Хятад улсын дарга Хү Жиньтаогийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Лее Мун Бак 5-р сарын 27 – 30-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийх гэж байна. Хятадад айлчлахаасаа өмнөхөн тэрээр Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгч, Хятад улстай найрсаг харилцаагаа цаашид бэхжүүлэн хөгжүүлж, зүүн хойд Азийн болон дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулахад БНСУ бэлэн байна гэж илэрхийлжээ.
Лее Мун Бак эн тэргүүнд Хятадын Сычуаний газар хөдлөлтийн гамшигт анхаарал халамж хандуулж байгаагаа Хятадын удирдах хүмүүс болон ард түмэнд хандан дахин илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ,
Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах тэмцэлд Хятадын удирдагчид хүчирхэг их удирдах хүчин чадлаа харуулж, Хятадын ард түмэн агуу их эв санааны нэгдлээ харуулж, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн байна. Хятад улс гамшгаас авран туслах ажилдаа лавтай ялалт байгуулж, гэр орноо лавтай дахин байгуулж чадна гэдэгт би итгэж байна гэжээ.
Хятад улсад хийх айчлалынхаа тухай тэрээр хэлэхдээ, би Хятад улсад олон удаа айлчилж байсан. Гэвч Ерөнхийлөгчийн хувьд анх удаа айчлах гэж байгаа учраас энэ айлчлал алс гүн ач холбогдолтой юм. Би дарга Хү Жиньтаотай хэлэлцээ хийж, мөн бусад удирдах хүмүүстэй уулзалт хийж, хоёр орны найрсаг харилцааг цаашид бэхжүүлэн хөгжүүлж, хоёр орон хоорондын хамтын ажиллагааны механизмийг эрчимжүүлэхэд тус дөхөм үзүүлэн, харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо солилцох болно гэжээ.
Хоёр орны харилцааг цаашид дээшлүүлэн хөгжүүлэх талаар Лее Мун Бак хэлэхдээ, 19-р зуун, 20-р зууны улс хоорондын харилцааны үндэс суурь нь холбоо байгуулах явдал байлаа, 21-р зуунд орсноос хойших улс хоорондын харилцаанд хамгийн гол нь бие биеэ харилцан нөхөх, харилцан ашигтай байх эдийн засгийн харилцаа болсон байна. Манай хоёр орон бол ойр хөрш, хоёр орны харилцааг дээшлүүлэн хөгжүүлэх нь хоёр ард түмний хамтын эрэл хүсэл мөн. Хоёр орны соёл их төсөөтэй боловч үг хэл, хоол ундны заншил зэрэг талаар мөн маш их зөрөөтэй. Хоёр ард түмэн болон хүүхэд залуучууд хоорондын харилцааг цаашид эрчимжүүлэх нь бие биеийн ойлголцолгыг нэмэгдүүлэхэд маш чухал юм гэжээ. Хоёр орны удирдах хүмүүс байнга уулзаж, хоёр талын харилцааны хөгжил болон олон улсын үйл хэрэгт холбогдуулан зөвшилцөн хамтран ажиллахыг хүсч байна гэж тэрээр хэлэв.
БНСУ болон Хятадын харилцааг цаашид хөгжүүлэх нь хоёр орон, хоёр ард түмэн тэрчлэн бүс нутгийн энх тайвны хөгжилд ямар шуу ач холбогдолтой байх тухай Лее Мун Бак хэлэхдээ, Хятад улс Зургаан талт хэлэлцээ болон Солонгосын хойг тэрчлэн зүүн хойд Азийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах талаар туйлын чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Солонгосын хойгийн өмнөд хойд хоёр талын эвлэрэл зохицол, энх тайван тэрчлэн энх тайван нэгдлийн асуудлаар Хятад улсын гүйцэтгэсэн үүрэг ч асар их юм. Хятад улстай өргөн хүрээнд хамтран ажиллахад БНСУ бэлэн байна гэжээ.
Лее Мун Бок удалгүй болох Бээжингийн олимпийн наадамд маш их анхаарлаа хандуулж байна. Бээжингийн олимпийн наадам лавтай бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт тэрээр итгэж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр хэлэхдээ, Олимпийн наадмыг зохион байгуулах нь хөгжиж байгаа орны хувьд маш чухал юм. Өөрийн орны үнэн дүр төрхийг дэлхий нийтийн өмнө харуулах төдийгүй, дотоодын олон салбарын хөгжлийг дайчлан, олон улсын түвшинд хүргэх болно. Бээжингийн олимпийн наадам нь олимпийн наадмын түүхэн дэх цар хэмжээгээр хамгийн их, баялаг агуулгатай наадам болж, Бээжингийн олимпийн наадам лавтай бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт бид итгэж байна гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|