• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-30 18:28:57    
"Наран тойрог" 15 дахь дугаар.

Хятадын Олон Улсын Радио

      Одоогоос 16 жилийн өмнө юмаа, янз нь. Эх орноороо хөндлөн гулд тэнэж, ард түмнийхээ амьдрал ахуй, тэдний зовлон жаргалыг төр засаг, түмэн олонд дуулгасан сэтгүүлч болохсон гэсэн багын мөрөөдөлдөө хөтлөгдөн бичиж, сурвалжлахын донтой явсан, цанхтай залуухан насандаа Монгол улсынхаа тэр үеийн нэрээр РТХЭГ-ын томилолтоор баруун аймгуудыг хариуцсан МР-гийн сурвалжлагчаар мордож билээ. Монголын баруун аймгуудын төв гэгдэх Ховдын Ховд хотын цэцэрлэгт Дорнын их найрагчийн тарьсан модны дэргэд

      "...Явуухулан найрагчийн модны сүүдэрт сууж

      Ядарсан түмнийхээ зовлонгийн гэрчээр ирсиймаа..." гэж Орчлонд эргэн төрснөө, дэлхийн хоймор-монголд унаснаа тунхагласан "Би ирсийм" шүлгээ таталж билээ. Тийм, би амьдарч байгаа цаг үеийнхээ гэрч нь юм. Хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн буурал түүхтэй жишихэд даан ч өчүүхэн богинохон зайд амьдарч байгаа ч, энэ нийгмийг сайнтай, муутай нь ер юу ч үлдээлгүй бүгдийг нь үр хүүхэддээ бичиж үлдээнэ. Миний шүлгийг хамгийн анх сонссон, эргэх цагийн аясаар урган төлжиж, хагдарч байдаг их яруугийн мод гөлөглөж байгаа даа, өдийд. Зорилгоосоо хурмын төдий ч хазайгаагүй явааг минь дуулах болгондоо тэр, толгой дохин найгаж байгаа байх аа. Энд, БНХАУ-ын ОУР-д мөн л дэлхийн олон орны хэл дээр эх орныроо тухай нэвтрүүлэг явуулж байдаг энэ том айл хийгээд МҮОНРТ-ийн гэрээний дагуу ирээд 6 сар боллоо. Нэгэнт томилолтоор ажиллаж байгаа хойно гадуур дотуур явсан минь ховор. Гэлээ ч өөрийн биеэр оролцсон үйл явдлынхаа талаар бичиж, та нартаа дуулгах нь миний үүрэг ерөөс мөн. Хожим хойно ХОУР болоод МҮОНРТ-ийн хоорондын харилцааны нэгэн жилийн үйл явдлуудын гэрч нь би байх юмаа.

      Гэрчийн мэдүүлэг. тэргүүн бүлэг

      Өнгөрсөн 2007 оны 12-р сарын 6-ны өглөө би ажилдаа эрт ирсэн юм. Эртээ ч алд даа. 8-н цагт. Намайг анх ирэхэд ХОУР-гийн МХ-ний нэвтрүүлгийн редакцийн дарга Цэцэн хэлсэн юм. "Та 9 цагт ирж байгаарай. Манай эхний мэдээнүүд орчуулагдаад тэр үед гардаг" гэж. Тэгээд л өөрөөнийхнөөсөө арай хожуу "морилдог" болсон хэрэг. Эрт ирэх болсон шалтгаан нь Күнзийн радио их сургуулийн нээлтэд оролцох. Тэр өглөө ХОУР гаднаасаа авахуулаад гоёчихож. Цуглаан хийх нэг давхрын талбай бүр сүрлэг бас ихэмсэг. Дэлхий дахинаа БНХАУ-ын хэл, соёл, түүхийг сурталчлах радио Их сургуулийн нээлтэд олон орны төлөөлөгчид ирсэн байсаан. Манайхаас гэхэд л Нийслэлийн Хятад хэлний сургалттай "Үй цай" сургуулийн захирал Баяраа энэ арга хэмжээнд оролцсон. Энд хоёр гурав хонохдоо өөртөө цамц, зангиа гэхээсээ сургуульдаа сурах бичиг, үзүүлэн, гарын авалга цуглуулсан, Монголын боловсролын байгуулагад насаараа зүтгэсэн сайхан хүнтэй ойр дотно танилцах завшаан тохиосон юм. "Үй цай сургууль байгуулагдаад 12 жилийн нүүр үзлээ. Саад бэрхшээл алийг тэр гэхэв" гэж сургууль, сурагчдынхаа тухай л өгүүлэх түүний яриа одоо ч тэр, сайн сайхнаар дурсагддаг юм.

      Зорьж ирсэн ажил сайхан бүтлээ гэж урамтай нь аргагүй хүлгийнхээ жолоог нутгийн зүг эргүүлсэн Баяраа захирлын номын цагаан буян дэлгэрүүлэх үйлс лавтайяа сэтгэлчлэн бүтэж яваа буй заа.

      Үнэнээ хэлэхэд Монгол нутгаас минь хүн ирэхэд тухлан байж, эх орныхоо тухай элдвийг дүнгэр дүнгэр яриад сууж байх сайхаан. Манай өрөөний Цэцэн. Би дээр хэлсэн дээ. ХОУР-гийн МХ-ний нэвтрүүлгийн редакцын дарга, ерөнхий редактор гэж. Тэр өнгөрсөн оны 11-р сард тус радиогоос МҮОНР-д урилгаар айлчилсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Улаанбаатарт 7 хоног ажилласан юм. Би ирэхийг нь битүүхэн хүлээгээд байв шүү. Эх орныхоо мэдээллээс, Улаанбаатарынхаа сониноос, Радиогийнхоо амьдралаас сонсох гэж тэр л дээ. Мань эр үнэнийг ярина. Яагаад гэвэл Цэцэн, МУИС-д суралцсан. МР-д хоёр ч удаа жил жилээр мэргэжилтнээр ажилласан, БНХАУ-ыг өндөр дээд хэмжээний төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийхэд орчуулагчаар явж байсан профессор хүн чинь урьд нь Монголчуудын амьдрал ямар байсан хийгээд одоогийн ахуйг нь ёстой эднийхний хэлдгээр "гаднын хүний нүдээр" ярина гэж бодсон хэрэг. Харин ч нэг ёстой санасанаар болсон доо. Манай Цэцэн явсан сонин, үзсэн харснаа дуулгахдаа халаглаж ч байлаа, магтаж ч байлаа. Гэхдээ харамсах их байсан шүү, энүүхэндээ гэхэд. ХОУР-гийн Азийн 1-р төвийн орлогч дарга Тунгалагаар ахлуусан тус радиогийн Монголд хийсэн энэ удаагийн айлчлал үр дүнтэй боллоо гэж албан ёсоор мэдэгдэж байсан. Монголд байх хугацаандаа МҮОНР-гийн удирдлагуудтай уулзаж, ажил төрөлтэй нь танилцаж, хожим байгуулах гэрээ хэлцэлийнхээ талаар тохирч, дээр өгүүлсэн Хятад хэлний сургалттай Үй цай сургуулиар орж багш, сурагчидтай нь уулзаж, Дархан-Уул аймгийн FМ дамжуулах станцид очсон гэсэн. Нэвтрүүлэг дамжуулах станц гэснээр ХОУР, 1964 оны 12-р сарын 1-нд Монголын сонсогчдод зориулсан нэвтрүүлгээ эхэлсэн юм билээ. Одоо бол өдөрт 2 цагийн нэвтрүүлэг бэлтгэн Монголын сонсогчдод хүргэж байдаг айл. Манай сонсогчдоос жилд хэдэн зуун захидал ирж, бас өчнөөн хүн утас хийгээд сүлжээгээр холбогдож бодол саналаа илэрхийлж, энэ үзүүлэлтээрээ радиодоо дээгүүр ордог гэсэн. Эднийх чинь манайхаас гадна 40 гаран хэл дээр Хятад орныхоо хөгжил дэвшил, түүх соёл, ард түмнийхээ амьдрал ахуйг таниулдаг газар. Ямартаа л Хятадын хэл, соёлыг дэлхий дахинд таниулах Күнзийн радио их сургуулийг анхныхыг ХУОР-д байгуулж, түүний нээлтэд тус улсын төр засгийн удирдагчдаас ирж оролцож байхав. Хятадын радио сонсогчдын "Найрамдал" клуб Улаанбаатар хотод байгуулагдаад манай редаөкцынхантай байнга холбоотой байж, нягт хамтран ажиллаад 7-н жилийн нүүр үзэж байгаа юм байна. Сонсогчдын ийм клуб ганц Улаанбаатарт ч биш бас Архангайд байдаг юм билээ. 2008 он гарсны хойх нь доо, Улаанбаатар хотын ХР сонсогчдын "Найрамдал" клубын зөвлөлөөс шилдэг нэвтрүүлэг бэлтгэсний учир ХОУР-гийн МХ-ний нэвтрүүлгийн редакцын ахмад ажилтан Буянтогтох ахад 2007 оны "Шилдэг нэвтрүүлэгч" өргөсжлөл олгосон юмдаг. Бас саяхан даа. Хэдхэн хоногийн өмнө сонсогчдын клубын зөвлөлийн гишүүн Оюунсүрэн Бээжинд ирж, тус редакцийн хамт олонтой уулзаад халуун дотно яриа хөөрөө өрнүүлж, сайхан сэтгэгдэл үлдээгээд буцсаан. Бас болоогүй ээ. Нийслэлийн 23-р дунд сургуулийн захиргааны "Талархал"-ыг сайн сайхан харилцааны дурсгал болгосон. ХОУР-гийн хамт олонд гээд: "Эртний соёл түүхт хятад хэл шамдан сурч буй шавь нарыг маань дэмжиж байдаг та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн талархал илэрхийлье" гэсэн хамт олныхоо сайхан сэтгэлийн үгийг шингээсэн ийм хүндтгэлийн бичээс байна билээ. Ийм зүйлс энд олон байдаг юм. Цаашид улам олон болно. Би итгэлтэй байна.

     "Наран тойрог" нэвтрүүлэг 15 дахь дугаараараа "Гэрчийн мэдүүлэг" тэмдэглэлийн тэргүүн бүлгийг сонсголоо. Бэлтгэж хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба.