Бээжингийн олимпийн наадмын хугацааны цаг агаарын чанарыг баталгаажуулахын төлөө Бээжин хотынхон эргэн тойрны 5 муж өөртөө засан районтай холбогдох гэрээ байгуулж, хамтран арга хэмжээ авч байна. Бээжингээс 500 гаруй км зайтай байрладаг Шань ши муж нь Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн чухал район болохоор уг мужийн агаар мандлын бохирдол нь Бээжинд ихээхэн нөлөө болдог юм.
Нүүрсний эх баялгийн том муж болох Шань ши мужийн нүүрсээр цахилгаан гаргадаг аж ахуйн нэгжүүдийн хүхрийн давхар исэл гаргадаг хэмжээ нь бүх мужийн хүхрийн давхар исэл гаргадаг нийт хэмжээний 60 гаруй хувийг эзэлдэг. Иймээс нүүрсээр цахилгаан гаргадаг аж ахуйн нэгжүүдийн хүхрийн давхар исэл гаргаж байгаа хэмжээг багасгах нь Шань ши мужийн агаар мандлын орчныг сайжруулахын гол зангилаа болох юм. Шань ши мужийн байгаль орчны хамгаалалтын газрын орлогч дарга Ван Жин лүн танилцуулж хэлэхдээ: Өнөө Шань ши мужийн цахилгаан эрчим хүчний салбар хүхрийн давхар ислийг арилгах байгуулалтын 80 гаруй хувийг биелүүлээд байна. Өнөөгийн ашиглаж байгаа 31 сая киловаттын цогцолборын дотор, 24 сая гаруй киловаттын цогцолборт нь хүхрийн давхар ислийг арилгах төхөөрөмж суурилуулсан. Бусдыг нь өнөө мөн байгуулж байна гэжээ.
Шань ши мужид нүүрсний аж ахуйн нэгж их олон байдаг юм. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн бохирдуулалд хяналт тавихаа эрчимжүүлэхийн төлөө Шань ши муж нь Хятаддаа анхных нь болох, бохирдууллын эх үүсвэрийг автоматаар хянаж шалгах систем байгуулжээ. Энэхүү систем нь аж ахуйн нэгжүүдэд алсаас 24 цагаар хяналт тавьж, аж ахуйн нэгжүүдийн бохирдуулал гаргаж байгаа хэмжээ баримжаанаас давах юм бол уг систем нь нэн даруй байгаль орчны хамгаалалтын салбар болон тухайн аж ахуйн нэгжид зэргээр сэрэмжийн дохио өгөх болно. Ийм сэрэмжийн дохио авсан аж ахуйн нэгж нь эрхбиш 4 цагийн дотор асуудлыг зохицуулах хэрэгтэй. Хэрвээ 4 цагийн дотор зохицуулахгүй юм бол уг систем нь тухайн аж ахуйн нэгжийн материал хангамжийн системийн цахилгааныг таслах болно. Ингэх юм бол аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн материал хангамж таслагдах тул аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлээ зогсох аюулд учрах юм. Шань ши мужийн байгаль орчны хамгаалалтын газрын дарга Лю Шян дүн хэлэхдээ, энэхүү иж бүрэн систем нь бохирдууллыг эх үүсвэрээс нь тогтоон барьж, хүрээлэн байгаа орчныг сайжруулах болон цаг агаарыг тунгалагшуулахад маш их үр өгөөжөө өгч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, бохирдууллыг эх үүсвэрээс нь тогтоон барих энэхүү иж бүрэн автомат системийг байгуулснаар өнгөрсөн хугацаанд зөвхөн хянаад тогтоон барьж чаддаггүй байсан байдлыг өөрчилж, хууль хэрэгжүүлэх эрч хүчийг нэмэгдүүлж чадсан байна гэжээ.
Цаг агаарыг сайжруулах олон арга хэмжээ авснаар Шань ши мужийн агаар мандал үнэхээр нэлээд тунгалагшсан байна. Уг мужийн Тай юань хотын Чэнь Ган танилцуулж хэлэхдээ, сүүлийн жилүүдэд байгаль орчин үнэхээр ихээхэн сайжирч байна. Жишээлбэл өмнө нь нэг цамцыг ганц өдөр л өмсөөд угаадаг байсан, одоо бол хоёр өдөр өмсөж болж байна. Хүн болгон байгаль орчныг хамгаалахад хүчин зүтгэл гаргах дуртай болсон. Шань ши мужийн байгаль орчин цаашид улам сайжраасай гэж бид бүхэн хүсдэг юм гэжээ.
Бээжингийн олимпийн наадмын хугацаанд Шань ши муж нь бохирдуулал ихтэй аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийг зогсоох юм уу хязгаарлаж, Бээжингийн олимпийн наадмын хугацааны цаг агаарын чанарыг баталгаажуулах юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Пэрлаймаа хянав\
|