Настайчууд ханиад хүрч халуурснаас болоод толгой өвдөх нь илт мэдрэгддэг боловч үүнээс гадна бас янз бүрийн шалтгаанаар толгой өвдөх тохиолдол байдаг.
Нэг. Цусны даралт огцом нэмэгдэх: Цусны даралт огцом нэмэгдэж, цусны даралтын хөнөөл, цусны даралтын улмаас болсон тархины өвчин энэ гурав бол адилавтар мөртөө харилцан нягт холбоотой өвчнүүд юм. Жирийн байдалд цусны даралт өндөр болсны улмаас толгой өвдөх нь тун цөөн байдаг. Зөвхөн хааяа өвдмөөр болоод өнгөрдөг байна. Гэвч дээрх гурван өвчний шинж тэмдэг илэрэхэд хүрвэл толгой өвдөх нь илт мэдэгдэж, толгой эргэх, чих шуугих, дотор эвгүй оргин бөөлжис хутгах, зүрх базлаж өвдөх, нүд эрээлжлэх, цаашилбал дөрвөн мөч бадайрч, санаа мэдрэл ч хэвийн бус болох зэрэг байдал илэрдэг байна. Энэ үед толгой хагармаар сүрхий өвдөж, толгой дүүрэн цус хөөрч улмаар саа өвчинд нэрвэгдсэн юм шиг шинж тэмдэг мэдэгддэг байна.
Хоёр. Тархины хорт хавдар: Настайчууд тархины хорт хавдарт нэрвэгдвэл, эхний үедээ хорт хавдрын эс нь жижиг, эзлэх талбай нь бага болохоор толгой өвдөх хэмжээнд хүрэхгүй. Харин хорт хавдар томроод чанарын өөрчлөлт гарах үед, их тархийг шахаж, нугасны усны замыг бөглөөд тархинд усан хаван үүсгэдэг байна. Гавлын доторхи даралт нэмэгдэн гавлын мэдрэлд нөлөөлөх үед, толгой сүрхий өвдөж, юм хүм балархай харагдан, хөл тогтворгүй болж, унадаг өвчний байдал илрэн, бөөлжиж, өрөөсөн тал нь мэдээгүй болж, ухаан санаа самуурах зэрэг байдал илэрдэг байна. Энэ бол толгой өвдөж байгаагийн бас нэг гол шалтгаан юм.
Гурав. Архагшсан цусны хавдар: Энэ бол тархины бүрхэвчийн дор хатууран тогтсон томоохон цусан хавдрыг хэлж байгаа юм. Уг өвчин нь ихэвчлэн ялимгүй хэмжээний гадар шархнаас үүсдэг байна. Гэвч настайчууд энэхэн хоромд болсон гадар шархны эх үүсвэрийг аль хэзээний мартчихаад хэдэн сарын дараа ч юм уу, нэн урт хугацаа өнгөрсний дараа толгой өвдөх, толгой чинэрэх, үе мөч хөших, шөрмөс татах зэрэг өвчний байдал илрэх үед ч ямар шалтгааны улмаас өвдөж байгаагаа мэдэхгүй байдаг.
Дөрөв. Тархины артерийн судасны хавдар: Ийм хавдар ихэвчлэн төрөлхийн байдаг. Жирийн үед их тархины гүнд нуугдаж байдаг болохоор цус гарахгүй бол толгой өвддөггүй, мэдрэлд ч нөлөөлдөггүй юм. Хэрэв хагарч цус гарах юм бол нэн даруй өвчний байдал илэрч, юуны өмнө толгой их өвдөж, дур гутаж бөөлждөг, толгой дэлбэрэх мэт өвдөж байснаа ухаан алдаж шөрмөс татдаг. 1-2 өдрийн дараа мэдээ орлоо ч гэсэн толгой мөн л өвдөж, нүүрний арьс бууж, нүдний хөдөлгөөн удааширч, хараа муудаж улмаар хараагүй болох тохиолдол ч гардаг байна.\Л.Буянтогтох орчуулав\
|