• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-02 19:23:36    
"Наран тойрог" арван нэг дэх дугаар

Хятадын Олон Улсын Радио

      Өдөөсөө харсан бүгдийг дальдчаах өнгий нь эс мэдэх наран тэргүүнээ таньтай хамт нэг бүтэн тойрох 8760 цагийн аянд Хятадын ОУ-ын радиогийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа үзсэн харсан, түүнээс сэрсэн сэтгэгдлээ хуваалцах "Наран тойрог" нэвтрүүлэг өнөөдөр таньд "Ирж яваа цаг" нийтлэл хүргэхээр бэлтгэлээ.

     Бар сарын цоохор өдөр түүчээлсэн бор хоногууд ташаа ташаагаа дэрлэн дэрийтэл хатирсаар хулгана жилийн хаврын дунд хөхөгчин туулай сартай золгов. Цагаан сарын шинийн нэгнээс хойш саран охин дэлхий ээжээ нэг бүтэн тойрчээ.Одоо энд хаа сайгүй хавар. Хүний мэдрэхүйн бүхий л эд эсээр хавар урсаж байна. Хавар нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох нь ертөнцийн сайхны туйлын нэгэн ажгуу. "Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэрнэ" хэмээн их Нацагдорж цэл залуухан насандаа мөнхөлсөн бий. Хавар бас гарт баригдаж, үнэрлэхүйн эрхтэнг сэрээж, амтлахуйг баярлуулах ажаам. Ирж яваа цаг гэдэг сайхан ажээ.

      Ирж яваа гэснээс өнгөрсөн өвөл БНХАУ-д ойрын олон жил болоогүй зудтай байлаа. Анхны цас Бээжинд 2007 оны 12-р сарын 10-ны Даваа гаригт орсон юм. Харин он гарсны дараа 1-р сарын дунд 10 хоногоос хойш хятадын өмнөд нутагт их хэмжээгээр орсон бороо, нойтон цасны улмаас зуд болж, түүнээс үүдэн тус улсын зам, харилцаа, тээвэр, эрчим хүч, ард түмний ахуй амьралд их хохирол учирсан, хүнд өвөл өнгөрлөө.

      Хятадын Иргэний Засаг Захиргааны Яамны орлогч сайд Ли Лигүө энэ оны 2-р сарын 23-нд Бээжинд хуралдсан "Гамшигт нэрвэгдсэн нутгийн иргэдийн амьдрал ахуйг сэргээх ажлын зөвлөлгөөн" дээр "...зудад 129 хүн амь насаа алдаж, 4 хүн алга болж, 11 сая гаруй га талбайн ургац алдлаа" гэж онцлон тэмдэглэж байсан. Өнгөрсөн өвлийн зудны уршгийн шууд хохирол нь 150 тэрбум гаруй юанд хүрчээ. Үүнээс гадна улс ардын аж ахуйн бүх салбар, олон нийт, ард түмэн, хувь хүмүүст учирсан шууд бус хохирлыг тооцохын аргагүй юм. Орчлонгийн аль нэгэн өнцөгт болж буй сонин содон үйл явдал бүхэн дэлхий нийтийн сонорт түргэн шуурхай хүрдэг болохоор манай нэвтрүүлгийг сонсож суугаа та ч гэсэн МҮОНРТ-ийн мэдээллийн хөтөлбөрүүдээр Хятадын, цас зудны талаарх мэдээллийг цаг тухайд авч байсан байх аа. Одоо бол зуданд таслагдсан цахилгаан шугам сэргэж, бүх Хятадын авто болон төмөр зам, агаарын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалдаа орж, хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч, тогтуун байна гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Энэ хүнд бэрх үед дэлхий олон улс, Хятадын ард түмэнд санаа тавьж, тус орны удирдагч нарын нэр дээр цахилгаан утас илгээж, зарим нь тусламж үзүүлж байлаа. БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч Лю Жянчао өнгөрсөн сарын 20-ны өдөр, зудтай үед дэмжиж, тусалж байсан орнуудын төр, засгийн тэргүүн, тэднээр дамжуулан ард түмэнд нь баярлаж талархсанаа илэрхийлж байна билээ. Монгол улсын Засгийн Газар ч ээлжит хуралдаанаараа мөнхийн хөрш орныхоо өмнөд нутгийн зудад нэрвэгдсэн ард түмэнд туслах тухай асуудал хэлэлцэж, ЗГ-ын нөөц хөрөнгөөс зохих хэмжээгээр гаргахаар шийдвэрлэж байсан юм. Одоо өндөрлөх тийшээ хандаж байгаа 11 дэх удаагийн сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы 10-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын ХААЯ-ны сайдын орлогч Вэй Чао-Ань "Энэ өвлийн зуд нь голдуу хүнсний ногоо болон жимсний үйлдвэрлэлд хохирол учруулж, өвлийн улаан буудайн үйлдвэрлэлд нөлөөлөөгүй. ЗГ-аас гамшгийн талаар оновчтой арга хэмжээ авч, үр дүнтэй хэрэгжүүлснээр, Хятадын хэмжээгээр хөдөө аж ахуйн хангамж хэвийн, үнэ ханш харьцангуй тогтвортой байна" хэлж байна. 3-р сарын 1-ний байдлаар зудад нэрвэгдсэн өмнөд нутгийнханд Хятад орны нийт ард иргэд 1 тэрбум 600 сая юаний эд материалын болон мөнгөн тусламж үзүүлээд байна. Үүнийг зудад нэрвэгдсэн нутгийн сэргээн босголт, ард түмний амьрал ахуйг дээшлүүлэхэд зарцуулах ажээ. Хятадын цаг уурын шинжилгээний газрын мэдээнээс үзэхэд ер нь өнгөрсөн өвөл Хятад агаарын температур хасах 4,3 хэмд хүрч, өмнөх жилүүдийнхээс 0,2 градусаар буурч, сүүлийн 22 жилд тохиогоогүй хүйтэн өвөл байжээ. Гэхдээ энэ нь өнгөрсөн зууны 50-80 оны хүйтэн улиралтай харьцуулахад ердийн л өвөл. Энэ нь сүүлийн жилүүдэд цаг агаар дулаарч байгаагийн илрэл гэж цаг уур шинжээчид дүгнэж байна. Ямар ч байлаа, учруулсан гарз, хохирлынхоо хэмжээгээр "ЗУДТАЙ ЖИЛИЙН" гэж хожим яригдах нэгэн өвлийг бид үдлээ дээ. Сэхээвчээр сэвэлзэх салхины үзүүр зөөлрөөд нэгэнт эгшиглэнт урин цаг иржээ.

      Ишиг гижигдэх нялх зэрэглээ өндөрзсөн миний цэнхэр хөдөөд өдийд, хавартаа дулаахан хаврын наран дор мал ид төллөж байгаа даа. МҮОНР-гийн ШЭРС-ын "Малчин" нэвтрүүлгийг эрхлэн бэлтгэдэг нэрт сэтгүүлч, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цэндийн Чимэддорж өнгөрсөн Пүрэв гаригт "Бүхнийг баригч" хэмээх шороон хулгана жилийн "Төл таван эрдэнэ" нэвтрүүлгийнхээ анхны дугаарыг дуугаргалаа. Монголын радиогоор Төл таван эрдэнэ нэвтрүүлгийн эхлэл дуу хангинаад ирэхээр хавар болсон нь илт мэдрэгддэг юм гэж зөндөө хүн ярьж байхыг би сонссон.

Энгэрийн яргуй цасан дор зүүдлэхэд
Эхний төл наран наашлан цангинана
Эзэн малчны магнай тэнийн баясахад
Эх орны минь сүрэг нэмлээ гэж дуулна.
Таван бүлээн зүс таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ.

      Гэсэн гэрэлт мөрүүдтэй, торгон сайхан аялгуу одоо миний сэтгэлийг сэмлэн сэмлэн эгшиглэж байна. Урь унахаар адуу мал хүртэл нутгаа санадаг хойно доо.

      Сэхээвчээр сэвэлзэх хавар буй биеэр минь шингэнэ. Хаврын дуу, хаврын үнэр өрөөгөөр минь бас дүүрчээ. Сонин юм. "Сайхан хаваржиж байна уу?" "Хавар ч, боллоо доо" гэж өдөр болгон ярьж байгаа атлаа, гэнэт хавар нүдэнд туяаран үзэгдэхээр мэдрэхүйн бүх эд эс баяраар цэнгэдэг юм байна. Миний ажиллаж байгаа ХОУР-гийн хашаан дотор төрөл бүрийн модод бий. Намар анх ирэхэд алагласан цэцэгсийн хүрээлэн, дэлгэрсэн моддын төгөл угтаж байсан юм. Мэдээж, моддын алтан навч хагдардагаараа хагдарч, өвөл болдгоороо болсон. Гэтэл саяхандаа, хоёр гуравхан өдрийн өмнө ажил руугаа орох гэж явтал хаалганы хажуудах навч нь дэлгэрэх болоогүй хэдэн модны сэрийсэн мөчирнүүдээс цагаан цэцэгс цоморлогио дэлгэж байв шүү. Очиж сонирхлоо. Сайхан анхилам үнэр хан тавьж байнаа. Энэ чинь л урин хаврын зөөлөн, нялх үнэр байхгүй юу. Ертөнц цоо шинээр үнэртэх шиг сэтгэл гэдэг баяр бахархлаар гийж байлаа. Эргэн тойрныхоо моддыг харлаа. Тээр хөөе, хажууд нь байх арай жижигэвтэр модны өргөстэй мөчрөөс улаан, ягаан цэцэг хариугүй цоморлогио нээх нь. Би болсон хойно өрөөндөө ороод хамт ажилладаг нөхдөөсөө асуулаа. Цагаан цэцэгтэйг нь монголчилбол нэр нь Модонбадам гэнэ. Улаан цэцэгтэйг нь Анар жимс ургадаг мод гэлээ. "Үрт ургамлын зурагт толь" дээрээс үзэхэд Модонбадамын навч нь гөлөглөхөөс өмнө цагаан цэцэг дэлгэрдэг, Тан улсын үеэс эхэлж ургуулсан, цэцэг нь эмийн найрлагад ордог. Үрнээс нь тос шахаж болдог гэж бичиж. Бас хүмүүс түүнийг мод модны дундаас хамгийн түрүү цэцгээ дэлгэдэг хэмээн ярих юм билээ.Нээрэн ч хамгийн түрүү цагаан лянхуа цэцэг дэлгэрчээ. Эндэхийн хашаанд Солонгосын Нарс, Японы Сакура, Францын Хонхорцогт, гудамлаад суулгачихсан сарнай бут, Уянгат болоод Гүйлсийн төгөл гээд бас бус олон төрлийн модод бий. Энд нэгэн зүйлийг тодруулахад Японы Сакура, Солонгосын Нарсыг ХОУ-ын радиогийн сонсогчид нутаг нутгаасаа илгээсэн юм билээ. Сакура нь бүр онгоц хөлөглөж заларсан гэж байгаа. Нар ээсэн хашаанд хавар хан тавиад нэг л цоо шинэ мэдрэмж сэрвэлзэнэ. Дэлхий ичээнээсээ сэрээд, үндэстэй бүхэн дэлгэрэх ирж яваа цаг гэдэг сайхан юм аа.

     Хятадын ард түмэн тарьсан мод, ургуулсан цэцэрлэгээ их тордог улс ажээ. 3-р сарын 12-н, өнгөрсөн Лхагва гариг энэ орны мод тарих өдөр байлаа. 2007 оны жилийн эцсийн байдлаар сүүлийн 30 жилд Хятад улсад давхардсан тоогоор 11 тэрбум хүн албан журмаар мод тарих ажилд оролцож, 51 тэрбум 500 сая гаруй ширхэг мод тарьжээ. Хятадын ойн бүрхэц 1981 онд нутгийн 12 хувийг эзэлдэг байсан бол одоо 18,21 хувьд хүрлээ Энэ нь дэлхийн нийт таримал ойн 3-ны 1-н хувийг эзэлж, энэ амжилтаараа дэлхийд тэргүүлж буй орон гэнэ. НҮБ-аас хийсэн судалгаанаас үзэхэд Хятадын таримал ойн нь дэлхийн жил тутамд тарьж байгаа нийт модны 53 хувийг эзэлж байна гэж Хятадын ойн аж ахуйн үндэсний газрын дарга Жя Жибан 3-р сарын 11-нд мэдэгдэж байсан юм. Мод тарих энэ жилийн өдөр Хятадын ард түмний тариалсан модны нийт тоо одоогоор хараахан нэгтгэгдэж гараагүй бололтой. Олимпоос өрсөж, энэ хөдөлмөрч орны иргэд лавтайяа урь урьд жилүүдийинхээс олон мод суулгаж таарнаа. Мод, бут тарина гэдэг хангай дэлхийгээ баярлуулсан буянтай үйл юм гэнэ билээ.

     "Наран тойрог" нэвтрүүлгийн 11 дэх дугаараар "Ирж яваа цаг" нийтлэл сонсголоо. Бэлтгэж, хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба.