• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-21 15:22:36    
Дугуйн дээрх амьдрал /1-р хэсэг/

Хятадын Олон Улсын Радио

     АНУ-ын Ерөнхийлөгч Буш БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэрээ дугуй унаж дугуйн соёлын өлгий нутгийн ард түмэнд хүндэтгэлээ илэрхийлснийг ярьж байсан. Харин энэ удаад дугуйн хаант улсын дугуйны тухай ярихаар бэлтгэлээ. Бээжин хотод ирснийхээ дараа өглөө ажилдаа яваа дугуйчдын урсгалыг хараад би аргагүй л дугуйн хаант улс юм гэж итгэх болсон. Гэхдээ дугуйг 70,80-аад оны үеийн унаа гэх юм билээ. Одоо бол дугуй тээврийн гол хэрэгсэл байхаа нэгэнт больж хүмүүс автобус, метро-г илүүтэй сонгох болсон гэнэ. Шинээр тавигдсан хурдны замууд дугуйн замгүй болж, хуучин дугуйн замууд машины зогсоол болон өөрчлөгджээ. Гэсэн ч хаант улс л бол хаант улс. Өглөө эрт ажилдаа яваа дугуйчдын цуваа болоод дэлхийн зах зээл дэхь дугуйн үйлдвэрлэл нийлүүлэлт нь үүнийг батлана.

      Дугуй анх хэдийд Хятадад орж ирснийг тодорхой хэлэхэд хэцүү гэнэ. Чин улсын үеийн Хаалттай хотын зам дээрээс дугуйн мөр элбэг олддог байна. Мөн Чингийн сүүлчийн хаан Пү И дугуйнд маш дуртай хүн байсан бөгөөд хэрмийн хаалгануудын босгыг дугуй унаж явахад тохиромжтойгоор хийхийг албатууддаа зарлигддаг байжээ.

     Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдахтай зэрэгцэн улсын мэдлийн дугуйн үйлдвэрүүд олноор байгуулагдаж хэрэглэгчид ч сая саяараа бий болсон гэдэг. Тэр цагт дугуй ховор, тансаг, үнэт хэрэглээ байлаа. Бас дугуй, оёдлын машин, цаг гуравтай айлыг баян, соёлтой айлд тооцдог байжээ.

     Улс орон төлөвлөгөөт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж байсан болохоор дугуй худалдан авна гэдэг үнэхээр амаргүй байсан. Дугуй худалдан авах эрхийн талон ажлаас өгдөг байсан юм. Тэр талон нь хүн бүрт олдоод байдаг эд биш. Жишээ нь маш их цус нийлүүлсэн доноруудад талон өгөх жишээтэй. Бас маш үнэтэй эд байсан болохоор энгийн айл дугуй худалдан авна гэдэг амаргүй ажил байлаа гэж нэгэн настан надад сонирхуулсан юм..

     Хүн бүхэн олж авах гэж тэмүүлэх хир нь олдож өгөхгүй, дээр нь өндөр үнэтэй байсан нь хүмүүсийн сонирхлыг улам ихээр татаж байсан боловуу. Тэгээд ч удалгүй Хятад орны өнцөг булан бүрт дугуй хүрч дэлгэрч чаджээ. Сүүлдээ европ гаралтайг нь бараг мартагдуулж унадаг дугуй гэнгүүт л хүний санаанд хятад орон буухаар болсон гэвэл маргах хүн гарахгүй л боловуу. Дугуйг нийтэд дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн дугуйны үйлдвэрүүдийн нэг бол Forever Co.Ltd. Ер нь бол Forever буюу Өнө үүрд дээр нь Нисч буй тагтаа, Гарьд гэсэн дугуйны 3 маркийг мэдэхгүй хятад хүн цөөн. Forever Co.Ltd. 1940 онд анхны дугуйгаа үйлдвэрлэжээ.

     Манай компани хятадын нийт дугуйны 10/1 хувийг үйлдвэрлэж ирсэн. Хамгийн анхны ердийн хэрэглээний дугуй үйлдвэрлэсэн, уралдааны анхны дугуйг мөн үйлдвэрлэсэн гээд дугуйн амьдралтай холбоотой олон үйл явдлын анхдагч болон түүхнээ бичигдсэн гэж Forever Co.Ltd.-н нэг захирал Gu Juexin CCTV-н сурвалжлагчид ярьж байналээ.