Хятадын өмнөд нутгийн Сычуань муж нь Хөхмөрний дээд урсгалд байрлаж, олон салбар урсгал нь нийт мужаар нь урсан өнгөрч, Хөхмөрний дунд, доот урсгалын районы экологийн халхавч болж байна. Хятадын байгалийн ойн хамгаалалтын анхны бүлэг туршилтын район болон Сычуань мужийн тариалангийн газрыг атаршуулан мод тарьж ойжуулах төсөл хэрэгжүүлсэн район болсны хувьд Сычуань мужийн Я-ань хот 1998 оноос эхлэн байгалийн ойг хамгаалах, тарилангийн газрыг атаршуулан мод тарих, зэрлэг амьтныг хамгаалах гурван төслийг алхам дараатай хэрэгжүүлсэн байна. Одоо энэ район нь Хөхмөрний дээд урсгалын экологийн байгуулалтын үлгэр жишээ район болоод байна.
Я-ань хотод одоо 1 сая 120 мянган га ойн талбайтай, энэ нь хотын нийт талбайн 78 хувийг эзэлж, ойн бүрхэц нь 56 хувьд хүрсэн байна. Байгалийн ойг хамгаалах, тариалангийн газрыг атаршуулан мод тарьж ойжуулах, зэрлэг амьтныг хамгаалах гурван төсөл хэрэгжүүлсний дунд тариалангийн газрыг атаршуулан мод тарих төсөл нь Я-ань хотын экологийн байгуулалтын хамгийн их амжилт олсон төсөл болжээ. Я-ань хотын ойн аж ахуйн газрын албаны хүн, ноён Ли Жихун танилцуулж хэлэхдээ,
2007 оны сүүлчээр бий бүхий Шян сууринд бүгд тариалангийн газрыг атаршуулан ой мод тарих төсөл хэрэгжүүлсэн. 1019 тосгоны 930 мянга гаруй хүн бүгд тариалангийн газрыг атаршуулан мод тарих төсөл хэрэгжүүллээ. 930 мянган хүн нь манай хотын нийт хүн амын 75 хувь орчим байна гэсэн үг юм гэжээ.
Тариалангийн газрыг атаршуулан мод тарих төсөл хэрэгжүүлээд хэдэн жил болсны дараа Я-ань районы хөрсний цөлжилт 32 хувь гаруйгаар буурсан байна. 2006 онд Сычуань, Чүнчинд 50 жил тохиолдоогүй зуны улирлын ган хуурайн гамшиг болсонд ойн бүрхэц сайтай бөгөөд усны эх баялгийг хамгаалах хүчинтэй болсноор Я-ань хотод ган болсонгүй. Тариалангийн газрыг атаршуулан мод тарих төсөл ихээхэн ач тусаа өгсөн байна.
Гэвч экологийн орчиныг хамгаалахын зэрэгцээ тариачдын орлогыг ч нэмэгдүүлэх хэрэгтэй. Ямар мод таривал хөрсийн цөлжилтийг хамгаалах мөртөө эдийн засгийн өртөгтэй байж чадах бэ? Я-ань хот тухайн орон нутгийн газар зүйн орчин, цаг уурын нөхцөлийг үндэслэн жимсний мод, жирийн модыг хольж тарих, мод ба эмийн ургамлыг хольж тарих зэрэг тариалангийн газрыг атаршуулан мод тарьж ойжуулах арга хэрэгжүүлсэн байна. Я-ань хотын Хуан Янь тосгон тариалангийн газрыг атаршуулан мод тарих төсөл хэрэгжүүлсний дараа тосгоны иргэд бусад тариалангийн газартаа хулс, цай зэргийг тарьж, 2007 он гэхэд хүн бүр 4700 юаний ашиг олсон байна.
Хуан Янь тосгоны иргэн Жян Хун Фанний 2 га хүрэхгүй цайны хүрээлэн болон хулсны ойтой байна. Тэднийх цай болон хулс тарихаас гадна хулсны үйлдвэр байгуулж, тосгоны иргэдийн хулсыг боловсруулан хулсан хавтан үйлдвэрлэн цаасны ээдмэгийн үйлдвэрт борлуулдаг байна. Ингээд тэднийх нэг жилд 100 гаруй мянган юаний орлого олж, тосгондоо дунд зэргийн орлоготой айл болжээ. Тэрээр хэлэхдээ,
Нэг жилдээ би 60 гаруй тонн хулс цавчиж, хэдэн арван мянган юаний орлого олж байна. Цай тариад би жилдээ 20-оос гучин мянган юань олж байна. Ингээд би жилдээ бараг 100 мянга гаруй юаний орлоготой боллоо гэжээ.
Тариалангийн газрыг атаршуулан мод тарихаас гадна Я-ань хот бас байгалийн ойг хамгаалах төсөл хэрэгжүүлэн экологийн үр ашигтай болов. Тариачид мод огтлогч байснаа ойн хамгаалагч болсон байна. 2007 оны эцэс гэхэд нийт хотоороо 40 мянган га талбайд мод тарьж, 1 сая гаруй га ой модыг хамгаалах болсон байна. Байгалийн ойн хамгаалалт нь хөрсний цөлжилтийг хамгаалах, Хөхмөрний дунд, доод урсгалын шавар шоройг багасгахад чухал нөлөө үзүүлсэн байна. Я-ань хотын ойн аж ахуйн газрын дарга Жао Чанлинь танилцуулж хэлэхдээ,
Өнгөрсөн үед манай энд үер буух үед голын ус сар гаруй булингартай байдаг. Одоо бол хоёр гурван хоног болоод л тунгалаг болчихож байна. Шавар шороо голын урсгал руу их хэмжээгээр буухгүй болжээ. Энэ бол хамгийн шууд үр өгөөж хүртэж байгаа хэрэг мөн гэжээ. \Гэрэлт орчуулж, хянав\
|