• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-09 19:10:41    
"Наран тойрог" нэвтрүүлгийн 12 дахь дугаар

Хятадын Олон Улсын Радио

      Чандмань эрдэнэ

      Би эмэг эхийнхээ өвөр дээр сарвалзаж өссөн гэдэг. Бас эмэээгээрээ хөтлүүлж хөлд орсон юм. Орчлон ертөнцийг өөрийнхөөрөө тунгааж болгоосон эмээ маань "Ус чандмань эрдэнэ" гэж сургаж, бяцхан булгаасаа авчирсан усаа их гамнадаг хүн байж билээ. Би саалийн зэл, хээрийн салхинд тунгаасан эмээгийнхээ ухаанаар орчлонг хайрлаж явах юмсан хэмээн санадаг юм. Гэвч буянтай буурлуудынхаа хаана ч хүрэх билээ дээ.Манай нутаг ил задгай ус, гол горхи ховортой болохоор айл амьтан эргэх дөрвөн цагт бяцхан булаг шанд, энд тэнд байх худгаа л бараадна. Тэгээд ч тэр үү, манай нутгийн өвгөд хөгшид усандаа их санаа тавинаа. Ус "Чандмань эрдэнэ" бүлгээ. Одоо ч тийм. Өргөн уудам, соргог сайхан малын билчээртэй, зэлүүд хээр тал байвч усгүй болохоор айл амьтан нутаглахгүй. Усгүй бол хичнээн сайхан өвс ногоотой байлаа ч хүн мал яах болж байна. Би гол мөрөн элбэгтэй газар ирэхээрээ өөрийн эрхгүй энэ ус манай нутагт байдаг ч болоосой гэж боддог юм шүү. Одоо ч тэр БНХАУ-ын гол мөрний тухай бичих гээд суухдаа нөгөө л өр зүрхээс уяатай өдийд мал нь ид төллөж байгаа хавсарга балбасан хөдөө хээрээ, хоёр нарны хооронд борви бохис хийх завгүй зүтгэж яваа малчин түмнээ бодож байна. Тэдний зарим нь хүн малын ундаа чандмань эрдэнийн тухай хөөрөлдөэж суугаа даа. Өдийд бас

Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойрон бүрд уснууд минь гэсэж эхлээд
Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи булаг аршаанууд минь цөнгөө түрж буй.

      Хятад улс гол мөрөн ихтэй орон. 5800 гаруй том жижиг гол мөрнийх нь уртын нийлүүбэл энэ үй түмэн хүн, улс орныг юутай хээтэй нь тээсэн дэлхийн бөмбөрцгийг 10-аад ороох 430 мянган километр урт гэдэг. Гол ус гэхээр манайхан Сэлэнгэ мөрнөөрөө бахархдаг шиг энднийхэн юуны түрүүнд дэлхийд нэртэй Хөх, Шар мөрнүүдээ ярьдаг. Арга ч үгүй юм. Хөхмөрөн дэлхийд хэмжээгээрээ эхний 3-т ордог 6380 гаруй км урт, хятадын усны нөөцийн 40 хувийг эзэлдэг аварга их урсгал далай аж. Хөхмөрөний сав газар тэр чигээрээ хур чийг элбэг, 20-оод сая га тариан талбай, 300 гаруй сая хүн ам суурьшсан амьдрал ахуй буцалсан, ёстой л "Өтгөсийн үдэж нялхасыг угтаж мянга мянга жил өчүүхэн ч чөлөө завгүй" нар сарны дор хөлсөөн урсгаж хөдөлмөрлөж байгаа түмний өлгий газар. Тэгээд ч Хятадын хөдөө аж ахуйн чухал нутаг ажээ.Хятадын 2 дахь том мөрөн нь бидний дунд сургуулийн сурах бичигт Шар мөрөн гэж бичсэн байдаг, Хатан гол. Энэ голын сав хөндий үндэснүүдийн өлгий бүлгээ. Хөхнуур мужийн Баян хар уулнаас эх авсан энэ голын нийт урт 5464 км, Хөхнуур, Сичуан, Ганьсу, Ниншя, Өвөр Монгол, Шаньши, Шэньши, Хенань, Шаньдун зэрэг 9 муж өөртөө засах районыг ундаалж, Бүөхай тэнгист цутгадаг ажаам. БНХАУ-д Хөхмөрөн, Хатан голоос гадна дэлхийн хамгийн урт суваг буй.1794 километр үргэлжлэх Бээжин-Ханжеүгийн суваг Хятадын эртний аварга том байгууламж мөн. Та бод доо, бүр эрт манай тооллын 600-н оны эхээр Сүй улсын Янди хааны үед татсан гэдэг. Энэ Лөүянгаар төв болгож, хойшоо Бээжин,урагшаа Ханжеү хүрэхдээ Бээжин, Тенжин, Хебей, Шаньдун, Жянсү, Жежян зэрэг муж хотоор урсан өнгөрч Хайхе, Хуайхе гол Хөхмөрөн, Чен, Тан Жян 5 их гол мөрнийг холбож байдаг аж. Хятадын өмнөд нутгийн усыг хойд нутагт татсан Бээжин-Ханжеүгийн суваг өнөөдөр ч гэсэн асар их ач холбогдолтой хэвээр байна. Тухайн цагтаа усан замын тээврийн оргил болж байсан энэ суваг олон зууны турш зам тээвэр, газар тариаланд ямар их ач холбогдолтой байсныг мөн түүгээр дамжуулан хүмүүсийн амьдрал ахуйд яаж нөлөөлж байсныг өгүүлэхэд хүрэлцэх тоо баримт дутна биз. Бид дээр БНХАУ-д 5800 гаруй том жижиг гол мөрний нийт урт нь 430 гаран мянган км гэж ярьсан. Түүний 100 гаруй мянган км замаар усан онгоц явж байгаагийн 70 гаруй мянган километрт нь механик хөдөлгүүрт усан онгоц аялдаг гэнэ.Энэ нь Англи, Франц, Германы дотоод гол мөрний усан замын нийт уртаас 4 дахин урт гэж цахим сүлжээнд суулгасан байна.

      БНХАУ-ын Тэнгис далайн ажил эрхлэсэн үндэсний газрын гаргасан "Хятадын тэнгис далайн 2007 оны эдийн засгийн албан мэдээ"-нд "Шанхайн боомтын 2007 оны чингэлэг тээвэр нь 26 сая 150-н мянган ширхэг баримжаат чингэлэгт хүрч, Сингапурын дараа дэлхийд 2-рт орсон байна" гэж тэмдэглэсэн байсан. Мөн түүнд дурьдснаар 2007 онд Хятадын тэнгис далайн зам харилцааны тээврийн ажил урьд өмнө байгаагүй түргэн хөгжиж, тус улсад 100 сая тоннын ачаа бараа нэвтрүүлэх боомт 14-тэй болж, чингэлэг тээврийн бараа нэвтрүүлэх хэмжээгээрээ сүүлийн 5-н жил дараалан дэлхийд тэргүүлж яваа ажээ.

      БНХАУ-ын тэнгис далайн тээвэр бүр эрт хэдэн мянган жилийн өмнөөс эхэлсэн гэж болох юм.4500-н жилийн тэртээх үеэс хүмүүс сал хийж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн гэх бөгөөд Шя, Шан, Жөү улсын үед Хатад гол, гол шугам болж байлаа гэж түүхэнд тэмдэглэжээ. Одоогоос 1400 гаран жилийн өмнө гэхэд энэ их өргөн уудам нутгийнхаа өмнө хойд хоёрыг холбосон 1700 гаран км урттай суваг татаж байсан улсад чинь усан тээвэр аль эртнээс хөгжсөн байлгүй яахав. Бүр Мин улсын үеэс Хятадын худалдааны онгоцууд гадаад далайн аялал хийж байсан гэдэг. Шинэ оны өмнөхөн Хятадын археологчид Өмнөд-Хятадын тэнгисийн ёроолоос 800 жилийн өмнө живсэн Худалдааны хөлөг онгоцыг татан гаргажээ. Гуандун мужийн эргийн ойролцоох усанд 30 метрийн гүнд ,30 метрийн урттай бас тэгээд 2 метр зузаан элс шавранд хучигдсан байсан уг модон онгоц Ази, Африк, Европтой холбосон "Далайн торгон зам"-ыг туулдаг худалдааны хөлөг ажээ. Нэгэнтээ далайн тээвэр их хөгжсөн орон юм чинь хөлөг онгоцны үйлдвэрлэл ч жилдээс жилд нэмэгдэж, эрчимжиж таараа.

      Сүүлийн үеийн тоо баримтаас үзэхэд Хятад улсын хөлөг онгоцны аж үйлдвэрийн хүлээж авсан захиалга 2007 онд 98 сая 450 мянган тоннд хүрч, өмнөх 2006 оныхоосоо 132 хувиар өсч дэлхийд тэргүүлж, олон улсын зах зээлийн тал шахам хувийг эзэлж байгаа гэж ХОУР-гийн энэ оны 2-р сарын 23-ны өдрийн мэдээгээр уншиж байсан. Мөн тэр мэдээлэлд "Хятадын Батлан хамгаалахын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хорооны тоо баримтаас үзвэл, 2007 онд Хятад улс 18 сая 930 мянган тонны хөлөг онгоц үйлдвэрлэв. Энэ нь 2006 оныхоос 30 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Одоо гарт байгаа захиалга нь 158 сая 890 мянган тоннд хүрч, 2006 оныхоос 131 хувиар нэмэгджээ. БНХАУ, өнөөдөр дэлхийн нөлөө бүхий хөлөг онгоц үйлдвэрлэгч орон болж. Тус улсын үйлдвэрлэсэн хөлөг онгоц Грек, Норвеги, Герман, Америк, Их Британи зэрэг дэлхийн усан тээврийн 9 том орон хийгээд ертөнцийн 60 гаруй улс орон, газар нутагт экспортлогдож байна." гэж дурьджээ. Одоо хөлөг онгоц хийх захиалгаар дэлхийд тэргүүлж байгаа орон, энэ Хятад улс. Тэгэхээр ямрав дээ? Дэлхийн бөмбөрцгийн бүх л далай тэнгист БНХАУ-д үйлдвэрлэв гэсэн аварга аварга хөлөг онгоц аялж яваа байх нь. Сонсогч таньд дуулгамаар нэг цоо шинэ мэдээлэл байна. Хятад улс хамгийн анхны 10 мянган чингэлэг ачаа тээвэрлэх хөлөг онгоцыг зүүн тэнгисийн эргийн хот Жян сү мужийн Нань түнд энэ 3-р сарын 16-ны өдөр туршжээ. Энэ ачаа тээврийн хөлөг онгоцны урт нь 350 метр, өргөн нь 45 метр гэснийг төсөөлөөд үзэхэд овоо том эд санаанд бууж байгаа биз. 

      Одоогоос 1400 гаран жилийн өмнө 1700 гаран км урт асар том суваг татаж бүх нутгаа усаар хангаж байсан ард түмэн одоо том том усан сан байгуулж, усан замыг хүртэл барь бахйгуулж байна. Энэ оны 1-р сарын 12-нд 300 мянган тонны даацтай хөлөг онгоц орж гарахад бүрэн чөлөөтэй анхны хиймэл усан замыг дэлхийн 3 дахь том боомт Нин Бө-Дань Шанд ашиглалтад оруулжээ. Уул нь энэ замын усны гүн нь 18 метр, 150-200 мянган тонны даацтай онгоц л явдаг байсан гэнэ.Жэ жян мужийн боомтын тээврийн ажил хариуцсан газрын дарга Зэн Хүймин "Уг усан замыг өөрчлөн байгуулсан нь тээврийн өртгийг ихээхэн хэмнэж,далай тэнгисийн орчин ахуйг хамгалаахад их ач холбогдолтой болсон" гэж ярьж байсан. БНХАУ, байгаль орчнооо хамгаалах талаар сүүлийн жилүүдэд ихээхэн арга хэмжээ авч тэр нь үр дүнгээ өгч байна. Хятадын Дорнод нутгийн Жянсу мужийн Хятадын цэнгэг устай нууруудын нэг Тай-хүү нуурын урсгал дагуу бохир ус цэвэрлэх 169 үйлдвэрийг шинэчлэн байгуулж, энэ оны эцэс гэхэд фосфор, азотыг цэвэрлэх техникийн өөрчлөлтийн ажлыг хийж дуусгасан байх ажээ. Шанхай хот, Жянсу мужийн цэвэр усны эх үүсвэр Тай-хүү нуур бохирдсоноос өнгөрсөн жилийн зуны эхэн сард тус нуурт хөх замаг ихтэй болж, олон зуун мянган хүний ундны усаар гачигдахад хүрсэн гэж мэдээлж байсан юм. БНХАУ, жил жилийн 3-р сарын 9-ийг "Ээж мөрнөө хамгаалах өдөр" болгон тэмдэглэдэг ажээ.7 дахь жилийнхээ энэ өдрийг "Амьдралын эх усыг хайрлан хамгаалж, экологийн боловсон байдлыг байгуулъя" уриан дор тэмдэглэлээ. Янз нь их ч олон төрлийн арга хэмжээ зохиох шиг болсон. Гол мөрнийг хамгаалах энэ өдөр нь байгаль орчин хийгээд, хүн төрөлхтний соёл иргэншлийг ундалсан гол мөрнийг хамгаалахад гар бие оролцохыг хүүхэд залуучуудад уриалах зорилготой юм гэж албаны хүмүүс ярьцгааж байсан. Манайхан далай ээж, Сэлэнгэ ээж, Онон хатан ээж гэдэг шиг хятадын ард түмэн ч бас ээж мөрөн гэх аж. Ерөөс аль ч орны ард түмэн ус голоо амьдралыг тэтгэгч "Чандмань эрдэнэ" гэж хайрладаг бизээ. БХАТИХ-ын Байнгын хороо энэ оны 2-р сарын 26 өдрийн хурлдаанаараа Экологийн хохирол учруулбал хүлээлгэх хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ гэж тэр үед тус улсын хэвлэл мэдээлээр гарч байсан юмдаг.Түүнд усан санг зориудаар бохирдуулсан буруутай нь тогтоодсон үйлдвэрийн газрын дарга нарыг жилийн цалингийнх нь тэн хагасаар торгоно гэж заажээ. Үүнээ гадна, усан санг бохирдуулж байгаа компаниудад шууд ногдох торгуулийн системийг өөрчлөхийг санал болгосон ажээ. Өмнөх хуульд төлбөрийн дээд хэмжээ нь 1 сая юань байгаа бөгөөд шинэчилсэн төсөлд үйлдвэрүүд учирсан хохирлын 30 хүртэл хувийг төлөхөөр тусгасан гэж яригдаж байсаан. Амьдралыг тэтгэгч чандмань эрдэнээ Хятадын ард түмэн ингэж хамгаалдаг ажээ.

     "Газрын нүдэн булгийн тань хад цоолсон догшин цамнаан нь намайг ирэмгий болгосон" "Өдөржин нарыг хүлхдэг мөртлөө шүд ташсан хүйтэн, шөнөжин сарыг угаадаг байтлаа тас хар өнгөтэй миний хүйтэн булаг газрын шивнээ" гэхчлэн Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлгэнд мөнхөрсөн миний нутгийн цовоо сэргэлэн булаг шанд, гол мөрөнд цутгана. Гол мөрөн намуухан урссаар тэнгис далайг сэлбэнэ. Миний эмээгийн "Чандмань эрдэнэ" гэж эрхэмлэсэн миний нутгийн булаг урссаар хөлдөж, урссаж гэссээр түм түмэн жилийг ундаалсаар буй.

     "Наран тойрог" 12 дахь дугаараараа "Чандмань эрдэнэ" нийтлэл сонсголоо. Бэлтгэж хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба