Хүн амьдрахын аргагүй байсан газарт баяжих зам олж, улсын зэрэглэлийн ядуу сяньд компаниудын хөрөнгө оруулалтын халуун өрнөлт гаргаж, ховорхон тохиолддог гай гамшгийг эрхэм нандин цэвэр эрчим хүч болгосон үлгэр Хятадын зүүн хойд зүгийн Гирин мужийн Бай чэн хотын Түн юй сяньд гарчээ.
Хорчны тал нутгийн цөлжсөн нутгийн хөрш болох энэхүү газарт газар зүйн онцгой байршлаасаа болоод нарны тусалтын хугацаа урт, хур бороо тун бага бөгөөд дөрвөн улиралд ялгаагүй байнга л 6 дэсээс дээших салхи салхилж, шороон шуурга шуурна. 60-аад оны үед энэ газрын зарим тосгон элсэнд дарагдсан нь бий. Өнөө ч гэсэн зарим тосгод нь шилжин шилжсээр элсэнд туугдаж нүүнэ. Ингэж жилдээ хүч хүлсээ шавхаад олдог ашиг орлого нь улсаас тогтоосон ядуугийн түвшнээс хол доор аж. 90-ээд онд энд ирж шинжлгээ хийсэн ЮНЕСКО-гийн албан тушаалтан энэ газрыг хүн төрөлхтөн амьдрахын аргагүй дэлхийн хамгийн адаг газар гэж үзсэн байжээ.
Олон жилийн турш энэ газарт жил болгон хөрөнгө оруулж хамгаалалтын ой тарих боловч элсний нүүдэл нь модны бойжилтоос давсаар ирсэн байв. Ийм ядуу газар их цар хэмжээгээр мод тарих хүч чадал хүрэхгүй нь ч мэдээж. Энэ газрын хүмүүс байгаль орчны хагсаргаан, амьдралын бэрхшээлд хувь заяа нимгэн хэмээн гоморхож байсан боловч сайн сайхныг эрэлхийлэх болон үр хойчисдоо ерөөс эрмэлзэл алдраагүй явсан аж. Түн юй сяний хөдөө аж ахуйн цахилгаан хангамжийн газрын ерөнхий инженер Гү Те жэн бол энэ нутгийн салхи шуурах дууныг сонсч өссөн хүн билээ. Гү Те жэн хар багаасаа хичээнгүй сурдаг байсан болохоор бага дунд их сургуулийг дүүргэж, нутагдаа буцжээ. 1992 онд тэрээр сэтгүүлээс гадаадынхан салхины хүчээр цахилгаан гаргах жижиг хэрэгсэл үйлдсэн мэдээг үзээд, нутагдаа салхины хүчээр цахилгаан гаргах станц байгуулах юм сан гэж сэтгэжээ. Үүнийг нь уг сяний цаг агаар, цахилгааны салбар ихээр дэмжив. Тэгээд том мэргэжилтнүүдийг залж шинжилгээ хийлгэж, станц байгуулах гэсэн төсөөлөл нь ингэж 1997 онд нотлогджээ. 1998 онд холбогдох хүмүүсийн уйгагүй чармайсны ачаар Гирин мужийн цахилгаан эрчим хүчний компани нь тусгайлан энд төсөл хэрэгжүүлэх ХХК байгуулж, ажиллаж эхлэв. Энэ төслийг нь Испанийн засгийн газар 5 сая ам доллараар дэмжжээ. Энэ мөнгөөр эхний хугацааны ажил нь урагштай явагдав.
|