• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Thursday    Apr 10th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-27 16:53:38    
"Наран тойрог" нэвтрүүлгийн 6 дахь дугаар

Өдрөөс өдөрт - Өндрөөс өндөрт. тэргүүн бүлэг


Хятадын Олон Улсын Радио

       Цас ороод хоножээ. Өглөө цонхоор харахнаа зэрэлдээх тэр доор харагдах 5-6 давхар байшингуудын дээвэр нимгэхээн, богийн туур гэхэд хүрэхгүй мөр дарсан шинэ цасаар хучигджээ. Нүдэнд торох газар цас харагдах нь цас мөс, цан хүүрэг болсон эрс хүйтэн өвөлтэй орны хүн надад сайхан л санагдах аж. Бээжинд ийм цас хэд хэдэн удаа орж байгаа юм. Хятадын нийслэлийн энэ өвлийн анхны цас 2007 оны 12-р сарын 10-ны Даваа гаргийн үрээр бургасан юм. Тэгэхэд Бээжин хотыг нийтэд нь цас бүрхлээ гэж мэдээллийн хэрэгслээр яригдаж байсан. Эх газрын энгээр нэг дэлгээд буучихсан, үлэмж их талбай эзлэн үргэлжлэх дэлхийн том хотуудын нэгийг бүхэлд нь бүрхэнэ гэдэг мөн ч их цас унажээ гэж өөрийн эрхгүй бодогдож байж билээ, тэр мэдэээллийг уншаад. Та бод доо. 2007 оны жилийн эцсийн байдлаар Бээжин хот 16 сая 330 мянган хүн байнгын оршин сууж байгаа нь 2006 оны мөн үеийнхээс 520 мянгаар нэмэгдсэн байна гэж хотын Статистикийн Газар саяхан мэдээлж байсан. Дээр нь бас өдөрт хэд хэдэн сая хүн орж гарч байдаг энэ нүсэр том хотыг бүрхсэн цас гэдэг овоо их юм байнаа даа. Анхны цаснаар олон гудамжинд замын түгжрэл үүсч, хот тохижолтын газрын 2000-аад ажилтан ажилчид, 500 орчим автомашин хотын замыг цэвэрлэх ажилд оролцсон дуулдсан. Олон сая авто машинтай хот аргагүй дээ. Манайх л гэхэд юухнаас бол юухнаас зам нь бөглөрдөг газар. Дуут дохио хангинуулсан даргын машин сүнгэнээд өнгөрөхөд хүртэл зам түгжирнэ. Тэр нь тэгээд хичнээн цагаар үргэлжлэдэг билээ... Уул нь Бээжинд жилийн жилд голдуу л 11-р сарын сүүлчээр цас ордог юм гэнэ. Энэ жилийн анхны цас жаахан оройтсон ч хэвийн хугацаа гэж тус хотын ус цаг уурын газрын дарга Гуо Ху мэдэгдэж байсныг бодож зогсоно..

     Хар замаар холхилдох авто машин, ажилдаа яарах хүмүүс жижигхээн харагдах хэдий ч их хотын дуу чимээ нь нь тэнгэр луу ойно. Удаан харж зогсохоор толгой эргэмээр оргидог юм. Манайх 18 давхар байшингийн 14-т нь. Энэ бол жирийн нэг хороолол л доо. Олон жилийн өмнө анх баригдаж байх даа алсын хараа ихтэй өндөр сүрлэг барилгуудын нэг байсан биз. Одоо бол өдрөөс өдөрт өндрөөс өндөрт тэмүүлж буй Бээжин хотын сүрлэг барилгуудын дэргэд ердийн л сууц. Бээжингийн өндөр барилгуудын нэг Жингуан цогцолборын дээр өлмий тавьж нэг үзэх юмсан. 200 гаран метр өндөр юм гэсэн. Тийм өндрөөс дурандахад мөн ч холын бараа алган байгаа юм шиг үзэгдэх байх даа. Энэ доогуур дүнгэнэлдэж байгаа машин тэргүүд ёстой нэг хар хорхой шиг юм язагналдаж, чимээ шуугиан нь ч сонсогдохгүй байж мэдэх юм. Гэхдээ "Жингуан" цогцолбор Бээжингийн өндөр барилга хэмээх өргөмжлөл, нэр хүндээ одоо нэгэнт алдах болжээ. Учир нь түүнээс 20 гаран метр өндөр, газраас тэнгэр өөд зүтгэх хүмүүний гараар 234 метрт хүрсэн Хятадын Төв телевизийн барилга удахгүй ашиглалтад орно. Зургий нь ч үзсэн сайхан эд байна лээ. Зохиомж, шийдэл сайтай өнөө цагийн шаардлага хангасан барилга харагдсан. Аргагүй шүү дээ. 2007 оны дэлхийн шилдэг 10 байгууламжийн нэгэнд багтсан юм чинь. Бээжингийн хамгийн өндөр барилга дээр гараад будран будран орох цасыг алган дээрээ хайлахыг үзэх хувьтай хүмүүс бишгүй л бий дээ. Тэр үед сартай шөнө байгаасай. Сарнаас мөнгөлөг чимээ аниргүй урсаж, цасны цагаан эгшиглэнтэйтэй сүлэлдэн газар луу, дээшээ бүр дээшээ, тэнгэрт тэмүүлэх бидний мөнхийн хүслэнг шингээсэн, хийж бүтээхийн дуудлага болон буугаасай.

      Цас орсым хойно аргагүй жавар ихтэй хүйтэн өглөө угтлаа. Анхны цас хожуу унасан ч гэлээ энэ 1-р сарын 15-21-ний өдрүүдэд Хятадын төв нутаг Хү нань мужид олон жил орж байгаагүй их цас орж зарим нутагт зуд болж байгаа тухай Синь хуа хорооны мэдээнд дурьджээ. Мөн 12-ны үдээс хойш Хү бэй мужид сүүлийн 16 жил, 20-21-нд баруун нутгийн Сы чуань мужид сүүлийн 10 жил тохиож байгаагүй их цас унаж орон нутгийн зам харилцаа, цахилгаан хангамжид хүндрэл учруулсанг бас бичсэн байна. Өвлийн цас зуд гэдэг хүмүүс биднээс даанч хамаарахгүй юм даа. Яг энэ цасны үеэр манай сурвалжлагч Уртнасан хөдөө орон нутагт томилолтоор ажиллаа. Мань хүн л хөдөө өвөлжилт ямар байгааг нүдээр үзэж, гараар бариад ирсэн хүн дээ.

      Хэдий цас зудтай ч хүмүүсийн амьдрал үргэлжилсээр... Өдрөөс өдөрт шинийг сэдэж, өдрөөс өдөрт урьдынхаас илүү ихийг хийж бүтээсээр. Өдрөөс өдөрт гэснээс нар буцсанаас хойш өдрөөс өдөрт сүүдэр богиносож, өдөр уртассаар. Энэ нь ажлын бүтээмж улам нэмэгдэж байна гэсэн үг. Энэ 3-р сар гэхэд Бээжингийн зуны олимпийн нээлт хаалтын ёслол болох "Шувууны үүр" цогцолбор ашиглалтад орно. Шувууны үүр мөн л 2007 оны дэлхийн шилдэг 10 байгууламжид нэрлэгдэж байсан эд. Барилгын салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд ололт бүхнийг шингээсэн спортын энэ байгууламж ашиглалтад орсноор олимпийн наадмыг явуулах бүх барилга байгууламж баригдаж дуусна. Хятад улс олимпийн тэмцээн уралдаан зохион явуулах нийт 37-н байгууламжийн 36-г нь шинэ оны өмнө бэлэн болгосон тухай тус наадмын зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч Зян Сяоюй мэдэгдэж байсан юм. Тэдгээрээс 12-ыг шинээр, 8-ыг шинэчилж, үлдсэнийг нь наадам дууссаны дараа буулгах түр байгууламжууд гэнэ. Нэгэнтээ олимпийн уралдаан тэмцээн болох спортын ордон, байгууламжийн тухай ярьсных Бээжингийн зуны 29-р олимпод оролцох улс орнуудаас аль нь хамгийн олон медаль авах талаар дурьдахгүй бол бас болохгүй. Урьд өмнөх олимпиудад медалийнхаа тоогоор толгой цохидог байсан АНУ, ОХУ-аас энэ удаа олон медаль хүртэнэ хэмээн Хятадын спортын тоймчид үзэж байгаа дуулдана. Синьхуа агентлаг энэ зуны Олимпид гаргаж болох амжилтыг 2004 онд Афинд болсон спортын их наадамд өөрийн орныхоо багийн үзүүлсэн амжилттай харьцуулсан тайлбар нийтэлсэн байна. Түүнд тэмдэглэснээр бол Афины олимпийн наадмын ширээний теннисний тэмцээнд 3-н алтан медаль авч байсан хятад тамирчид Бээжинд алтан медалиа 4 болгох боломжтой гэж Хятадын спортын тайлбарлагчид үзэж. Ингэж дүгнэх үндэс ч бий. Учир нь Олон улсын ширээний теннисний холбооноос 5-н төрлөөр гаргасан дэлхийн шилдэг тамирчдын чансааны жагсаалтын 4-т нь Хятадын теннисчид тэргүүлсэн тухай мэдээлэл ойрмогхон цацагдаж байсан. Харин агаарын теннисээр хятад тамирчид Афинд эзэлсэн гурван байраа нэг хоёроор ахиулах бодолтой байгаа юм. Хятадууд Афинаас 6-н алтан медалийг нь авсан усанд үсрэх харайлтад их найдвар тавьж, Бээжинд түүнээс ч олныг хүртэх зорилготой юм. Учир нь Мельбурнд болсон 2007 оны аварга шалгаруулах тэмцээнд Хятадын баг тамирчид 9 алтан медалиар энгэрээ мялаасан болохоор найдахаас ч яахав. Түүнээс гадна сүүлийн хоёр дэлхийн аваргад 5 алт, 2 мөнгө, 1 хүрэл авсан гимнастикийн тамирчддаа Бээжингийн олимпийн 6 алтыг зүүчихнэ гэж найдаж сууна. Бас хятадын байт буудлагынхан 5 алт, хүнд атлетикийнхан бүр 6-н алт авахаар төсөөлж байнаа. Мөн Хятад тамирчид хөнгөн атлетик, сэлүүрт завь, эмэгтэйчүүдийн гар бөмбөг, бокс, таэвандо, зюдо, спортын алхаа зэрэг төрөлд найдаж байгаа юм. Найдах хүлээх гэдэг ирээдүйдээ итгэх итгэл, өдрөөс өдөрт ихээс ихийг бүтээх хүсэл, өндрөөс өндөрт түмүүлэх эрч хүч бүлгээ.

     "Наран тойрог" нэвтрүүлэг, 6 дахь дугаараараа "Өдрөөс өдөрт - Өндрөөс өндөрт" нийтлэлийн тэргүүн бүлгийг дуулгалаа.. Үргэлжлэлийг манай дараачийн нэвтрүүлгээс хүлээн авч сонсоорой. Бэлтгэж, хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба, найруулагч . . .

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040