Хятадын ард түмэн уламжлалт баяр Хаврын баяр буюу Цагаан сар-аа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Гэхдээ залуучууд, шинэ үеийнхэн Хаврын баяраа тэмдэглэдэг ёс уламжлалыг тэр бүр мэдэхгүй болохоор янз бүрээр тэмдэглэдэг юм байна. Зарим нь гадаад оронд аялалаар явах, өмнөд эргийн дулаан газрууд руу явж амрах эсвэл зарим оюутан залуучууд номын санд тааваараа суун хичээл номоо дундалж авах жишээтэй.
Орчин үед бас Хаврын баяраа CCTV-н сувгаар "Хаврын баярын Гала концерт" үзэж тэмдэглэх уламжлал бас тогтжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гала концертын бэлтгэлийн үйл явцын талаар байнга мэдээлж найруулагч, зохион байгуулагчид нь хэдийнээс олны танил болно. Битүүний оройн 4 цагийн бүрэн шууд нэвтрүүлгээс өмнө 6 удаа нэгдсэн давтлага хийж найруулагч, зохион байгуулагчдын ерөнхий бүрэлдэхүүн тоглолтын номеруудын бэлтгэл явцыг шүүн үзэж шалгаруулах замаар битүүний оройн нэгдсэн тоглолтод орох эрхийг олгоно. Жүжигчин бүр энэ шалгаруулалтад дээд зэргийн хариуцлагатай, бэлтгэлтэй оролцож бүхэл улс даяараа анхааран үзэх энэ шууд нэвтрүүлэгт оролцож чансаагаа харуулахын төлөө хичээдэг. "Шалгаруулалт маш нарийн явагддаг болохоор эцсийн мөчийг хүртэл санаа амрах аргагүй" гэж 2 дахь нэгдсэн шалгаруулалтыг даваад байсан уран нугараач охин ярьж байсан юм. Хошин урлагийн хаан, хатан 2 гэгддэг Зао Бэншан, Сон Дандан нар энэ жил мөн л хамтарсан тоглолтоороо оролцож олныг хөгжөөн бүтэн жилийн наргиа ярианы сэдэв болох өнгөтэй харагдлаа.
Chun Wan буюу Хаврын баярын Гала концерт нэртэй CCTV үндэсний сувгийн шоу анхны дугаараа 20 жилийн өмнө үзэгчиддээ хүргэсэн түүхтэй. Түүнээс хойш жилээс жилд өргөжин сайжирсаар өнөөдөр үнэдсний хэмжээний хамгийн алдартай том шоу болжээ.
Өнгөрсөн жилийн гала Хятад улсын өнгөрсөн түүх болоод өнөөдрийн хөгжлийг харуулахыг зэрэгцээ олон үндэстний өлгий нутгийн өнгийг дүрслэж байсан бол 2008 оны гала Хятад улсын хөгжил дэвшил, Олимпийн жилийн билэгдлийг харуулж чадлаа. Хятадын ард түмэн ирэх жилийн гала хүртэл ярих сэдэвтэй болжээ.
|