Иракийн Гадаад хэргийн яам 11-ний өдөр мэдэгдэл хийж, хоёр орны урт хугацааны харилцааны асуудлаар Ирак, Америк мөн өдрөөс хэлэлцээ хийж байгаа бөгөөд хэлэлцээний гол цэг нь Иракт Америк цэрэг байрлуулж байгаа асуудал болно гэж тэмдэглэжээ. Энэ хэлэлцээ нь энэ сарын 20-ны өдөр тохиох Америкийн Иракийн эсрэг дайны 5 жилийн ойн өмнөхөн болж байгаараа талуудын анхаарлыг маш их татаж байна гэж шинжээчид үзэж байгаа юм байна.
Америк, Ирак хоёр талын хэлэлцээ хэрэг дээрээ эртнээс эхэлсэн юм . Хоёр тал өнгөрсөн оны 8-р сараас эхлэн хэлэлцээ хийсэн бөгөөд энэ удаагийн хэлэлцээ нь энэ хэлэлцээнүүдээс цар хэмжээгээрээ хамгийн том нь юм байна.
2003 оны 3-р сарын 20-ны өдөр, Америк, Англи зэрэг орон НҮБ бүрэн эрх олгоогүй байдалд Саддамын засгийн газрыг нураах зорилго бүхий Иракийн дайныг дэгдээсэн билээ. Мөн оны 10-р сард, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 1511-р тогтоол баталж, Иракийн аюулгүйн байдлыг хамгаалуулахын төлөө, Америкийн удирдсан олон үндэстний хүчинд Иракт байрлах бүрэн эрх олгож, хэрэг дээрээ Америкийн Иракт цэрэг байрлуулах явдлыг хууль ёсны болгосон юм. Түүнээс хойш Аюулгүйн зөвлөл мөн 1790-р тогтоол баталж, Иракт байрлаж байгаа олон үндэстний хүчний бүрэн эрхийн хугацааг энэ оны сүүлч хүртэл сунгасан байна. Олон үндэстний хүчний бүрэн эрхийн хугацаа нь удалгүй дуусах гэж байгаа байдалд, Ирактай гэрээ хэлэлцээр байгуулж, Америкийн цэргийг Иракт үргэлжлүүлэн байрлуулахыг Америк хүссээр байгаа юм. Иймээс Америк, Ирак хоёр орны энэ удаагийн хэлэлцээгээр голдуу Америк цэргийн Иракт цаашид байрлах эсэх асуудлыг судлахын хамт, хоёр орны ирээдүйн харилцаанд ёс зарчим тогтоож өгөхийг Америк хүсч байгаа юм байна.
Америк энэ хэлэлцээгээр дамжуулан Иракт Америк цэргийн урт хугацаагаар байрлах асуудлыг шийдэхийг хүсч байгаагийн зорилго бол Дундад Дорнодын бүс нутаг дахь Америкийн улс төрийн болон цэрэг дайны ашиг сонирхлоо хамгаалах гэсэнд оршино.
Гэвч Америкийн цэргийг Иракт урт хугацаагаар байрлуулах асуудлаар Иракийн засгийн газрын дотоодод асар их санал зөрөлдөөнтэй байгаа юм байна. Үүнээс гадна Иракийн Шийтийн бүлгийн гол болох улс төрийн нам – Мучтара Аль-Садрын хөдөлгөөн ч Америк цэрэг Иракт урт хугацаагаар байрлахыг эрс эсэргүүцэж, үүний улмаар Иракийн засгийн газрыг эсэргүүцэж байгаа юм.
Энэ бүх байдлаас үзвэл, Америк, Ирак хоёр тал энэ удаагийн хэлэлцээгээр дамжуулан, Америкийн цэргийн Иракт байрлах асуудлаарх талуудын санал зөрөлдөөнийг арилгахад маш их бэрхшээлтэй байгаа бөгөөд, энэ хэлэлцээ нь цаг хугацаа нь сунжирсан дуусашгүй хэлэлцээ болж болзошгүй юм. Энэ хэлэлцээ нь зөвхөн хэлэлцээ хийж байгаа хоёр талд л маш чухал биш, харин бүх бүс нутгийн байдалд ч тодорхой хэмжээний үр нөлөө үзүүлэх болно гэж шинжээчид үзэж байна. \Цэцэн орчуулж, хянав\
|