Дээр үеэс ард иргэдийн дунд "Хүйтэн усаар биеэ угаах буюу арчих нь биеийн дархлааг нэмэгдүүлж, арьс хөрсийг бэхжүүлж, хамрын ханиадаас сэргийлдэг" гэсэн үг дэлгэрсэн байлаа. Үнэнээр нь ярьсан ч хүний биеийн арьс хөрсөнд урт хугацаагаар хүйтэн өдөөлт өгөх буюу арчих нь хүйтэнд өлчир байх дархлааг нэмэгдүүлдэг юм. Иймээс хүйтэн усаар биеэ угаах юм уу арчих нь бөөрний булчирхайд өдөөлт өгч ажиллагааг нь идэвхжүүлж, үлэмж хэмжээний гормон шүүрлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл хүмүүсийг өлчир биетэй болгодог байна. Хүйтэн өдөөлт өгөх арга хэлбэр нь "Хуурай алчуураар арчих", "Хүйтэн усаар арчих", "Хүйтэн усаар биеэ угаах" ийм гурван алхамаар дэс дараалалтайгаар явагдана.
Нэг. Хуурай алчуураар арчих: Эхлээд цаг агаар 15℃орчим байхад хуурай алчуураар бүх биеэ арчина, хүйтнийг эсэргүүцэх чадвар нь алгуур аажмаар нэмэгдээд ирсний дараа, 0℃-аас дор болсон байдалд ч хийж болно. Дасгал хийх хугацаагааг 3 минут байснаас нь зохих хэмжээгээр алгуур аажмаар уртатгаж болно. Хэрэв орчин ахуйн байдал тааруухан бол өдөрт нэг удаа хийж болох бөгөөд өглөөдөө хийх нь тохиромжтой. Цусны даралт өндөр юм уу зүрхний өвчинтэй хүн яасан ч ийм дасгал хийж болохгүй.
Хоёр. Хүйтэн усаар арчих: Гар нүүрийн алчуураа хүйтэн усанд дүрээд бүх биеэ арчина. 15℃-16℃ хүйтэн усыг бүх бие дээрээ 5-6 аяга шүршээд хуурай алчуураар арчина. Энэ хоёр аргын алийг нь хэрэглсэн ч бушуухан арчих хэрэгтэй. Арчихдаа дээрээс дорогш нь арчиж, 2-3 минутад арчиж дуусгах хэрэгтэй.
Гурав. Хүйтэн усаар биеэ угаах: 15℃-16℃ хүйтэн усанд бүх биеэ 1-2 минут угаана. Хүйтэн усанд угаахаасаа өмнө бүх биеэ арчиж бүлээсгэх бөгөөд угаахдаа зогсоод байж болохгүй, харин хөл гар бүх биеэ хөдөлгөж байж угаах хэрэгтэй. Угааж дуусаад нэн даруй хуурай алчуураар арчих бөгөөд хувцас хунараа өмссөний дараа 30 минутаас 1 цаг хиртэй сууж амрах хэрэгтэй. Цусны даралт өндөр юм уу зүрхний өвчинтэй хүн яасан ч ийм дасгал хийж болохгүй.
Сануулах зүйл: Бие бялдрын ийм дасгал хийх нь хүн болгонд төдийлөн тохиромжтой байдаггүй. Бие сультай юм уу өвчлөөд өвчин нь гүйцэд илааршиж завдаагүй хүмүүс биедээ хүйтэн усаар өдөөлт хийх нь тохиромжгүй юм. Хэт хүйтэн өдөөлт нь бөөрний булчирхайн идэвхийг алдагдуулж, гормоны шүүрлийн хэмжээг багасгаж, бүх биеийн дархлааг бууруулдаг байна. Иймээс дээрх аргуудаар биеэ чийрэгжүүлэхийг хүсэж байгаа хүмүүсийн бие нь сайн байсан ч тэр, тааруухан байсан ч тэр цөмөөрөө маш болгоомжтой хандах хэрэгтэй юм.\Л.Буянтогтох орчуулав\
|