|
|
(GMT+08:00)
2008-05-14 20:32:16
|
|
Найрсаг харилцаа
Хятадын Олон Улсын Радио
Сүүлийн жилүүдэд Монгол Хятадын соёл, урлагийн төлөөлөгчид, биеийн тамирын баг, оюутан, мэргэжил дээшлүүлэгчид, багш харилцан солилцох, төрөл бүрийн үзэсгэлэн, кино үзвэр зохион байгуулах, олон нийтийн болон уран бүтээлчдийн нийгэмлэг, холбоодын шугамаар харилцаа тогтоож хамтран ажиллах, жуулчид солилцох, ах дүү төрөл садангаа эргэж тойрох, байгалийн гамшиг, бэрхшээл тохиолдсон үед сэтгэл санааны болон эд материалын тусламж харилцан үзүүлэх зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллаж байна. Соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах салбар, ШУА–ийн хооронд хамтран ажиллах хэлэлцээр, төлөвлөгөө байгуулагдсан. Соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээртэй. Хоёр улсын хоорондын соёлын харилцаа нь санхүү, эдийн засгийн болон хэлний зэрэг бэрхшээлээс болж одоохондоо хязгаарлагдмал хүрээнд явж ирсэн боловч цаашид өргөтгөх нөөц бололцоо бий. 2004 оны 4 дүгээр сард БНХАУ-ын соёлын өдрүүдийг анх удаа Монголд, 2005 оны 4 дүгээр сард Монголын соёлын өдрүүдийг Бээжин, Тяньжин хотуудад амжилттай зохион явуулав. 2005 оны 9 дүгээр сарын 20-24-ны өдрүүдэд БНХАУ –ын Шэнъян хотноо болсон "Зүүн хойд Азийн өндөр технологи" -2005" үзэсгэлэнд Монгол Улсын БСШУЯ-ны дэд сайд С.Төмөр-Очир оролцох үеэрээ Хятадын ШУТЯ-ны дэд сайдтай уулзаж, хоёр яам шинжлэх ухаан, технологийн салбарт 2006-2010 онд хамтран ажиллах хөтөлбөрийн төсөл гардуулсан. Боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу жилд Монголын 100 оюутан, 80 мэргэжил дээшлүүлэгч, нийтдээ 180 хүн Хятадын талын зардлаар Хятадад суралцаж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны айлчлалын үеэр оюутны тоог 40-өөр нэмэгдүүлсэн. Мөн 2005 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч У И манай улсад айлчлах үеэр ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэтгэлгээр жилд 100 оюутан хүлээн авч суралцуулахаар тохиролцсоны дагуу энэ жилээс эхлэн нийт 320 оюутан, мэргэжил дээшлүүлэгчид Хятадын талын зардлаар суралцана. Монголын оюутнууд хятад хэл, эдийн засаг, хууль, хүн эмнэлэг, урлагийн чиглэлээр Бээжин, Шанхай, Чанчунь, Тяньжин, Шэньян зэрэг хотуудад суралцаж байна. Монгол Улс ч хятадын тодорхой тооны хүмүүсийг Монголд өөрийн зардлаар сургаж байна. Аялал жуулчлалын салбарт гэхэд БНХАУ Монгол Улсыг Хятадын жуулчид өөрийн зардлаар жуулчлах орны жагсаалтад оруулсан нь аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлд гарч байгаа нааштай хандлагын эхлэл юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд иргэд харилцан зорчих явдал эрс нэмэгдэж байна. Жилд дунджаар Монгол улсын 350000-370000, БНХАУ-ын 60000-70000 иргэд харилцан зорчиж байгаа бөгөөд цаашид ч нэлээд нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн иргэдтэй холбогдсон асуудал ч цөөнгүй гарч байна. Эдгээр асуудлыг хоёр орны хооронд байгуулсан Консулын конвенци, Иргэний болон эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр, Иргэд харилцан зорчих журмын тухай хэлэлцээр зэрэг баримт бичгийн үндсэн дээр шийдвэрлэж ирэв. Одоо хоёр орны хооронд дипломат, албан, албаны зориулалттай энгийн паспорт бүхий иргэд визгүй зорчиж байна. Улаанбаатар–Бээжингийн хооронд МИАТ компани 1987 оноос, Хятадын Air China компани 1991 оноос, Улаанбаатар–Хөх хотын хооронд "МИАТ", Aero Mongolia компани 1992 оноос тогтмол нислэг хийж байна. Улаанбаатар–Бээжин, Улаанбаатар–Хөх хотын хооронд суудлын галт тэрэг тогтмол явж байна. Зорчигчдын тоо эрс өсөж байгаатай уялдуулан Улаанбаатар-Бээжингийн хооронд зуны улиралд нэмэгдэл галт тэрэг аялуулахаар хоёр тал 2003 онд тохиролцон хэрэгжүүлж байгаа болно. Замын Үүд–Эрээн хотын хооронд зорчигч тээврийн автобусны байнгын үйлчилгээг 1992 оноос нээжээ.
|
|
|