"Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн "Харийн хүний нүдээр" булангийн энэ удаагийн дугаарт Монгол Улсаас Бээжин хотноо ирж мэргэжил дээшлүүлж байгаа ТВ9 телевизийн уран бүтээлч залуусыг урьж оролцууллаа. Инженер, найруулагчийн ажилтай хоёр залуу Хятадын CRTV-ээс зохион байгуулж байгаа техникийн сургалтад хамрагдаж байгаа юм. Бээжин хотод ирээд сар гаруй болж байгаа гэнэ. Энд тэндгүй барилга байшингийн ажил өрнөсөн, олон хүнтэй ч дэг журамтай, аргагүй л хөгжлийн хурдаа авсан хот байна гэж Бээжин хотын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.
Залуус ногоо голдуу хятад хоолыг давгүй идчихдэг болжээ. Анх ирээд бол хоолонд нь нэг л сайн дасч өгөхгүй байсан гэнэ. Монгол хүний биологийн онцлог ч юмуу ер нь өрөөд тавьсан хоолноос мах ихтэйг нь л голдуу сонгоно доо гэж ярилаа.
Сургалтын хувьд гэвэл дижитал технологийн давуу чанарын талаар түлхүү заалгаж байгаа юм байна. Хятад улс энэ технологд шилжиж эхлээд байгаа гэнэ. Харин Монголын хувьд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан ойрын үедээ шилжих боломжгүй л боловуу гэж залуус таамаглаж байна. Бид дижитал технологийг зохицуулж байгаад ашиглаад цацаж болно л доо, гэтэл хүлээн авах удирдлагыг нь айл бүр худалдан авна гэдэг амаргүй шүү дээ гэж инженер залуу маань ярилаа.
Мөн сургалтынхаа шугамаар Бээжин хотын олон сайхан газраар явж үзжээ. Энд ирж байгаа монголчууддаа Бэй Хай парк, Этник парк гэхчлэн паркууд, Цагаан хэрэм зэрэг газруудаар явж үзэхийг зөвлөж байна. Цагаан хэрэм дээр гараад зогсч байхдаа нэгэн их хүний хэлсэн "Цагаан хэрэм барьсан ард түмэн агуу яа. Тэрнийг бариулсан ард түмэн бүр агуу яа" гэж хэлснийг бодож байсан гэнэ.
Бээжин хот бүхэлдээ Олимпоор амьсгалж байгааг Өлзий-Орших, Наранбаатар хоёр байнга мэдэрч байгаагаа ярилаа. Өнгөрсөн 8 дугаар сарын 8-нд Тяньаньмин-ий талбайд болсон "Олмип эхлэхэд нэг жил үлдлээ" арга хэмжээний үеэр таксинд явж таарчээ. Радиогийн бүх л сувгаар энэ арга хэмжээг дамжуулж байсан гэнэ. Тэгээд явсаар гэртээ ирэхэд нь телевизийн 13 сувгаар мөн л зэрэг зэрэг дамжуулж байжээ. Үнэхээр том арга хэмжээ болж байгаа нь илт мэдрэгдэж байсан байна.
Залуус Мъянмар, Киргызстан, Лаос болон Африкийн олон орны мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамт суралцдаг. Монголын түүхийг бүгд л мэдэж байгаа нь бахархах сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Бас монголчууд бидний онцлог ч юмуу бид хичээлийн үед техникийн саатал гарахад эсвэл монтаж хийх болоход бид хоёр очоод засчихдаг юм. Манай ангийнхан гайхаад монголчууд мундаг юмаа, их хурдтай ажилладаг, залуу ард түмэн байна гэж үнэлдэг. Монголынхоо нэрийг бага ч гэсэн сайнаар гаргаж байгаадаа бид хоёр ч бас баяртай байдаг гэж Өлзий-Орших, Наранбаатар нар ярилаа.
|