэгнээс давуу чанартай байдаг юм. Та дуулсан уу? Жишээ нь миний захидал бичиж суугаа "шороон" хулгана жил та болохоор бусдаасаа туршлагатай бас ухаалаг ажээ. Бусад гэдэг нь дур булаам, сэтгэл сайтай гэгдэх төмөр, тооцоотойгоос гадна жүжиглэх авьяастай усан, хөдөлмөрч итгэл найдвартай модон хулгана жилүүд дээ. Хулгана жилтнүүд яаруу адгуу зантай ч хувийн чанартай зүйлээ бусдаас ухаалгаар нууцалж чаддаг гэнэ. Тиймээс таныг морилсон жил төрсөн хүүхэд хөдөлмөрч шаргуу нэгэн болно гэцгээдэг юм аа.

      Ред: Эрхэм шар хулгана жилд захидал бичихийн учир 1996 онд таныг саатаад явснаар хойш энэ дэлхий дахин, улс орон бүр их өөрчлөгдөн хөгжсөн гэдгийг дуулгах гэсэн юмаа. Энд тэр бүгдийг бичиж амжихгүй, тэртэй тэргүй та ирээд бүгдийг мэднэ газар. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн тэр тусмаа таньтай холбоотой зарим мэдээллүүдийг урьдчилан дуулгах гэсэн юмаа. Та битгий гайхаарай. Хаа сайгүй, хөгжил, дэвшил гэдэг цаг, минуттай уралдаж байна шүү дээ. Хуучин бол санаанд багтамгүй юмс одоо ердийн зүйл болжээ.

      Нэвт: Та одоо муурнаас айх хэрэггүй.

      Ред: Манайхан хулгана шиг зүрх муутай зориггүй гэлцдэг. Тэгвэл та одоо энэ ертөнцийн хамгийн зоригтон нь болсон. Таны тэр муурнаас айдаг байсан тань зүрхгүйдээ биш байгалийн генетикийн хуулиар л та зөнгөөрөө буюу үнэрлэх эрхтнийхээ тусламжтайгаар муурыг таньж айдаг байсан юм байна. Тэгээд л хулчгараараа дуудуулдаг байж. Харангуутаа үнхэлцэгээ хагартал зунтаадаг байсан муурныхаа толгой дээр хээв нэг сууж байгаа хулганы зураг интернетэд тавигдаж дэлхий нийтээр уншлаа. Үүнийг нээсэн Япон эрдэмтэд ярьж байна гэнэ. "Хулганы генетикийг өөрчилснөөр зоригтой болсон" гэж. Бас цааш нь хулганы үнэрлэх эрхтний эсэд өөрчлөлт оруулснаар түүний муурнаас айх айдас үгүй болдог. Тэр ч бүү хэл хулгана муур руу дөхөж очин түүнтэй тоглодог хэмээн судалгааны багийн удирдагч Ко Кобаяакава ярьжээ.

      Нэвт: Та, "Супер хулгана"-тай танилцаарай

      Ред: Энэ эрдэмтэд янзын улс. Ер зүгээр суухгүй. Элдэв юм туршиж, бүтээхийн донтой гар нь загтнасан гэдэг нь. Америкийн эрдэмтэд генийн инженерийн аргыг ашиглан генийн өөрчлөлттэй их хурдан хулгануудыг гарган авсныг саяхан мэдээллээ. Кливлендийн Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн энэ хулгана ердийн хулганаас хоёр дахин их замыг туулдаг гэнэ. Нэг гэм нь энэ шинэ төрлийн хулганууд их түрэмгий зан авиртай болсон нь эрдэмтдийн санааг зовоож байгаа ажээ. Болдог бол, бас таныг хүсвэл эдгээр супер хулганууд таньд үйлчлэхдээ дуртай байна даа, лав.

      Нэвт: Таныг ирэхийн өмнөхөн таны хамаатныг олжээ.

      Ред: Энэ мэдээ таньд их содон сонсогдож байгаа биз. Та лав сонирхож байгаа байх. Ингэсэн гэнэ. Шинэ оны өмнөхөн 2007 оны 12-р сард Индонезийн Шинэ Гвиней арлын ширэнгэнээс тэр "гээгдсэн" амьтдыг олжээ. Амьтдыг гэхийн учир. Олон улсын хүрээлэн буй орчныг хамгаалах нийгэмлэгийн мэргэжилтнүүд шинжлэх ухаанд төдийлөн бүртгэгдээгүй хоёр амьтны шинэ төрлийг илүүлснээ зарлалаа. Түүний нэг нь үхэр хулгана гэнэ. 1,4 кг жинтэй тэрээр хүмүүсээс ер дөлж зугтахгүй харин ч их амархан дасамхай ажээ. Ямар учраас ийм алс амьдарч байгаа нь, яагаад хүнээс айхгүй байгаа нь эрдэмтдийн сонирхлыг татжээ. Тэгэхээр таныг шинэ хамаатан тань хүлээж байна гэсэн үг.

      Нэвт: Шинэ хулгана.

      Ред: Эрхэм "Хотлыг баригч" хэмээх шороон хулгана та муурнаас айдаггүй толгой дээр нь хэнэгч үгүй суух зоригтон болсонг, бас таны шинэ хамаатанг олсонг бичлээ. Одоо "Микрософт" шинэ хулганаа дэлхий нийтэд саяхан танилцуулсанг дуулгахгүй бол болохгүйнээ. Та мэднэ дээ.

      Компьютерд хулгана гэж байдгийг. Бид компьютерийн хулгана хөгжлийнхөө бараг дээд цэгт хүрчихлээ гэж бодож байтал Микрософт компани "Мобиле Метори моусе 8000"-ийг бүтээжээ. Энэхүү утасгүй хулганы хамгийн гол онцлог нь өөртөө цэнэглэдэг зайтай гэнэ. Бид компьютерийн утасгүй хулганад дуртай ч зай нь дуусах хамгийн төвөгтэй байдаг юм. Тэгвэл Микросфт компаний өнгөрсөн сард гаргасан хулгана бусадтай адил утасгүй холбоосоор компьютертэй холбогддог мөртлөө цэнэглэгч нарийхан утсаар компьютерийн USB оролттой залгагддаг байна. Ингэснээр хулганаа цэнэглэж байхдаа ч хэрэглэж байх боломжтой болсон ажээ. Мэдээж хулганы зайг цэнэглэх шаардлагатай болсон хийгээд цэнэглэж дууссанг LED гэрлээр мэдэгддэг гэнэ.

      Нэвт: Хулгана жилийн анхны марк та байлаа.

      Ред: Хятад улс билгийн тооллоор Хулгана жилд зориулсан шуудангийн анхны марк гаргалаа гэж Синьхуа агентлаг мэдээллээ.. Энэ нь 2008 онд БНХАУ-ын гаргаж байгаа анхны шуудангийн марк байлаа. Маркан дээр хятад он тооллоор шинэ жил гарч байгаад баярласан тод өнгийн хувцастайгаар таныг зуржээ. Шинэ маркийг баруун өмнөд нутгийн Гуйжоу мужийн Шучан хэмээх гацааны жижиг хотод анх толилуулжээ.Тэр жижиг хотод ийм их хувь заяа тохиосон нь түүний нэрэнд " хулгана" гэсэн утгатай "шу" хэмээх дүрс бичиг орсонтой холбоотой юм. Энд нэг зүйлийг тодруулахад Хятад улсын билгийн тооллын шинийн нэгэн 2-р сарын 7-нд тохиож байгааг таньд дуулгая.

      Нэвт: Танаар овоглосон жилийн хамгийн гол үйл явдал Хятад улсад болно.

      Ред: Хүн төрөлхтөн туулж өнгөрүүлсэн үйл явдлаа дурсахдаа Яагаав? "тэр" жил гэж ярьдаг. 17 жарны "Хотлыг баригч" хэмээх шороон хулгана жил таны морилж байгаа 2008 оныг өнө хожмоо "Яагаав? Бээжингийн 29-р олимп болсон ШАР ХУЛГАНА жил гэж таниар тодотгол болгон ярина. Тэгэхээр та бусад бүх 12 жилээс түүгээр ч үл барам өөрийнхөө хар, харагчин, хөх, хөхөгчин, гээд нөгөө олон хулгануудаас амны хишигтэй юм. Хувьтай хүн үздэг хулгана жил та өөрөө Бээжингийн олимп үзэх хувьтай ажээ. Яагаад гэвэл Хятад улс өөрийнхөө түүхэнд анх удаагаа зохиож байгаа зуны олимпийн наадмыг яавал хамгийн дээд зэргийн түвшинд явуулах вэ? гэдгийг бүх талаар анхаарч, хичээж байна.

      Арга ч үгүй юм. Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл энэ наадмаар Хятадын ард түмэн түүх соёл, хөгжил дэвшлээ орчлонгийн нүдэнд дэлгэн харуулах юм. Улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл урлаг... гээд бүх л салбарынхаа хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орны хэмжээнд хүрсэн гэдгээ нотлох юм. Бас Хятад улсаас урьд өмнө хэзээ ч оролцож байгаагүй тийм олон, тодруулбал 600-аад тамирчид эх орондоо болох тоглолтын эрх аваад, олимпийн давцанд эх орныхоо төрийн дууллыг эгшгүүлэх хүслэнд хөтлөгдөөд бэлтгэлээ эрчтэй базааж байна. Эцэст нь хэлэхэд таны морилох энэ жил сайхан жил байнаа. За түр баяртай. Таныг бид хэдхэн хоногийн дараа бид сэтгэлээ дэлгэн угтанаа.

      Нэвт: "Наран тойрог" нэвтрүүлгийн 5 дахь дугаараар "Шар хулганад бичсэн захидал" тэмдэглэл сонсголоо. Бэлтгэж хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба, найруулагч