Эрхэм сонсогч болон сүлжээ ашиглагч та бүхэн сайн байцгаана уу? ажил сурлага тань амжилт бүтээлээр дүүрэн байв уу? Ер нь сонсогч олны маань дотроос найман настай балчир хүүхдээс авхуулаад ная хүрсэн настан бууралчууд хүртэл байгаа бөгөөд бидэнтэй захидал мэйлээр санал бодлоо хуваалцаж, нутгийнхаа сонин сайханаас дуулгадагт бид их баяртай байна. Тэгэхээр одоо та бүхэндээ 81 настай Цэвэг овогтой Догсом ахаас ирүүлсэн захинаас толилуулья.
"Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, танай хамт олон, гэр бүлийнхэнд тань "Хотлыг баригч" хэмээх шороон хулгана жилийн сар шинийн мэндийг дэвшүүлэн ажилд тань амжилт, амьдралд чинь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхний өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Миний бие нь та нөхдийн явуулсан мэндчилгээ болон 2008 оны олимпийн танилцуулгыг баяр баясгалантайгаар сар шинийн баяраар ах дүү, үр хүүхэд, төрөл саднууддаа танилцуулж халуун дотно сэтгэлээр хүлээн авснаа дуулгахад таатай байна. Манай Монгол улс нь энэ сар шинийн баяраар 40 гаруй сая малтай болсон бөгөөд нийт хөдөө орон нутгийн цаг агаарын байдал тавлаг сайхан байгаа боловч зарим нутгаар цас их орж хаврын сар жаахан хүндрэх шинжтэй байна. Мөн танай оронд 50 жилд ороогүй их хэмжээний цас орж олон сая хүн цас зудны гамшигт өртөн асар их хохирол учирсанд миний бие болон Монголын ард түмний өмнөөс гүн харамсаж байгаагаа илэрхийлж байна. Монгол улс нь танай орны ард иргэдийн амьдралд өчүүхэн ч болтугай тус болох болтугай гэж ах дүүгийн халуун сэтгэлээр 50 сая төгрөгийн тусламж үзүүлсэнд хөгшин ах нь чин сэтгэлээсээ төр засагтаа талархан сууна. Танай орон нь 2008 оны олимпийн бэлтгэл нүсэр их ажилд маш их хөдөлмөр, бүтээл зарцуулан ажиллаж байгаа бөгөөд тамирчид нь маш их хичээл зүтгэл гарган бэлтгэл сургуулилт хийж амжилттай сайн оролцоно гэдэгт өвгөн ах нь итгэж суунам билээ.
Амь нас тань сүмбэр уул мэт, амны хишиг тань Сүн далай шиг арвин, амьдрал бүтээлээр дүүрэн, аз жаргалтай явж шинэ ондоо сайхан ажиллаж амьдарч яваарай гэж ерөөж байна."
|