Дэлхийн үр тарианы аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний хурал 3-ны өдөр НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Ром дахь төв байранд эхэлсэн байна. Бүх дэлхийн үр тарианы үнэ ихээхэн өсч байгаа явдалд энэ хуралд оролцсон олон улсын хамтын нийгэмлэгийнхэн маш их анхаарал хандуулж байна.
Энэ хурал нь "Цаг агаарын өөрчлөлт болон био-эрчим хүчний өрсөлдөөн" уриан дор болж байгаа юм. Хуралд оролцсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нээлтийн ёслол дээр гол сэдвээр үг хэлсэн байна. Тэр хэлэхдээ:
"Либерийн хүн ард уул нь уутаар цагаан будаа худалдан авч байсан бол, одоо зөвхөн цомоор худалдан авч байгааг би саяхан харлаа. Зэвсэгт мөргөлдөөн нь саяхан дуусаад ардчиллын байгуулалт хийж байгаа Кот-дивуарын удирдах хүмүүс надад хэлэхдээ, үр тарианы асуудлаар гарсан үймээн нь сэргээн босголтын хүчин чармайлтыг үр дүнгүй болгож мэднэ гэж маш их сэтгэл түгшиж гэж байсан. Афганистан, Гаити, Либери зэрэг сүүлийн жилүүдэд НҮБ-ын тусламжаар хөгжиж байгаа улс орнуудад энэ байдал дахин гарч мэднэ гэж маш сэтгэл түгшиж байна" гэжээ.
НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын бүртгэлээс үзвэл, бүх дэлхийн үр тарианы үнэ ханш 2006 оноос эхлэн байнга өсч, уг байгууллагын хийсэн бүх бөмбөрцгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ ханшны үзүүлэлт нь 2007 онд 24%-иар, энэ оны эхний 3 сард 53%-иар өссөн байна. Хүн амын аяндаан өсөхийг дагалдан, үр тарианы эрэлт хэрэгцээ ч нэмэгдэх болно. НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын ерөнхий захирал Жак Диуф хэлэхдээ:
"Бүх дэлхийн хүн ам өнөө 6 тэрбумд хүрээд байна. 2050 он гэхэд 9 тэрбумд хүрнэ. Ийм олон хүнийг хүнсээр хангахын тулд, бид эрхбиш дэлхийн үр тарианы ургацыг өнөөгийн үндсэн дээр, 2 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байна" гэжээ.
Дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулах нь одоо олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч байгаа хамгийн том асуудал болоод байна. Үүнээс гадна, био-эрчим хүчийг хөгжүүлэх явдал нь үр тарианы аюулгүй байдалд нөлөөлөх асуудал ч энэ хурлын хамгийн их маргаантай асуудал болж байна.
Үр тарианы аюулгүй байдалд тулгарч байгаа өрсөлдөөн сорилтыг хэрхэн зохицуулахтай холбогдуулан, хуралд оролцогсод өөр өөрийн саналаа дэвшүүлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэлэхдээ, эн тэргүүнд бид үр тарианы өсөлтийн нөлөөнд хялбархан өртөх хүмүүст эрхбиш тусалж, үр тариа олох хүчин чадлыг нь дээшлүүлж, нэн даруй арга хэмжэээ авч, тэдэнд үр тариа нэн хялбар олгох хэрэгтэй. Хоёрт, урт хугацаа зохицох хүчин чадлыг нь эрхбиш дээшлүүлж, манай гаригийн үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулахаар чармайн ажиллах хэрэгтэй гэжээ.
Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны сайд Сүнь Жэнцай олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулах талаар 5 зүйлт санал дэвшүүлжээ.
"1-д, улс түмэн хөдөө аж ахуй болон үр тарианы үйлдвэрлэлийг улам чухалд үзэх ёстой. 2-т, хөдөө аж ахуй болон үр тарианы талаар олон улсын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх ёстой. 3-т, шинжлэх ухаанчаар био-эрчим хүчний аж үйлдвэрийн хөгжлийг удирдан, үр тарианы аюулгүй байдлыг тэргүүн байранд тавихыг баримтлах хэрэгтэй. 4-т, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөгжсөн улс орнууд бохир бодис гаргалтыг багасгах үүргээ чанд хэрэгжүүлж, хөгжиж байгаа улс орнуудад идэвхтэй тусалж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах хүчин чадлыг нь дээшлүүлэх ёстой. Хөгжиж байгаа улс орнууд ч идэвхтэй хөтлөлцөх ёстой. 5-д, үр тариа зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний олон улсын худалдааны орчин ахуйг цаашид сайжруулж, худалдааны шударга, зүй зохистой дэг журам тогтоох ёстой. Улс орнууд ялангуяа хөгжсөн улс орнууд Дохагийн хэлэлцээний үйл явцыг хамгийн үнэнчээр түргэтгэж, хамтын ажиллагаа хамтад үр өгөөжтэй байхыг биелүүлэхээр чармайх ёстой" гэж тэр тэмдэглэжээ. \Пэрлаймаа, Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|