Доржсүрэнгийн Болдбаатар Монгол улсын авьяаслаг нэртэй хятад хэлний орчуулагчдын нэг юм. Тэрээр ерээд оны эхээр уран зохиолын орчуулгад өөрийн авьяас хүч чадлыг зориулж эхлэн өнгөрсөн хугацаанд "Тан улсын шүлэг Сүн улсын дуулал"-ын зарим шүлгүүдийг орчуулан тухайн үеийн "Утга зохиол урлаг сонин"-д нийтлүүлж байсан нь уншигч судлаачдаас өндөр үнэлэлт авч байсан юм.
Сүүлийн жилүүдэд "Цаст уулын нисдэг үнэг", "Жин Ү Мэнь бүлэг", "Хуаньжу гэг" зэрэг хятад, гонконг тайваний олон ангит кинонуудыг орчуулан үзэгчдийн хүтрээл болгожээ.
Монгол улсад сүүлийн жилүүдэд хүүхэд залуучууд хятад хэлийг сонирхон суралцах явдал эрс нэмэгдэж байгааг уншигч та мэднэ. Аливаа гадаад хэлийг сурахад чанартай сайн толь, сурах бичиг юу юунаас илүүтэй чухал гэдэг нь ойлгомжтой. Орчуулагч Болдбаатар энэ эрхэм чухал үйлсэд сүүлийн жилүүдэд бие сэтгэлээ зориулан ажилласны үрээр "Хятад монгол толь бичиг", "Монгол хятад толь бичиг", "Япон монгол толь бичгийг" зохион гаргасан нь гадаад хэл суралцагсдын хувьд эрэлт хэрэгцээ ихтэй номуудад тооцогдон хоёроос гурван удаа давтан хэвлэгдээд байгаа юм.
Орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар эхнэр Туяагэрэлийн хамтаар ӨМӨЗӨ-ны Хөххотод албан ажлаар ирээд байх зуур товч ярилцлага хийснийг энэ дугаартаа нийтэлж байна.
Сур: Аян замдаа сайн явж байна уу? Бид таны уран бүтээлийн талаар уншигчиддаа товч танилцуулсан. Та харин өөрийн эрхэлж байгаа алба ажил болон энэ удаа ирсэн хэрэг зоригийн талаар манай уншигчдад ярьж өгвөл сонин байх болов уу?
Болд: би өөрийн сурч мэдсэн бага эрдэм мэдлэгийг залуу үеийнхэндээ өвлүүлэх зорилгоор хятад япон, англи хэлний сургалттай "Гэгээ" гадаад хэлний дээд сургуулийг байгуулаад дөрөвдөх жилдээ ажиллаж байна. Анх үүсгэн байгуулж байсан үеийг бодвол манай сургуулийн оюутнуудын тоо нэмэгдэж сургалтын чанар сайжран матариаллаг баазын хувьд тодорхой хэмжээгээр бэхжиж ирлээ. Манай сургуулийн хятад хэлний салбар БНХАУ-аас монгол улсад суугаа соёлын атташетай байнгын сайн харилцаатай ажилладаг. Бидний санаа нийлсэн хэдэн нөхөд монгол хэлнийхээ хөгжилтөд зохих хувь нэмэр оруулж цэвэр ариун байдлыг хамгаалахад төр засагтаа туслах зорилгын үүднээс "толь бичгийн академи" нэртэй төрийн бус байгууллагыг байгуулаад үйл ажиллагаагаа эхлээд байна. Манай өмнөд хөрш хятад улс толь бичиг зохион, хэвлэн гаргах тал дээр ихээхэн өндөр амжилтыг олсон. Бид энэ удаа толь зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ижил төрлийн байгууллагын удирдлага болон хувь хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцох зорилготой ирсэн ажил маань их бүтэмжтэй байгаад их баяртай бйана.
Сур: та анх удаа хэдэн онд хятад оронд айлчлан ирж байсан бэ? Тэр үеийн байдлыг одоогийнхтой харьцуулбал ямархуу өөрчлөлт хувиралт гарсан талаархи сэтгэгдлээ манай сэтгүүлийн уншигчдтай хуваалцвал сохин байх болов уу?
Болд: би ерэн онд анх удаа монголын киноны уран бүтээлчдийн орчуулагчаар хятад оронд айлчилж байсан. Түүнээс хойш хятад судлаач хүний хувьд ажил төрлийн шугамаар Бээжин, Шанхай, Гуанжоу, Гонконг, Хөххот, Чанчүнь, Үхань зэрэг олон том хотоор маш олон удаа айлчлах боломж гарч байсан. Нарийн тоогоо бараг санахаа байжээ. Энэ дундаас Бээжин, Хөхтот, Эрээн хотуудын хөгжилт хот байгуулалтын хурдац өдөр сараар танигдахгүй болтлоо хөгжиж байгаа гэдэгтэй танай сэтгүүлийн олон уншигчид санал нийлэх болов уу? Анх Бээжинд буухад унадаг дугуйтай улсууд усны урсгал мэт олноор давхилдах нь аргагүй л унадаг дугуйны вант улс мөн юм даа гэсэн сэтгэгдэл төрүүлж байлаа. Харин сүүлийн үед орчин үеийн өндөр гоёмсог барилгууд олшрохын зэрэгцээ гадаад дотоодын ганган хийцтэй машин тэрэгнүүд олширч унадаг дугуйтай хүмүүсийн тоо эрс цөөрсөн нь ажиглагддаг. Харин гудамж зээлээр хүн болгон гар утас барин харилцаж таксин унаа хөлөглөгчдийн тоо нэмэгдсэн нь ард түмний аж амьдралын түвшин дээшилж байгаагийн илрэл гэдэг нь илт харагдаж байгаа хэрэг юм л даа.
Сур: манай Хятадын ард түмний аж амьжирлын төвшингийн өөрчлөлт гадаадын хүний хувьд танд ямар санагдаж байна вэ?
Болд: хятад улс дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсноор Хятад улсыг "Дэлхийн үйлдвэр" гэж нэрлэдэг боллоо. Миний сүүлийн үед олж уншсан нэг материал дээрээс үзэхэд хятадад үйлдвэрлэсэн хувцас дэлхийн хүн ам тутамд дөрвөн ширхэг оногдохоор болсон байна. Манай охин Америкад бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг. Америкад хувцас хунараас гадна өргөн хэрэглээний барааны дийлэнхи нь Хятадад үйлдвэрлэсэн байдаг гэж ярьж байсан л даа. Хөндлөнгийн хүний нүдээр харахад ард түмний аж амьдралын түвшин үнэхээр дээшилж байгаа нь мэдэгддэг. Би өөрөө хятад судлаач хүний хувьд ХКН-ын арванзургадугаар их хурлаас дэвшүүлсэн нийтээрээ чинээлэг нийгэм байгуулах их үйлс бүрэн биелэх боломжтой гэж үзэж байна.
Сур: та Хятад Монголын хорилцааны цаашдын хэтийн төлөвийг хэрхэн үнэлж байна вэ?
Болд: Монгол Хятадын найрсаг хамтын ажиллагаа тал бүриййн салбарыг хамран амжилттай хөгжиж байна. Айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг гэсэн сайхан үг ч байдаг шүү дээ. Хятад улсын түргэн хурдацтай хөгжил нь хөрш зэгэлдээ улсууд тэр дундаа монгол улсад улам ашиг тусаа өгнө гэдэг нь тодорхой. Яагаад гэвэл усанд ойрхон асрын тагтнаас сарыг түрүүлж хардаг гэсэн Хятадын мэргэн үг байдаг шүү дээ.
|