Монгол улсын шадар сайд М. Энхсайхантай уулзахаар хүсэлт гаргахад яадаг бол доо. Ойрын хэд хоног засгийн газрынх нь тухай асуудал яригдаад тун завгүй байгаа юм гэсэн бодол төрж байсныг нуух юун? өдрийн хоёр цагт уулзъя гэсний дагуу хүрч очоод хүлээж суувал, засгийн газрын хуралдаан дөнгөж сая завсарлалаа, уучлаарай гэсээр Шадар сайд өрөөндөө орж ирлээ. Болзсон цагаас хоёр гуравхан минут л өнгөрчээ. Ер хүнд сурталгүй, хөнгөн шингэн, тун ч жавхаалаг нэгэн юм даа гэж бодоод биднийг дагаж явсан мэргэжил нэгтнээсээ насыг нь тавь гарсан хүн гэж тэрээр хариулав. Гучин минутын дараа өөр нэг уулзалттайг нь дуулсан тул цаг алдалгүй ажилдаа оров.
Шадар сайд, та саяхан Монгол улсын хамгийн нэр хүндтэй Гавъяат эдийн засагч цолоор шагнагдсан юм байна. "Солонго" сэтгүүлийн олон мянган уншигчдын өмнөөс юуны өмнө баяр хүргэе. Шадар сайд та манай хоёр улсын харилцаа тэр тусмаа эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн үнэлдэг бэ?
Урд хөрштэйгөө тогтоосон манай эдийн засгийн хамтын ажиллагаа бол Монгол Улсын хөгжлийн нэгэн маш чухал хөдөлгүүр гэж болно. Худалдааны эргэлт гучин хувиар өссөн. Энэ жил анх удаа нэг тэрбум америк доллорт хүрэх гэж байна. БНХАУ-ын компаниуд манай хамгийн том хөрөнгө оруулагчид байдаг. Ялангуяа хөдөө аж ахуй, уул уурхай, ашигт малтмалын салбарт ихээхэн хувийн жин эзэлдэг, цаашдаа ч улам өсөх байх. Манай хоёр улсын харилцаа хоёр орны хүрээгээр хязгаарлагддагүй. Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд зохих нөлөөгөө үзүүлж байдаг. Тийм ч учраас бид Шанхайн хамтын нийгэмлэгт ихээхэн ач холбогдол өгч байгаа.
Та түрүүн Өвөр Монголын өөртөө засах орны 60 жилийн ойн талаар сонирхолтой яриа өрнүүлж байсан. Тэр тухай бидэнд тодотгож өгнө үү? Үнэхээр сонирхолтой, бид бүхэн ач холбогдол өгөхөөс аргагүй том ой. Юуны өмнө БНХАУ байгуулагдахаас өмнө бий болж, урьтаж ойгоо тэмдэглэж байгаа нь сонин байгаа юм. Хоёрдугаарт, соёл, түүх, хэл, ёс заншлаараа бидэнд нийтлэг зүйл маш олон бий. ӨМӨЗО-ы ой тэгэхлээр бидэнд бас ойрхон баяр мөн. Тийм ч учраас бид манайхаас соёл урлагийн тоглолт ихээхэн оруулж хийгээсэй гэсэн хүсэлтээ зохих албаны хүмүүст хэлж байгаа.
Манай хоёр орны хамтын ажиллагаа хоёр талдаа ашигтайгаар бүх хүрээнд амжилттай өргөжин тэлж байна. Үүнд хил боомтын үүрэг багагүй байдаг. ӨМӨЗО-ы Урадын дунд хошуу, Өмнөговь аймгийн сум хил залгадаг нутагт Бага мод, Бүдүүн мод гэж хоёр талаасаа нэрлэдэг боомтыг нээх талаар олон жил яриж байна. Үндсэндээ бүх шатандаа тохиролцосон гэдэг. Баяннуур аймаг, Урадын дунд хошуу дэд бүтцээ хэдийнээ бий болгоод Монгол Хятадын хил дагуух үлгэр жишээ болохгуйц боомт гаргахаар хөрөнгө хүчээ төлөвлөөд байгаа гэдэг. Нутгийн олон түмэн ч нэгэн цагт тэмээн жингийн цуваа хөвөрч байсан уламжлалт тэр боомт хэзээ нээгдэх бол гэж хүлээж байгааг уламжилж байсан...
Хэрэгцээтэй газарт аль болохоор боомт нээх сонирхол бидэнд байдаг. Боомт гаргана гэдэг эдийн засаг, хүн амын төвлөрөл, хөдөлгөөнтэй салшгүй холбоотой. Бас байгаль хамгааллын хүчин зүйл нөлөөлдөг, тухайлбал дархан цаазтай бүст багтдаг ч гэдэг юм уу? Гэхдээ бид болж л өгвөл боомт нээх, нээхдээ долоо хоног, хорин дөрвөн цагаар ажилладаг боомт нээх сонирхолтой байгаа. Ийм болохоороо цаг хугацааны л юм байгаа байх.
Одоо танаас ажил хэргийн бус таны сонирхолтой холбоотой юм асууя. Та уулчин хүн юм байна. Ууланд татагдахын нууц юунд байна вэ? Хамгийн гол нь тэнгэрт ойрхон очно шүү дээ. /инээв/. өөрийгөө сорьж, хэн нэгэнтэй биш өөртэйгээ өрсөлдөнө гэдэг аугаа зүйл. Хүн хоорондын зөрчил маргаан, атаа тэмцэл тэр үед их өчүүхэн санагддаг. Дотор сэтгэл, дотоод хүнтэйгээ ярьж, өөрийгөө сорьж шалгадаг. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаярын хамт Алтай таван богд уулын ноён оргил далайн түвшнээс 4374 метр өндөр Хүйтний оргилд гарсан. өндөр уулын магнайд хүрч тэнгэр баясгах, ард түмнийхээ сүр сүлдийг дуудах нь манай монгол түмний уламжлалт зан заншил юм.
Та ууланд дахин авирах уу?
Ууланд нэг татагдсан хүн болно гэж байдаггүй юм. Би л гэхэд Алтай, Хангай, Хэнтийн оргилд хоёр удаа гарсан. Монгол оронд минь маш сайхан, хүний сэтгэлийг даллан дуудсан мөнх цаст оргилууд мөн ч олон байдаг. Дахиад авирна аа. Уул бол хүнийг төлөвшихөд асар их нөлөөтэй. Ууланд гардаг, уулын оргил руу мацан зүтгэн авирдаг хүнд баргийн бэрхшээл юу ч биш байдаг.
Шадар сайд та цаг зав гарган бидэнтэй уулзсанд баярлалаа. Оргилын өндрийг зорьж, бас эзэлж явахыг ерөөе.
Та бүхэнд болон "Солонго" сэтгүүлийн нийт уншигчдад талархал илэрхийлье. Уншигч бид танай сэтгүүлийн нэг дугаарыг уншина гэдэг нэг зүйлээр үнэлэмжтэй болж, нэг ёсны баялаг эзэмшиж байна гэсэн үг. Хоёр улсынн харилцааг хөгжүүлэхэд танай сэтгүүл чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Ийнхүү товчхон, тэгэхдээ тун тухтай хөөрөлдөөд Шадар сайдын өрөөнөөс гарч явлаа. Оргил оргил руу мацан тэмүүлж бас учирсан бэрхшээл бүхнийг туулан оройд нь хүрнэ гэдэг хүний амьдралын утга учир, аз жаргал юм гэж ойлгож явав.
|